Энэ өдрийн мэндийг хүргэе! Би одоо 28-тай. Одоогоос 3 жилийн өмнө өөрөөсөө 4 насаар ах залуутай томилолтоор явж байхдаа танилцаж уулздаг болов оо.

Тухайн үедээ гэр бүлтэй гэдгийг нь мэдээгүй юм. Удалгүй эхнэр 2 хүүхэдтэй гэдгээ хэлээд зүгээр хамтрагч байя гэж санал тавьсан юм. Надад тэр залуу маш их таалагдаж байсан учраас би ч татгалзаж чадсангүй. Удалгүй эхнэр нь төрж 3 дахь хүүхдээ хүлээж авлаа. Би бас л санамсаргүй мэдчихлээ. Энэ бүх хугацаанд бид сардаа 1 их юм уу 2 уулздаг байв. Гэхдээ удахгүй ээ буудалд 2 цаг л болдог байсан. Заримдаа 3, 4 сараар уулзахгүй байх үе ч бий. Би түүнээс бага багаар зугатааж, болихыг хүсэж байсан ч түүнд сайн байсан болохоор 1 л мэдэхэд эргээд уулздаг байлаа.

Тэр өөрөө над руу залгадаг, би огт залгадаггүй байсан. Бидний хооронд зөвхөн секс л байсан. Одоо бодоход бид зүгээр 1 удаа ч болзож, хоол ч хамт идэж байгаагүй юм байна. Бас тэр миний нэрийг мэдэхгүй, төрсөн өдрийг ч мэдэхгүй. Уг нь би нилээд хэдэн удаа хэлж байсан ч тэр тогтоож аваагүй байх. Бас надад баяраар бэлэг өгдөггүй юмаа гэхэд баярын мэнд хүргэж үзээгүй. Харин заримдаа уулзмаар байна мөнгөгүй явж байна гэдэг. Тэр үед нь би төлдөг. Гайхдаг л даа. Өөрийгөө их сүрхий энэ тэр гэдэг мөртлөө бас бусадтай (найзууд, хамаатан садан г.м) уулзахдаа мөнгөтэй байдаг атлаа надтай уулзах үедээ мөнгөгүй болчихдог. Гэхдээ байнга биш л дээ, зарим тохиолдолд л тэгдэг байсан.

Харин одоо би түүнээс бүр мөсөн салаад 3 сар болох гэж байна. Харин тэр надаас салж чадахгүй учир нь надад хайртай гэсэн. Харин би үүнд зүгээр л итгэхийг хүсээгүй. Хүн үнэхээр хайртай бол хичнээн нууц амраг нь байлаа ч арай өөр хандах байсан байх гэж бодсон. Харин би л түүнд хайртай байсан болохоороо өдий 3 жил хүсэж хүлээж шаналж, тэгээд түүний төлөө, эхнэр хүүхдийнх нь төлөө салсан. Миний шийдвэр зөв байсан. Одоо л би сэтгэл амар тайван байна. Өөрийгөө зүхэж буруутгахгүй, хүний хүнийг хүлээж шаналахгүй, эрх чөлөөтэй мэдрэмж дүүрэн байна.

Охид, бүсгүйчүүддээ зөвлөхөд чи хэдий өөрөө дурласан ч хэзээ ч битгий эхнэртэй хүнтэй орооцолдоорой. Эцэст нь чи л өөрөө шаналж дуусдаг юм шүү. Нүдээ нээгээд харвал эргэн тойронд чинь чамайг гэсэн ганц бие сайхан залуус зөндөө бий гэж хэлье дээ. Бас чамайг л гэх хүнийг сонгоорой. Өвчтэй байна гэхэд чинь эдгэрэхээр нь уулзъя гэх биш эм бариад гүйж ирэх хүнийг сонгоорой. Маргааш уулзъя гэчихээд таг болох хүнийг биш хэзээ ч чамайг хүлээлгэдэггүй хэлсэн үгэндээ хүрдэг хүнийг сонгоорой. Чиний нэрийг сонсоод мартах хүнийг биш чи хэлээгүй байсан ч чиний тухай бүхнийг мэдэхийг хүсдэг чин зүрхнээсээ чамайг л гэх хүнийг сонгоорой.

Эмэгтэй л хүн хойно баярлахыг хүсэлгүй л яахав, их том бэлэг нтр гэхгүй ч эрээн цаастай чихэр ч болтугай баяраар өгдөг хүнийг л сонгоорой. Ямар ч байсан чамайг баярлуулахыг хүссэн, мартаагүй л байна гэсэн үг шүү дээ. Зочид буудлын өрөөнд уулзахыг хүссэн хүнийг биш зоогийн газарт, цэцэрлэгт хүрээлэнд, эсвэл зүгээр л хамт алхахыг хүссэн хүнийг л сонгоорой. Орой үдшийн цагаар биш олны хөл татраагүй үед уулзахыг хүссэн хүнийг л сонгоорой. Хамгийн гол нь чиний инээмсэглэлийг харах дуртай, чамайг баярлуулахын тулд, инээлгэхийн төлөө бүгдийг хийж чадах тийм л хүнийг сонгоорой. Чиний нулимсыг ч хайрладаг тийм л хүн чамайг гүнж мэт жаргааж чаднаа. Тиймээс охид минь ээж аавынхаа төлөө урсгаагүй нулимсаа эхнэртэй эрийн төлөө урсгаж сэтгэлдээ бүү сэв суулгаасай гэсэндээ энэ бүгдийг туулаад гарсан эмэгтэй хүн…