Миний авга ах Бал­дан­жавынх бөөр цагаан ганц эр үхэртэй. Тэр нь данагар амьтаан. Нэгдэл нийгмээс авч үлдсэн ганц хөрөнгө нь болохоор авга маань өглөө бүхэн хажуу хамар дээрээ гарч Дө­хөмийн голоос гарч ирж буй хэдэн үхрээ, тэр дунд товойх бөөр алаг эр үхрээ бахтайяа дурандаж нүд баясана.

Тэгж нэг таа­шаал авангаа гэртээ орж хоймортоо тухлаад "Ма­най бөөр алаг шиг эр үхэр энэ хавьд алга аа, сайхан амьтан шүү" хэмээн сайр­хана. Хөгшин нь өвгөний­хөө амыг дагуулж "Буян­тай амьтан. Сүргийн чи­мэг болсон амьтан" гэж дө­гөөнө. Ийм нэгэн амар ам­галан байдал ноёлон байх 1966 оны хавраас эхлэн дэлхий сүйрч, бүгд үхэх гэнэ гэсэн яриа Мон­голоор нэг тархжээ.

Ирэх зуны сүүл сараар л сүйрч, хүн төрөлхтөн мөхөх яриа талын түймэр шиг дэгдэж. Тэгж дэгдсээр сүйрэх өдөр нь иржээ. Бөөр алаг эр үхрээ дурандан суудаг хамар дээрээсээ миний авга ах хар хур­даараа бууж ирж гэнэ. Тэгэнгээ хөгшиндөө "Ер нь замбуулин сүйрч олон бүгдээрээ үхэх гэж байхад тэр муу эр үхэр ямар хамаатай юм. Хүүхдүүдээ дууд, нэг гэртээ үхэц­гээе" гэсэн гэдэг юм. Манай бэргэн ажаа амтай хэлтэй айхавтар хөг­шин байсан болохоор энэ бүхнийг дүрслэн ярьж бидний элгийг хө­шөө­дөгсөн. Ингэж бухимдахын учир гэвэл Балданжавыг хамар дээрээ сууж байхад нь саахалтынх нь "нял" Гомбо согтуу давхиж ирсэн байгаа юм. Ирээд "Дэлхий сөнөх гэж байхад чи муу эр үхрээ харж суудаг. Бид бүгдээрээ үхнэ. Би цаад муу сумын даргыг чинь нэвширтэл зодчихоод ирлээ" гэж гэнэ. Авга маань "Энэ мөн солиорч байна аа" гэж бодож суутал нутаг ойролцоо Шижээ гуай шогшоод иржээ. "За дүү минь юм болохоо байж байх шиг байна. Би "гамин" Сүхээгээс хэдэн төгрөгийн өрөө авах гэж явна" гэж гэнэ. Авга маань "Дэлхий сүйрэх гэж байгаа юм бол тэр хэдэн халтар төгрөгөөр яах гээв" гэсэн "Нээрэн тийм ч юм уу" гэж хэлээд буцаад шогшсон гэдэг. Жанчив гуайн хонь, бэлчээр дээрээ хуйл­раад байгаа харагдах юм гэнэ. Дурангийн үзүүрт цэргээс ирс­нээсээ хойш сум голоор сүйд хийж яваа Наранбаатар гэдэг залуу Жанчив гуайн зээ охиныг дараад авч байгаа харагдана гэнэ. Хүүе гээд босон суунгаа ахиад нэг дурандтал дээр нь хэдүйн гарчих­сан байгаа харагдав гэнэ. Нэгэнт бүгдээрээ үхэх зуурт энэ ч яамай гэж бодсон гэдэг юм. Сүүжийн эхээд зусч буй хэдэн хот руу ду­ранд­вал бас л үймээнтэй бололтой байсан гэдэг. Угаасаа ус нутаг нэгтэй, ураг сүлбээтэй болцгоосон Донровынхон нэг гэртээ цуглаж нэжгээд найр хурим аятай юм болцгоож нэг их архидсан улс болж хувирч байгаа нь гаднах байдал, гарч орж буй хүмүүсийн гуйвж дайвсан байдал, хоттой хонио бэлчээрт гаргахгүй хорьж байгаад хагчин идэцгээж байгаа нь авгын дуранд дэндүү найгүй харагдаж гэнэ. Энэ бүхэнд ихэд автсан, үхэх нь тодорхой болж гэж ойлголт авсан авга ах маань ийнхүү гэртээ харваж орсон нь тэр байж. Ингээд л орныхоо шөргөөнөөс нэрмэлээ татаж гарган залгилаад, бурхан­даа нэг сайн залбирчихаад, су­манд зарлага хийдэг хүүгээсээ бусад нь ирсэн байсныг гэртээ ягштал хурааж тойруулан суул­гачихаад үхэхээ хүлээгээд байсан юм биз дээ. Тэгсэн бага охин Мядаг нь нэг санал гаргажээ, "Аав аа, манай энэ арын хүрэн цохио бид­ний дээрээс унаж магадгүй, гэрээ жаахан холдуулж барья" гэж. Шуу­гил­даж гараад гэрээ гялс буулгаад холдуултал дунд хүү Доржпүрэв нь бас санал гаргажээ. "Гэрээ бариад яах юм. Эсгийгээр биеэ хулдаад аавын бөөр цагаанаа дуранддаг толгой дээр хэвтэцгээе" гэжээ. Хүүгийн хэлснээр болсон байгаа юм. Ингээд хүлээгээд байж, хүлээ­гээд байж...

