Сайхан хайр гэж байдаг олдвол алдаж болохгүй гэдэг. Надад тийм хайр байсан. Байсан гэдгийг алдсаныхаа дараа л мэддэг юм байна. Цаг хугацаа урсан одож, эргээд санахад түүнтэй хамт байсан бүхий л цаг хугацаанд хязгааргүй ихээр татагдаж эхэллээ.

Хүүхэд нас юм даа... Мэдээж цаг хугацааг ухраах ямар ч боломжгүй. Тэгээд ч тэрдээд одсон зүйлс дахин эргэж ирэх нь юу л бол. Гэхдээ л надад ийм сайхан хайр байсан юм аа гэдгийг бусадтай хуваалцах нь зүйтэй болов уу гэж бодлоо. Хайрын түүх бүр л адил эхлэлтэй байдаг. Минийх ч бас түүнийг анх олж харахаас л эхэлсэн. Энгийн гэвч хэтэрхий тансаг ертөнц миний өмнө зогсож байсан юм. Түүнтэй харц тулгарахаас зүрхшээх мөртлөө нэг л мэдэхэд таг гөлрөөд зогсчихдог байлаа. Нэг их зүйл боддоггүй байсан зүгээр түүнтэй танилцаж, хааяа ч болов гадуур зугаалах юмсан л гэж бодогдоно.

Харин хувь тавилан намайг шагнаж, түүнтэй минь хамт мартагдахааргүй гурван сарыг бэлэглэсэн юм. Энд нас бие гүйцсэн харилцаа бус хүүхэд насны гэнэн үерхэлийн тухай бичиж байгааг ойлгоорой. Түүнд тэврүүлэх, түүнд үнсүүлэх хамгийн дээд мэдрэмж... Гэхдээ л эхлэлтэй бас төгсгөлтэй байв. Баяртай... салья ч гэж хэлэлгүйгээр зүгээр л зөрөөд алхачихсан. Энэ салалт үнэхээр хатуудсан. Зүрх ганцаардаж, сэтгэл эзгүйрээд түүнийг мартаж чадахгүй хэтэрхий олон жил шаналсан. Тэр ч бас надад ийм хариултыг өгсөн.

Учир нь бид олон жилийн дараа дахин тааралдсан юм. Хүүхэд насны бүхий л сайхан үеүүд буцаад л нисээд ирсэн юм шиг. Дэндүү сайхан байсан болохоор би бусдыг түр мартчихсан байж билээ. Одоо бодоход сэрмээргүй тийм л сайхан зүүд байлаа. Ердөө гуравхан өдөр л түүнтэй хамт байв. Яг л хүүхдүүд шиг гадуур зугаалж, элдэвийг ярьж, яагаад чив чимээгүй салж одсон тухайгаа хуучлав. Дэндүү их санасан одоо ч бие биенээ хайрлаж явдагаа хүртэл хэлж амжсан юм. Гэвч энэ бүхэн өнгөрсөнтэйгөө үлдэх ёстой биз. Түүний одоо цагт миний багтах зай байхгүйг сонсох хүртлээ өнгөрсөнийг ирээдүй болгохыг хүсч байлаа. Даанч тийм зүйл болохгүй.

Учир нь тэр одоо амьдралтай. Сайхан ханьтай, хөөрхөн хүүтэй. Хүүгийнхээ тухай ярих бүрт аз жаргал цацарч байгаа ийм хүнийг би яаж ч өнгөрсөн рүү нь дуудах билээ. Надад тийм зориг, тийм хүн чанар даанч алга. Чи надад хайртай л юм бол хүрээд ирээч гээд хэлчихмээр, хэлж ч үзсэн... Даанч чиний аз жаргал мэдэрч буй энэ амьдрал чинь там болж хувирах вий гэхээс л би дэндүү их айсан, амьдралаа л авар гэдгийг дахин дахин нуршсаар салж одсон. Тиймээ салж чадамгүй сайхан хайр гэж байдаг. Гэхдээ аливаа зүйлс эхлэлтэй бас төгсгөлтэй... Тиймээс чамайг сайхан амьдралтай чинь үлдээгээд аз жаргал хүсээд явах нь зүйтэй биз. Олон ч жил санаж, шаналлаа даа. Ингэх бүртээ ганц удаа ч болов миний буруу гээд хэлчиж чадалгүй явсандаа одоо л харамсч сууна. Чи минь сайхан амьдрах ёстой. Би юу... Би яах вээ. Удахгүй сайн ханьтай учрах л байх. “Би өөр хүнд сайн” гэж худлаа хэлж чамайг явуулсан тэр өдрийг л огт байхгүй болгож болдоггүй л юм бол чиний сайхан амьдралд хар толбо болохыг хүсэхгүй байна. Дэлхий ямар өнөөдрөөс төгсч байгаа биш. Гэхдээ чи наддаа ганцхан... Хүүгээ, эхнэрээ хайрлаж яваарай... Би чамайг мартахгүй... Маш их хайртай... Гэхдээ л босгож буй амьдралыг чинь сүйтгэх тийм араатан би биш ээ. Олон жил алсаас чамайг мөрөөдөж амьдарлаа. Цаашид ч тэгэж амьдрахад нэг их хүндрэл байхгүй биз. Дахин уулзсан учрал минь ханашгүй, салмааргүй байсныг нуугаад яах вэ. Чи минь яг л багынх шиг ээ нүдээрээ хайр татам инээсээр л ... Надад хайртай шүү гэж дахин дахин давтаж хэлж байсан ч эхнэрээ хуураагүй тийм л мундаг залуу. Амьдралд хүн бүр азтай байдаггүй. Харин чиний минь эхнэр дэндүү азтай бүсгүй юм аа. Битүүхэн атаархал төрж байна. Сайхан бүсгүй чамайг минь хайрлаж байгаа болохоор бидний багын дурлал сайхан дурсамж болоод л үлдэх байлгүй дээ.

Баяртай хайрт минь дахиж мессеж бичиж чамайг зовоохгүй. Надад хайртай л юм бол түүнийгээ батла. Сайхан амьдарч, бусдыг атаархуул. Би ч бас чамайг сонгосон бол ийм амьдралыг туулах байжээ гэж алсаас харж, ахаархаж, сайн сайхныг ерөөж сууя. Бороо орж байна. Чи минь бороонд дуртай. Борооноор гэрт ирчихээд явахад чинь өөрийн мэдэлгүй гарч гүйгээд араас чинь тэвэрч зогсож байснаа яг энэ үед бодож сууна.

Хэрвээ Монголд бороо орж байгаа бол чи ч бас энэ үеийг санаж байгаа байлгүй. Дахиад л араас чинь гүйж очоод тэвэрмээр байна. Хэзээ ч явуулахгүйгээр... Гэхдээ л тэр үе өнгөрсөнд үлдсээн. Баяртай хайрт минь...