Монгол Улсын арслан, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, “Увс нуур” дэвжээний бөх Н.Батсуурьтай ярилцлаа.

-Өвөө тань Ж.Гэлэг гэж улсын начин хүн байсан. Ингэхээр та гурван үе дамжсан бөх байх нь ээ?

-Тийм шүү. Би гурван үе дамжсан бөхийн удамтай азтай хүн. Миний өвөө Ж.Гэлэг гэж улсын начин хүн байсан. 1921 онд төрсөн Ардын хувьсгалтай чацуу хүн байлаа. Өвөө маань 1950 онд Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор Ш.Батсуурь аваргаар тав давж Монгол Улсын начин цолны болзол хангасан юм билээ. Гэхдээ тэр үед Бүгд Найрамдах Монгол Ард Улсын начин гэсэн цол өгч байсан юм билээ. Ш.Батсуурь аварга наадамд хоёр дараалан түрүүлчихсэн ид үедээ л байсан гэдэг. Ш.Батсуурь аварга, манай өвөө хоёр нэг оны цэргүүд байсан. Найзыгаа төрийн наадамд түрүүлээд байна гэхээр нь барилддаг хүн чинь зориг орсон хэрэг л дээ. Тэр үед зам харгуй хэцүү, баруун аймгийн нутгаас хүмүүс их л удаан явж ирдэг байж. Шууданд суугаад явсаар байтал наадмын өглөө амжиж орсон гэдэг юм. Харин миний аав Монгол Улсын харцага Гэлэгийн Намсрайжав гэж хүн бий. 1988 онд 29 настайдаа улсын арслан Б.Ганбаатарыг давж улсын цол авч байсан.

-Өвөө тань Ш.Батсуурь аваргаар начин цолны болзол хангасан учраас энэ нэрийг тань хайрласан гэл үү?

-Манай эгч уул нь миний нэрийг өгсөн юм билээ. Би хоёр эгчтэй айлын отгон хүү.

-Аавын тань ах дүү нарт долоон бөх байдаг гэсэн үү?

-Аав минь эхээс арван нэгүүлээ. Найман хүү, гурван охинтой. Эрэгтэйчүүд нь бүгд барилддаг. Хамгийн бага цолтой нь сумын заан. Сумандаа арван нэгэн удаа ч түрүүлсэн хүн бий. Аавын ах, 1982 онд улсын начин болсон Г.Даваасамбуу гэж хүн бий. Даваасамбуу ах маань үндэсний бөхийн начин цолтойгоос гадна химийн ухааны доктор, мундаг хүн байдаг. Ээжийн минь талд ч Олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалай, улсын начин Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр гээд бөхчүүд бий. Ийм сайхан бөхийн гэр бүлд төрсөн азтай хүн дээ. Миний аав Увс аймгийн Ховд сумын харьяат. Харин ээж маань Ховд аймгийн хүн шүү дээ. Ер нь бөхчүүд нутаг усныхаа нэрийн хуудас нь байдаг. Таньж мэдэхгүй сумдаар явахад энэ чинь тэр бөхийн нутаг гэхээр л мэддэг. Бөх хүн нутаг усныхаа бахархал нь байдаг болохоор хичээж явах л ёстой гэж бодогддог юм.

-Танайхаар аавын чинь найз, нутаг усны гээд бөхчүүд их ирнэ биз?

-Аавын минь найзууд гэж сайхан бөхчүүд ирдэг байлаа. Бөхчүүд ч их наргианч шүү дээ. Бие биенийгээ их иддэг ч гэдэг юм уу, жижиг алдааг нь анзаарч шоглох үе зөндөө л байна. Ер нь тэгээд анзаараад байхад хүүхэд аавынхаа хийж байгаа үйлдлийг үлгэрлэдэг, дуурайдаг юм шиг байгаа юм. Тийм болоод ч тэр үү, аавынхаа барилдахыг харна, ойр тойронд дандаа бөхчүүд, гэрт далбаа шуудаг л байх жишээтэй. Энэ бүхэн л намайг бөхийн спорт руу татсан. Мөн аавыгаа заалны барилдаан болоод улсын баяр наадамд оролцоход нь байнга үзнэ. Бөх хүн гэхээр л сайхан бие хаатай, нэг л түшигтэй харагддаг байлаа. Энэ бүхнээс л аав, ах нар шигээ бөх хүн болохыг хүссэн. Аав минь мэддэг, чаддаг бүхий л зүйлээ зааж зөвлөдөг юм. Ааваараа үргэлж бахархаж, хүндэлдэг дээ.

-Та таван настайдаа үндэсний бөхийн тэмцээнд түрүүлж 3000 төгрөгөөр шагнуулж байсан гэл үү?

