Эрхэм гишүүдийн танаж болох зардлын талаар үргэлжлүүлэн хүргэе. 2016 оны долдугаар сарын 28-нд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, нягтлан бодогч Л.Хосбаяр нарын гарын үсэг бүхий 32 223 571 төгрөгийн зардал гаргасны гүйлгээ хийжээ.

Энэ нь УИХ-ын гишүүдийн зургаа, долдугаар сарын унааны зардал гэнэ. Задалбал, дээрх мөнгөний 5.953.000 төгрөг нь шуудан, холбоо, интернетийн төлбөр, 26.270.571 төгрөг нь тээвэр, шатахууны зардал ажээ. Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хамтран ажиллах гэрээний төлбөрт “Эрдэм арвай пиар” НҮТББ руу 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр 8.700.000 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Додугаар сарын 21-ний өдөр Сонгуулийн дүнгээр ажлаас чөлөөлөгдөх хүмүүсийн нөхөн олговорт олгохоор 23.431.460 төгрөгийг гаргажээ. Долдугаар сарын унааны зардал гэсэн утгаар долдугаар сарын 28-ны өдөр 11.652.692 төгрөгийг Засгийн газрын Автобааз руу шилжүүлсэн байна. Мөн өдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон 438 тоот захирамж гарган УИХ-ын гишүүний энгэрийн /далбаатай/ тэмдэгний үнэ 1.800.000 төгрөгийг энэ оны урсгал төсвийн зохих зардлаас гаргахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэстээ даалгасан байна.

Түүнчлэн Ц.Цолмон дарга 2016 оны долдугаар сарын 25-ны 419 тоот захирамжаараа “...УИХ-ын 2016 оны долдугаар сарын 22-ны өдрийн чуулганы хуралдаан ажлын цагаас сунаж хуралдсан тул УИХ-ын гишүүд болон Тамгын газрын тухайн үед ажилласан хэлтэс, алба, төвийн ажилтнуудад зориулж Төр, засгийн амралт үйлчилгээний цогцолбороос захиалсан хоолны төлбөр 1.425.000 төгрөгийг урсгал төсвийн зохих зардлаас гаргахыг зөвшөөрсүгэй” гэжээ. Дээр дурдсан захирамж, гүйлгээний баримтууд хэмнэж болох зардлуудын цөөхөн хэд нь юм. Тиймээс энэ мэт төсвийг өөрсдөөсөө эхлээд хэмнээч хэмээн эрхэм гишүүдэд дахин уриалъя.