Засгийн газар хагас сарын өмнө Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барьсан билээ.
Сангийн яамнаас өргөн барьсан төсвийн тодотголд найман төрлийн татварыг нэмэх асуудлыг тусгасан хэдий ч УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан үйлдлээ эргэн харж, "Бүх төрлийн татварыг нэмэхгүй, цалин хасахгүй" байх улс төрийн шийдвэрийг гаргасан юм. Хэдийгээр тэд татвар нэмж, цалин хасахгүй гэдгээ мэдэгдсэн ч эцсийн шийдвэрийг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэнэ.
Тэгвэл өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Сангийн сайдын өргөн барьсан 2016 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тодруулбал, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. Тус тогтоолын төслийн Ажлын хэсгийг ахалж Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажиллажээ. Гишүүдийн зүгээс төсвийн тодотгол гэхээсээ илүүтэй сүүийн үед хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ болж ярианы гол сэдэв, бай болоод байгаа Сангийн сайдад хандаж "ухаарал"-ын үгийг дайж байгаа харагдав. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Батзандан нар Сангийн сайдаас асуулт асуух гэхээсээ илүүтэй санал хэлж, зөвлөж байсан юм.
Ингээд УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр хоёр гишүүн Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хандаж ямар "сургаал" айлдсаныг тоймлон хүргэж байна.

“ЧойжОО сайд том биетэй хэрнээ зҮрх нь дутаад байна”

Ж.Батзандан: Орлого буурчихсан үед зарлагыг бууруулахаас өөр аргагүй. Тэгэхээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны Ажлын хэсэг ярилцаж байгаад 2016 оны төсвийн тодотголд үндэслэлгүй суулгасан зардлыг хассан гэж харж байна. Мөн хямарлын үед орлогоо нэмэх бодлогыг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Энэ тал дээр Ц.Даваасүрэн гишүүн их тодорхой санал хэлж байна. Өөрөөр хэлбэл, "Оюу толгой", "Эрдэнэт" үйлдвэр зэрэгтэй холбоотой асуудлыг хөндөж байна. Энэ их баян ордтой ард түмнийг ядуу амьдруулна гэдэг хэцүү. "Оюу толгой" гэдэг компаниас татвараа авч чадахгүй л ядарчихаад байгаа улс шүү дээ. Би Б.Чойжилсүрэн сайдад хэлсэн. Өмнөх Засгийн газар чинь "Оюу толгой" компанийн өмнө гараа өргөж, модоо барьчихсан байсан, энэхүү алдааг засаарай гэж. Харамсалтай нь, Б.Чойжилсүрэн сайд том биетэй хэрнээ зүрх нь дутаад байх юм.

Б.Чойжилсүрэн: Ж.Батзандан гишүүний үгийг асуулт гэхээсээ илүү санал гэж ойлголоо.

Ж.Батзандан: Зүгээр л "Оюу толгой"-тойгоо шууд ярь. Энэ улс орон эдийн засаг, төсвийн хувьд хүндрэлтэй байдалд орчихоод байгаа учраас томоохон аж ахуйн нэгжүүдтэйгээ ярьж, хамтын хүчээр хямралаас гарах хэрэгтэй. Тэрнээс биш жирийн иргэдийнхээ халаас руу өнгийж татвар нэмэх замаар төсвийн цоорхойгоо нөхөх гэж байгаа нь үнэхээр ядарсан арга. Ядуугаа л дээрэлхэж байна гэсэн үг шүү дээ. Түүний оронд задарснаа дээрэлхээч, Б.Чойжилсүрэн сайд аа. Тэр задарсан компаниудаасаа татвар ав. Задарсан нөхөдтэйгээ одоо илэн далангүй ярь. Та нар эдийн засгийн өсөлтийн үед задарсан байж, одоо хямралын үед Монголын засаг, төр болон ард түмэнд туслаач ээ гэж ний нуугүй ярь. Ер нь, хямралаас гарсан дэлхийн улс, орны жишгийг харахад томоохон аж ахуйн нэгжүүдийнхээ дэм, дэмжлэгээр л гарсан байдаг. Үүнийг онцгой анхаарах хэрэгтэй.