Манай суманд ийм юм болж байхад нийслэлд бас юм болж байсан байгаа юм. Үүнийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Жамьян гуай ярилаа. Жамьян ах тэр өдрийн өглөө 10.00 цагийн орчим Ана­гаахад сурдаг гэргий рүүгээ тавьж хүрчээ. Анги дотроо ангалзаад хэдүүлээ сууж байдаг юм гэж мань эр ярьдаг юм.

Авгайгаа хэлж байгаа нь тэр юм байлгүй. "Дэлхий сүйрэх гэж бай­хад чи энд сууж яах гээв. Гэртээ очиж хамт үхэцгээе" гэж хэлээд гараас нь суга татаж чирээд "Бага тэнгэр"-т байх зуслан руугаа авто­бусджээ. Тэдний зусланд одоо энэ Дашийн Бямбасүрэн, хотын том дарга Лантуу... гэх зэрэг том дарга нар байжээ. Тэд бас эхнэр хүүхдээ гэртээ хорьчихсон нэг дор үхэц­гээхээр бэлэн болсон байжээ. Бас болоогүй ээ, бөөнөөрөө гарч ирээд "Бага тэнгэр"-ийн эхээд байх том цохиог зааж "Энэ л бидний дээрээс унах магадлалтай" хэмээн шинжин ярилцацгааж байсан гэдэг. Ингээд бас хүлээгээд байдаг, хүлээгээд байдаг... Байдаггүй ээ.

