Ажлын өдөр, ажлын цаг дуусаагүй байхад “Да хүрээ” зах хөл хөдөлгөөн ихтэй. Галын хор, ослын тэмдэг, эмийн сан барьсан иргэд хаа сайгүй холхино.

 

Энэ дүр зураг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Авто тээврийн тухай хууль, Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага стандартын хэрэгжилтийг хангуулахаар болсонтой холбоотой аж. Товчхондоо өчигдрөөс эхлэн энэ сарын сүүлийн өдөр хүртэл бүх автомашиныг шалгах журам гаргасан.

 

Ийм учраас цагийг нь дөхүүлж бужигнадаг монгол араншингаа харуулж буй нь энэ аж. Хэрэв автомашины шалгалтаар дагалдах хэрэгсэл дутуу байвал мөнгөн торгууль ногдуулна. Иймээс л жолоочид сая нэг юм “ухаан” оржээ. Үнийн хувьд ослын гурвалжин тэмдэг 2500 төгрөгөөс дээш үнэтэй байгаа бол жижиг хэмжээтэй галын хорыг 5000 төгрөгөөр борлуулж байна. Харин эмийн сангийн хуванцар сав 3500 төгрөгөөс дээш үнэтэй бол эм, бэлдмэлийг нь хийж бэлтгэсэн даавуун сав 5000­6000 төгрөгийн үнэтэй байна. Тус захын хамгийн эрэлт ихтэй бараа өчигдрийн хувьд дээрх дагалдах хэрэгслүүд юм.

 

Харин “Да хүрээ” захын задгай талбайд худалдаалах автомашины тоо өмнөх сараас буюу улсын баяр наадмын өмнөх үетэй харьцуулахад буурсан шинжтэй. Үүнийг ченжүүд иргэдийн худалдан авах чадвартай холбон тайлбарлаж байна. Архангай аймгаас гаралтай Д.Мөнхбаяр гэх эр “Наадмаас өмнө борлуулалт сайн байсан. Би сүүлийн гурван жил энэ захад зогсч байна. Энэ хугацаанд өнгөрсөн наадмын хэмжээнд машин борлуулж байсангүй” хэмээн ярив.

 

Тэрбээр наадмаас өмнө Япон улсаас оруулж ирсэн машинаа бүгдийг нь дуусгасан гэнэ. Харин наадмаас хойш автомашины борлуулалт эрс саарчээ. Үүнийг ченжүүд цөөн хэдэн тодорхой шалтгаанаар тайлбарлаж буй. Тухайлбал, С.Дагва “Он гараад гаалийн татвар нэмэгдсэн. Энэ нь автомашины үнэ өсөх суурь шалтгаан болж өгсөн. Түүнчлэн валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж өнгөрсөн сараас дунджаар сая төгрөгөөр өсөөд байна” гэж ярив.

 

Мэдээж өнгө, үйлдвэрлэсэн он зэргээс шалтгаалж өөр ханштай. Тодруулбал цагаан, саарал хоёроос өөр өнгөтэй автомашин он, тоноглол, нэмэлт хэрэгсэл зэрэг нь адил ч өндөр үнэтэй. Нэмэгдэл нь дунджаар 500 мянган төгрөг байгаа нь сонин. Жишээлбэл, иргэн Дорж 2007 онд үйлдвэрлэсэн нэмэлт тоноглолтой “Приус 20” маркийн цагаан өнгөтэй автомашин худалдаж авахад дунджаар 11.5 сая төгрөг төлөх бол хар өнгийн “Приус” сонгоход 12.5 сая төгрөг болж, багаар бодоход нэг сая төгрөгийн зөрүү гарахаар харагдаж байна.

 

Тэгвэл өнгөрсөн зургаадугаар сарын сүүлч, долоодугаар сарын эхээр 2004 оны “Приус 20” маркийн машин 7.5­8 сая төгрөгтэй байжээ. Харин өчигдөр тус зах дээр борлуулж буй 2003 оны энгийн “Pruis 20” машиныг “Бэлэн мөнгөөр авбал 8.8 саяас бага зэрэг яриад өнгө” хэмээн дуугарав. Хэрэв, арилжааны банкуудын лизенгийн үйлчилгээнд хамрагдвал 8.8 саяас буухгүй нь. 2005 оны тоёота “Alphard” яг одоо “Да хүрээ” худалдааны төвд 14.2 сая төгрөгийн үнэтэй байна. Харин улсын баяр наадмаас өмнө энэ үнэ сая төгрөгөөр дутуу байжээ.

 

Ийнхүү автомашины дундаж үнэ ганцхан сарын дотор 1.5 сая төгрөгөөр нэмэгдэв. Үүнийг дагаж худалдан авалт буурсан үзүүлэлттэй. Хойшид ч богино хугацаанд “Үнэ буурах төлөвгүй” гэдгийг ченжүүд өгүүлж байна. Тэдний ярьж буйгаар энэ захаас хамгийн их “гардаг” автомашин бол “Приус” гэнэ. Учир нь хос тэжээлтэй буюу цахилгаан болон шатахуун хэрэглээ хосолмол тул санхүүгийн хувьд хэмнэлттэй гэж иргэд үздэг байна.

 

Энэ автомашины борлуулалт өндөртэй байдаг шалтгаан ердөө энэ. Товчхондоо 2003 ­2009 оны “Приус” 9-­12 сая төгрөгийн үнэтэй. Ченж Г.Даваа “Бүх төрлийн автомашины үнэ огцом өссөн. Приусээс одоо онцгой албан татвар авдаг болох тухай дуулдаад байгаа. Цахилгаан гэдэг утгаар татвар авдаггүй байсан юм. Хэрэв энэ хууль батлагдвал машины үнэ улам өснө” гэв. Тэгвэл өчигдрийн байдлаар Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 2231 төгрөгтэй тэнцэж байна.

 

Төгрөгийн ханш ийнхүү нэг сарын турш уруудсан нь 1993 оноос хойш гарсан хамгийн доод үзүүлэлт юм. Энэ сард төгрөгийн ханш 7.8 хувиар унаж, улмаар дэлхийн 154 гаруй валютаас хамгийн их ханш нь унасан валют болсон тухай “Блүүмберг” мэдээлээд байгаа. Эдийн засагчид ч он гартал төгрөгийн ханш “өндийхгүй” гэсэн таамаглалтай. Үүнээс улбаалж автомашины үнэ ч ойрын хугацаанд хямдрахгүй гэсэн үндсэн ойлголтод ч хүрч болохоор байгаа юм.

 

Д.Булган