Б.Чойжилсүрэн: Энэ "Оюу толгой"-н гэрээ анх 2009 онд батлагдсан. Тухайн үед эсрэг саналтай байсан 12 гишүүний нэг нь би. Бид харилцан ашигтай, чинээндээ тулсан ашгийг хүртэх ёстой. Өнөөдөр энэ бүхнийгээ авч чадахгүй байгаа нь үнэн. Дубайн гэрээгээр хоёр орчим тэрбум ам.долларын хэтрэлтийг Монгол Улсын Засгийн газар баталгаажуулсныг мэдэж байгаа байх. Иймэрхүү зүйлүүд бий.

Ж.Батзандан: Бид Матадын нутаг, Мэнэнгийн талд нэг дийлддэггүй том толгойтой газрын тосны компанитай болсон. Экологийн төлбөрөө авах л юм бол төсвийн цоорхойгоо нөхөх бүрэн боломжтой. Монгол Улсын маань экологийг 10 гаруй ажил сүйтгэлээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ яг хуулийн дагуу хэрэгжүүлж чадвал асар их орлогыг тэндээс олох бүрэн боломжтой. Дээр нь "Эрдэнэт" үйлдвэрийнхээ 49 хувийн асуудлыг шийд. Засгийн газрын хууль бус тогтоол гараад 49 хувь чинь 27 настай нэг хүүхдэд шилжчихсэн байгаа. Үүнийгээ Засгийн газар нэг тийш нь болгож, хулгайн үйлдлийг нь зогсоож, "Эрдэнэт" үйлдвэрээ 100 хувь эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Хэрэв ингэхийн бол төсвийн цоорхой битгий хэл Монгол Улсыг тэжээх баялаг тэнд бий. Хоёр сарын өмнө Ажлын хэсэг байгуулсан л гэсэн, танай Засгийн газар. Өнөөдөр хүртэл тэрхүү Ажлын хэсэг чинь дүгнэлтээ гаргадаггүй ээ. Тиймээс энэ ажлаа хурдан дуусгаж, хулгайг зогсоо. "Цагаан суварга", "Эрдэнэт", "Оюу толгой"-д зэс баяжуулах үйлдвэрийг байгуулна гэж олон жил ярилаа. Энэ мэтчилэн нөөц, бололцоогоо бүрэн ашиглах юм бол төсвийн алдагдлаа нөхөх бүрэн боломж харагдаж байна. Дээр нь Ажлын хэсгийн санал гарч ирж байгаа юм байна. Үүгээр санал хураалт явах байх. Түүнчлэн гишүүдийн гаргасан санал бий. Энэ бүхнийг ерөнхийд нь харж төсвийн тодотголын суурь үзүүлэлттэйгээ санал хураалт нь нийцэж байгаа биз дээ.

Б.Чойжилсүрэн: Энэ компаниудтай харилцан ойлголцож, хүнд хэцүү цаг үед туслах ёстой гэдэг таны саналыг дэмжиж байна. Та ч бас УИХ-ын гишүүн хүн дэмжлэг үзүүлээрэй. Бид ч энэ компаниудтай тодорхой хэмжээнд харилцан ойлголцохыг зэрэгцээ харилцан ашигтай байх замыг эрэлхийлж, санал хүргүүлнэ.

Ж.Батзандан: Зэс боловсруулах болон газрын тос боловсруулах үйлдвэрийн онцгой эрхээр л 200-300 сая ам.доллар босгох бүрэн боломжтой шүү. Монгол Улс хямарсан. Гэхдээ хямрал гэдэг бол нөгөө талаасаа асар их боломж. Гадаадын том банкиудтай ил тод, нээлттэй ярь. Зүгээр л онцгой арга хэмжээ ав, Б.Чойжилсүрэн сайд аа. Зоригтой, онцгой арга хэмжээгээр л хямралыг туулна уу гэхээс ердийн арга хэрэгслээр давах ямар ч боломжгүй. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс танай Засгийн газраас бид онцгой арга хэмжээг л хүсч байна.

Б.Чойжилсүрэн: Ж.Батзандан гишүүндээ баярлалаа. Онцгой, хүнд нөхцөл байдал үүсчихсэн учраас онцгой арга хэмжээ авах нь зөв, санал нэг байна. Иймэрхүү санал дэвшүүлээд оруулж ирэхэд минь дэмжээд өгөөрэй.