-1993 онд юм байна. Бүх цэцэрлэгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа үндэсний бөхөөр барилдаад түрүүлсэн. Одоогоор бол “Хуйрнан шуугигч” гээд тэмцээн шиг л юм уу даа. Их л олон хүүхэд байсан санагддаг юм. Ерөнхий сайд байсан Ж.Наранцацралт агсны хүү бид хоёр багын найзууд л даа. Тэр тэмцээнд бид хоёр үзүүр, түрүүнд үлдсэн нь тод үлджээ. Харин анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай шагналыг нь гардуулж гурван мянган төгрөг өгч байлаа. Би “Монгени” цогцолбор дунд сургуулийг төгссөн юм. Манай сургууль биеийн тамирын заалгүй байсан. Гэсэн хэдий ч биеийн тамирын хичээлийг маш сайн ордог. Төмөр замын далан тойрч гүйнэ. Энэ бүхэн бөх болох хүсэл сонирхлыг минь нэмэхээс гадна бэлтгэл болдог байж. Сургууль маань одоо заалтай болсон л доо. Намайг улсын баяр наадамд түрүүлсний дараа миний нэрэмжит бөхийн дэвжээтэй болсон.

-Таны хувьд жүдо бөхийн спортоор хичээллэдэг байсан. Одоо үндэсний бөхөөрөө л дагнаж байгаа юу?

-Би жүдо бөхийн +100 кг-д барилддаг байсан. Энэ жиндээ барилддаг жүдочдын дунд намдаад байдаг юм. Тийм болохоор амжилт гаргах боломж нь бага гэсэн үг. 2011, 2012 оны Улсын аваргын тэмцээнээс алтан медальтай. Мөн Азийн аварга, дэлхийн цомын хоёр хүрэл медаль бий.

-Та аялал жуулчлалын мэргэжилтэй. Мөн Японд сурсан байх аа?

-Би “Соёл-Эрдэм” сургуулийг Аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн. Дараа нь Японд хоёр жил сурсан. Миний хувьд мэргэжлээрээ ажиллаж болох л байх. Гэхдээ өдрийн хоёр бэлтгэлтэй учраас ажил хийж амждаггүй юм. Одоо бол бөхдөө л бүх амьдралаа зориулчихсан байна. Япон яваад хэсэг завсардсан ч эргээд барилдмаар л санагдаад, санагалзаж эхэлдэг юм билээ. Тэнд бол тогтмол бэлтгэл хийдэггүй. Сардаа ганц, хоёр удаа л хийнэ. Хакухо М.Даваажаргал ахыг таних учраас сумогийн дэвжээн дээр хэд хэдэн удаа бэлтгэл хийж байсан. Харин бэлтгэл сургуулилт бага байсан болохоор ч тэр үү, Японд байхдаа нэлээд жин нэмсэн. Монголдоо ирээд жингээ хасч эхэлсэн дээ. Тамирчин хүнд жин хасах гэдэг хамгийн хэцүү зүйл байдаг. Н.Түвшинбаяр аварга маань Бээжингийн олимпийн дараа жин нь 125 кг-тай байсан. Харин Лондонгийн олимпоор 100 кг болоод л амжилт үзүүлж байгаа юм. Энэ нь тухайн хүнээс маш их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр шаарддаг.

-Наадам дөхөөд ирэхээр догдолдог уу. Түрүүлчих юм шиг мэдрэмж төрж байв уу?

-Төрдөг юм билээ шүү. Их л зоригтой болоод, санаанд багтаад байдаг юм билээ. Тэр олон бөх байхад чинь унахааргүй юм шиг санагдаад л. Сэтгэл зүйн байдал бэлтгэл сургуулилттай шууд холбоотой л доо. Бэлтгэл сайн байж л хүн өөртөө итгэлтэй, зоригтой болно. Анх улсын цол авах мөч их сайхан байсан л даа. Цол автлаа олон шалгуурыг давах хэрэг гарна. 2009 оноос 2013 он хүртэл дээш гарч чадахгүй л шороодчихдог байв. Заримдаа шантрах ч үе байсан. Би цол авч чадахгүй ч юм болов уу. Ингээд орхидог ч юм бил үү гэж бодогддог байлаа. Гэхдээ бэлтгэл сургуулилтаа сайн хийвэл болох ёстой зүйл болдог л юм билээ. 2014 онд үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж, улсын арслан цолны болзол хангаж их баярласан даа. Их ч урам орсон.

-Таны барилдааныг шуурхай, уран хийцтэй гэдэг. Харин та барилдааныхаа талаар юу хэлэх вэ?

-Миний хувьд дэвжээн дээр гарахдаа их тайван байдаг. Тайван байгаа болохоор аль болох шийдсэн мэхээ л хийхийг бодно шүү дээ. Тэр таарчихлаа гэж айж, бэргэж сандрах зүйл байдаггүй.

-Гэр бүлээ танилцуулаач?

- Манайх ам бүл дөрвүүлээ. Хоёр хүүтэй. Эхнэрийг маань Саранжаргал гэдэг. Монгол Улсын Их Сургуулийн гадаад хэлний сургуулийг төгссөн. Орос, англи хэлний багш мэргэжилтэй.

-Та хувиараа бизнес эрхэлдэг үү. Зөвхөн үндэсний бөхөөр барилдаад амьдралаа аваад явах боломж хэр байдаг юм бэ?