Тэгсгээд дэлхий ч сөнөж сүйр­сэнгүй гэнэ. Маргаашийн нар манд­дагаараа мандаж гэнэ. Харин мөнчиг олон хүний дотор харанхуй тэр өглөө боссон гэдэг юм шүү. Манай нутгийн "Икар" Ойдов гуай ингэсэн байгаа юм. Нэгэнт бүгдээр үхэх хорвоод хилэнц хураагаад яахав, муу юмаа хэлж, ханиа арга­даад үхье гэж шийдээд "Одоо энэ сумын дэлгүүрийн худалдагч охин Адьяасүрэн чинь миний нууц охин юм шүү. Тэр жил чамайг хот руу курст явах хойгуур чинь Дэжид бид хоёр учир ургуулсан юм. Одоо нуугаад яахав. Цаад муу охины надад сайн байдаг нь тийм учиртай шүү" гэж чарлаж ирээд сумын дэлгүүрээс авсан хэдэн шил архи­наасаа уугаад байсан гэдэг. Тэгсэн эхнэр нь бас эхэр татаж уйлаад "Хорвоо дуусч байна. Цаад муу том банди чинь чиний найз Өмнөговьд байгаа Борын хүүхэд шүү" гэж балайрсан байгаа юм. Дэлхий сөнөөгүй хоносон тэр өглөө их эвгүй байдалд орсон хоёр хүн бол энэ хоёрыг гэж манай сумынхан ярьдаг юм. Гэхдээ салж нийлээгүй ээ, сайхан амьдралыг болгож бү­тээ­гээд явсан. Үр хойчоос нь гэхэд одоо гавьяат тамирчин эмэгтэй хүртэл төрөөд байна даа. Эвгүй байдалд орсон хүмүүсийг ярихдаа хүрвэл тэр сумын даргын толгойг хага цохисон "нял" Гомбо гуай юу ч биш юм билээ. Мань эр бол "Чи муу намайг ноосны төлөвлөгөө дутаа­даг гэж байнга дарамталдаг байл уу" гэж орилоод "Май чи" гээд толгой дундуур нь буулгачихсан юм байна лээ. Гомбо гуай тэгж очоод 50 нас хүрсэн гэхэд чийртэй эр байсан юм билээ. Сумын даргыг тэгж дуусгачихаад гараад ирсэн сумын сургуульд шинээр ирсэн Жавзмаа гэж 20 настай багш бүсгүй алхаж явахад нь элдсэн байгаа юм. Дээлийнхээ урд хормойг хойш нь бүсэндээ хавчуулчихаад дайраад байсан байдаг юм. Яах гээд байсан юм бүү мэд. Дэлхий ч тэгээд сүйр­сэнгүй, сүүлд Гомбо гуай маань "Улсын аварга тэмээчин" болоод, улмаар АИХ-ын депутат ч болдог бил үү. Алдаршиж өгсөн. Амьдрал ч баян шүү, аягүй эвгүй юм нэг болсон нь сүүлд өнөө элдээд байсан залуу бүсгүй Жавзмаа том хүүгийнх нь гэргий болсон доо.

Орой нь үхэх гэж байгаагаа мэдсээр байж өрөө авна гээд шогшиж явсан Шижээ гуайн тухайд буцаад шогшиж явсан "Энэ муу "гамин" Сүхээд хэдэн төгрөгөө алдаад үхэх гэж үү, ямар ч байсан авъя" гээд Зараа толгойн араар орж нуугдах (ухаандаа манай ав­гаас санаа нь зовсон нь тэр гэдэг) маягтай бөг бөг хийлгэсээр Сүхээ­гийндээ хүртэл тэр нь найгүй согтуу юм халуун зунаар хонь хагалж идээд найрлаж сууж. Бас л бүгдээ­рээ үхэх юм яриад. Шижээ гуайгаас тунчиг дутахгүй баян, "панз" Дэрмээ ханьсчихсан "Чи бид хоёрын ат, морь хоёрын авцаа өгцөө дууслаа. Дэм дэмэндээ амьдарсан шүү" гэж уйлаад улаан зээрд оргин сууц­гаасан гэдэг. Шижээ гуай, "Гамин" Сүхээгийн гэрийн ханынх нь тол­гойд өлгөөтэй байгаа мөнгөн ха­заа­рыг нь шууд авч өвөртлөөд харьсан гэдэг.

Жанчив гуайн зээ охиныг яасан "хулигаан" Наранбаатарын хувьд л чимээгүй өнгөрсөн дуулддаг юм. Хараад л явсан хар золиг шиг байна лээ. Нараад ямар тогтсон суусан гэр орон, хань ижил, үр хүүхэд байсан биш. Дэмий тэнэж явтал дэлхий сүйрэх өдөртэй зал­гаатхаж, амьтан бужигнаад унаж, Жанчив гуайнх ч ойрхон харагдаж, нэгэнт үхэхээс хойш харж явсан сайхан амьтнаа нэг сайхан яагаад үхье гээд сүнгэнэчихгүй юу. Хэн хэнд нь таалагдсан ч юм уу, ард нь хэл ам ерөөсөө гараагүй гэдэг юм шүү.