“Татвар бус татвар тӨлӨгЧийнхӨӨ тоог нэмэх нь зӨв”

Ц.Даваасүрэн: Хэлэлцүүлгийн явцад татвар нэмэх нь оновчгүй гэж үзсэн. Улмаар татвар төлөгчийнхөө тоог нэмэхээр болсон гэж ойлгож байна. Тэр нь ч зөв л дөө. Жишээлбэл, татварыг нэмэх аваас ямар ч хүн бизнесийнхээ үйл ажиллагааг тэлэхгүй. Учир нь, төлөх татвар нь ихэснэ. Гэхдээ төсвийн алдагдал өндөр бий. Үүн дээр заавал Хөгжлийн банк болон аж ахуйн нэгж нь банкиудтайгаа гэрээ байгуулж, төлөөд явчих төслийг оруулж ирэх шаардлага байхгүй. Тиймээс үүнийг хасах нь зөв гэж бодож байна.

Б.Чойжилсүрэн: Үнэнийг хэлэхэд би Ц.Даваасүрэн гишүүнтэй адилхан байр суурьтай байсан.

Ц.Даваасүрэн: Орлогыг нэмэх чиглэлээр нефт бүтээгдэхүүн дээр бид НӨАТ-ын төлбөр авах хуулийг хийсэн. Үүнийг яагаад авахгүй байна вэ. Нефт бүтээгдэхүүн дээр авах бололцоог шинэ гарсан хууль дээр хөндөж болохгүй юм уу. Шинэ хуулиараа бол авахаар болсон шүү дээ. Бүхий л бололцоогоо харах хэрэгтэй. Алтны татварыг алдчихдаа. Уг нь, үүнийг нэмэх нь зөв байх.
Онцгой албан татварыг нэмж оруулж ирсэн. Гэхдээ архи, спирт, тамхи дээр өнгөрсөн оны нэгдүгээр сард ам.доллараар төлдөг байсныг 1450 төгрөгөөр тооцдог болсон. Өөрөөр хэлбэл, хил дээр манай янз бүрийн спиртны төрлийн бүтээгдэхүүн импортолж байгаа компаниуд 1450 төгрөгөөр тооцож төлдөг.
Үүнийг өөрчлөхийг л хүссэн байх гэж бодож байна. Үнэндээ энэ бол шударга бус шүү дээ. Бүгд 2400 төгрөгөөр төлж байна. Гэтэл бид Онцгой албан татвараас л хамгийн их ашиг олох ёстой. Төсвийн гол хэсгийг бүрдүүлдэг татвар шүү дээ. Үүнийг бүгд мэднэ. Гэтэл энэ хүмүүс 50 хувийн хөнгөлөлтийг эдэлж байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ.

Б.Чойжилсүрэн: Зөв л дөө. Одоо бол валютын ханш 50 хувиар уначихсан. Үүнийг нь гүйцээж авахгүйгээр татвар нэмэх нь хүнд гэж тооцоод 20 хувиар нэмэх саналыг тусгасан. Харамсалтай нь, бүлгээс өөр шийдвэрийг гаргаж, татгалзлаа. Уг нь, архи болон тамхинаас л гэхэд 80 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой байсан. Нефт бүтээгдэхүүн дээр бол гэрээ өөрчлөгдөөгүй байхад орлого нэмэгдэнэ гэж тооцоолох нь өрөөсгөл юм.
Урд нь байсан эрх зүйн орчинг нь шинэ Засгийн газар гарч ирэх болгондоо өөрчлөөд байвал гадны хөрөнгө оруулагчид бизнес, татварын орчны хувьд тогтворгүй гэж үздэг. Тэр ангилалдаа багтаадаг. Иймээс татварыг нь нэмэх шаардлагагүй гэж үзсэн юм.
Үнэнийг хэлэхэд, сүүлийн үед хэрэглээ асар хурдтай тэлж байгаа ч орлого нэмэгдээгүй. Иймээс тансаг хэрэглээний гэж нэрлэж болохуйц бараа, бүтээгдэхүүний татварыг нэмэх нь зөв гэж бодсон. Түүнчлэн том машин унаснаар нь биш хөдөлмөрийг үнэлж, үнэт зүйлээ болгох хэрэгтэй гэсэн бодлогыг барьсан.