-Ерээд оны үед зургаан залуу заан мандаж байх үед магадгүй боломж байсан байх л даа. Тэр зургаа ч сайн байсан учир хүмүүс ч маш их хүндэлж, сэтгэлийн дэм болдог байсан. Одоо бол ер нь хэцүү шүү дээ. Бөхчүүд их хэмжээний бай шагнал авдаг, хэмээлшгүй их баян гээд л. Мэдээж тэр олон бөхөөс илүү гарч, амжилт үзүүлж хөлс хөдөлмөрөө үнэлүүлж байгаа нь буруу юм биш. Мөн бөхчүүд идэж, унтахаас өөр ид шидгүй гэсэн нийтлэг хандлагатай байдаг юм шиг ээ. Яг үнэндээ бөхийн спортоор хичээллэж байгаа нь бидний хувьд ажил байдаг. Зарим хүмүүс оюуны хөдөлмөр хийж байгаа бол бид биеийн хөдөлмөр хийдэг. Цаг хугацаатай уралдаж амжилтын төлөө зүтгэж байна шүү дээ. Спорт бол залуу насны л ажил. Бид одоо л цагтай уралдаж амжилт бүтээл гаргах хэрэгтэй.

-Таны Ч.Санжаадамба арслантай хийсэн нэгэн барилдааны зураг олон нийтийн дургүйцлийг маш их хүргэсэн. Яагаад аманд нь гараа хийх болов?

-Хүмүүс яг амнаас нь татаад давчихсан юм шиг л яриад байдаг юм. Хэн ч гэсэн барилдахдаа унахгүйг л хичээнэ. Амь тэмцэж байгаа л хэрэг шүү дээ. Олон давхраас унахгүйн тулд хүн ямар нэгэн барьц авахыг л бодно биз дээ. Тэр гэхдээ санаандгүй л юм болсон. Харин тэр агшинг зурагчин онож авсан байна лээ. Манай монголчууд хүн муулах дуртай хүмүүс шиг санагддаг. Ямар нэгэн өө гарвал л тэрэн шиг муу хүн байхгүй болчихдог. Гэхдээ дөчин хувьд нь муу хэлэгдээд, үлдсэнд нь сайнаар яриулаад явж байвал болох нь тэр л гэж боддог доо. Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Тиймээс цаашид л алдахгүй байхыг хичээж явна даа.

-Үндэсний бөхийн дүрэм, журамд өөрчлөлт оруулчихмаар зүйл байдаг уу?

-Шийдчихмээр зүйлүүд байх л юм. Тэр болгонд хэл, ам гаргаад явахыг ч бодохгүй л байна. Гэхдээ наанадаж шөвгийн 16 бөхийн сэргээшийн хариуг хурдан гаргаж байх хэрэгтэй, мөн баяр наадам болоод томоохон тэмцээнүүдийг сайтар камержуулах шаардлагатай байна. Бөхчүүд амжилт гаргахын тулд л өдөр болгон бэлтгэл хийж, хөлсөө дуслуулдаг. Тэр дундаа амжилтаа ахиулахын тулд баяр наадмаа маш их хүлээдэг. Тиймээс гадны нөлөөлөл, булхай оруулахгүй байх ёстой юм. Хүний амжилт жил, жилээр л хэмжигдэнэ шүү дээ. Үүнийг шийдээгүйгээс болж энэ жилийн баяр наадам бас л түмэн олныг талцууллаа. Энэ жилийн баяр наадмаар улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нарын барилдаан маргаантай болсныг хүн бүхэн мэдэж байгаа. Би энэ хоёр бөхийн аль нэгнийх нь талд орж байгаа юм биш л дээ. Хоёулаа л миний хүндэлж явдаг сайхан бөхчүүд. Ийм асуудал гарч байгаа нь Үндэсний бөхийн холбооны л буруу. Би тухайн барилдааны бичлэгийг сайтар үзсэн. П.Бүрэнтөгс тахимаа авах гэж элэг бүсээ тайлаад зогсож байхад нь дахин хуралдаж барилдуулахаар болчихсон. Эхний гаргасан шийдвэрээрээ л байх ёстой юм шүү дээ. Би тэр хоёрын давсантай нь барилдах гээд хүлээж байлаа. Үндэсний бөхийн холбоо шийдвэрээ гаргаж чадаагүйгээс болж наадам ч гэсэн сунжирсан. Энэ мэт асуудал гарсаар л байна. Шударга байдлыг тогтоох нь Үндэсний бөхийн холбооны хийх ажил л баймаар юм гэж бодогдож байна.

-Увс аймгийнхан дуулдаггүй бол барилддаг, барилддаггүй бол дуулдаг байж таарна гэсэн хошин яриа байдаг?

-Д.Насандэлгэр начин 2005 онд улсын начин цолоо авсан. Түүнээс хойш 2009 он хүртэл Увс аймгаас шинэ цолтон төрөөгүй юм. Тэр үед хүмүүс “Дуучид их төрж байна аа, одоо дуулуулахаа болиод барилдуулъя” гэж хошигнож байсан.

О.АРИУНЦЭЦЭГ