Харин нэг хотондоо цуглаж нэгдлийн хониор найрлацгаасан Донров гуайнхны хувьд эвгүйтсэн гэсэн. Нэгдлийн 500 хониноос арваадыг нь идчихсэн юм билээ. Их л ээрч хоргоогдсон гэдэг юм. Миний муу авга ах л Арцын ар өврөөр шогшоод, айл бүрээр ороод "Цаад муу Доноо чинь шоронд явчих гээд байна. Муу золиг чинь маргааш үхэх гэж байгаа юм шиг мал хуйгаа ч анхаарахгүй явсных. Хэдүүлээ шөлний юмнаасаа илүүчилж бай­гаад дутсан малыг нь нөхчихье" гэсээр яваад зохицуулчихсан гэсэн. Өөрөө мал хуйдаа анхаарч байсан юм шиг. Өнөө муу ганц бөөр алаг эр үхэр нь тэр өдрүүдийн их үймээнээр тэгээд алга болсон ш дээ. Ах харамсаад л байсан гэдэг. Бас болоогүй ээ, ямар муу хог нь дэлхий сүйрнэ барина гэж дэмий юм ярьж амьтан үймүүлдэг байна аа. Бөөр алгийг минь анаад л байсан юм билээ. Тэр үед тэвдэж сандрахгүй ажлаа амжуулаад явсан хүн чинь хэн байсан билээ гэж их бодлогоширсон гэдэг. Тэгсэн тэр үед зүүн нуруунд нутагладаг "исгэрээ" Баяраа гэж эвгүй эр л "Дэлхий сүйрнэ гэж юу байхав дээ, дэмий юм ярьцгаах юм. Ийм үед л алдсан хэдэн малын минь сураг гарна даа" гэж хос хар морьтой давхиад байсан байдаг юм. Алдсан арван хэдэн адууных нь сургийг хүмүүс дор нь хэлж өгсөн гэдэг юм. Аа бүр арваад жилийн өмнө алд­сан малынх нь эзэд ч хэргээ хүлээ­сэн гэдэг юм. Хэргээ хүлээсэн нөхөд нь дараа нь бухаж үзээд... Тэгсгээд "исгэрээ" ах алдсан гээсэн малаа туугаад буцахдаа ахын бөөр алгийг хамаад явчихсанаас зай­лах­гүй гээд л авга маань хардаад байдагсан. Сүүлдээ өнгөрсөөн өнгөрсөн өнөө хулгайч гээд байсан "Исгэрээ"-гийн хүүтэй, эхнэрийнх нь төрсөн дүү суухаар болоод, авга ах маань очиж бэр гуйгаад, өнөө "Исгэрээ"-тэйгээ архидаад, сүүлдээ зодоон хийгээд, эр үхрээ нэхээд, нүдний булай болцгоосон гэсэн.

Дэлхий сөнөчихөж магадгүй гээд дэлгэрэнгүй сайхан, нэр хаяг­тай нь биччихлээ. Зун нутагтаа очиж таарна, очихоороо өвөө нартайгаа золгож таарна. Бич­сэнийг маань уншиж, ярьж суудаг өнөө хэдэн хөгшин чинь өөдөөс 66 оны хэрэг явдлыг ярьж таарна. Жишээ нь "хулигаан" Наранбаатар ах өнөөдөр мянгат малчин болчих­сон, хурдан морь уяад, 70 гарчих­сан данагар өвгөн сууж байгаа шүү дээ. Таяг нь л холхон байгаасай гэж залбирахаас. Дэлхий сөнөчихгүй бол ийм л нэг зовлонг өөртөө тарилаа даа, би. Энэ бүхний эцэст нэг зүйлийг хэлэхэд тэр идсэн уусан, баларсан завхарсан яриа яахав, тийм цаг үетэй тулахаараа хүн гэдэг амьтан чинь үр хүүхэд, ах дүүстэйгээ л хамт байхыг их хүсэм­жилдэг юм байна гэнэ лээ. Мэдээл­лээр их дутдаг юм байна гэнэ лээ. Бие биенээ л сураад байдаг юм байна гэсэн шүү.

Авга ах Балданжав маань "Хэн ийм цуу яриа тараадаг байна аа" гэж уурссан тухай би түрүүн дурд­сан. Үүнд нь хариулахад, жараад оны үед тухайн үеийн ЗХУ-ын "Октябрь" сэтгүүл дээр дэлхий тэдэн онд сүйрнэ гэсэн зөгнөлт зохиолорхуу юм гарсныг манай нэг орос хэлтэн орчуулаад араажа­ваар цацжээ. "Икар" гэж том гариг дэлхийтэй мөргөлдөнө, тэгээд сүйрнэ гэж. Тийм юм сонсож бай­гаа­гүй ард түмэн чинь дүрэлзээд явчихгүй юу.

П.ХАШЧУЛУУН

tsagtur.mn​