Дэлхийн улс үндэстнүүд боол, феодал, хөрөнгөтний болон социалист нийгмийг туулж иржээ. Эдгээр нийгэмд удирдлагууд нь улс орноо хөгжүүлэх, хүн ардаа амгалан тайван, орох орон, хоол хүнстэй байлгахыг зорьж ирсэн нь гарцаагүй юм.

Ганцхүү энэ үндсэн зорилтоо хэрэгжүүлэх арга нь үйлдвэрлэлийн хэрэгсэл ямар ангийн гарт байгаагаас шалтгаалж үйлдвэрлэлийн харилцаа нь өөр өөр байсан нь тодорхой. Үйлдвэрлэлийн хэрэгсэл нь боол, феодал, хөрөнгөтний нийгэмд эздийн гарт байдаг учир тэдний тогтоосон “хүчирхийлэлийн” харилцаа бий болдог тул нийгмийн нийт бүтээгдэхүүний баялаг нь тэгш бус хуваарилалттай байдаг. Нийгмийн баялагийн тэгш бус хувиарлалтаас шалтгаалж ядуу хоосон, баян тансагтны ялгарал аажимдаа бий болсноор төрийн төлөө хувьсгал гардаг. Хувьсгал нь ихэвчлэн зэвсэгт тэмцлийн аргаар шийдэгдэж байв. Парламентын зарчмаар нийгмийн хувьсгал хийж болдог арга бий. Гэвч энэ нь парламентад баячууд олонх болсон үед бараг боломжгүй. Тэгвэл одоо яах ёстой вэ гэсэн асуулт гарна. Энэ асуулт нь нийгмийн баялагийн хувиарлалтыг улсыг хөгжүүлэх үүднээс маш зөв байхыг шаардана. Монгол орны хувьд нийгмийн баялгийн хуваарилалт тэгш бус байгаа нь ядуу хоосон, хөрөнгөтөн гэсэн нийгмийн ялгарал гүнзгийрч баячууд нь их хэмжээний хөрөнгийг завшиж, улсын хөгжилд зарцуулагдах хөрөнгийг хувьдаа ашиглаж улмаар гадаадад оффшор данстай хүмүүс олширч байгаа нь улс орон өрөнд орохын үүслийг тавьж байна. Энгийн иргэд сард 200-800 мянган төгрөгийн цалинтай байхад 10, 20, 30 сая түүнээс ч их цалинтай хүмүүс ямар элит болчихоороо ийм байна вэ. Ард иргэд нь “батгана” барьсан, олигарх баячууд нь “бар” барьсан хүмүүс болж байна уу. Мөнгөтэй бэлтэй хүмүүст Монголын хууль гууль болж байдаг. Энгийн иргэдэд хууль нь “галзуурч “ байдаг ялгааг арилгах хэрэгтэй. Энэ ялгааг арилгах гол арга эмчилгээ нь хариуцлагын тогтолцоог улс даяар бий болгож хэрэгжүүлэх явдал юм. Нэг сая доллар гадаадын дансанд байрлуулчихаад - Өө би мартчихжээ гэж байсан УИХ-ын гишүүн асан С.Баярцогтод хуулийн ямар хариуцлага тооцов. Тэрбээр нэг сая долларыг хаанаас, хэнээс авав. Оюутолгойн гэрээг “бантан” болгосон хүмүүст “эх орноосоо урвасан” хэмжээнд хариуцлага тооцож чадсан бил үү? Үгүй шүү дээ! Ингэхлээр улсын хөрөнгийг идэж дураараа дургиж, дунд чөмгөөрөө тоглож байгаа хэнд ч хариуцлага үл тооцох “зарчим” 1990 оноос хойш бий болсон гол шалтгаан нь хариуцлагын тогтолцоог татан буулгасанд оршино. Социалист Монголд хариуцлагын тогтолцоог улс даяар хариуцдаг Ардын хянан шалгах хороо, Нийгмийг аюулаас хамгаалах яам гэдэг төрийн хоёр том байгууллага ажиллаж яам, албан байгууллага, ард иргэдийн зүгээс улсын өмч хөрөнгөд халдсан, хохирол учруулсан бол хатуу хариуцлага тооцож чадаж байсан юм. Монгол Улсад өмч хувьчлал яаж явагдав. Тэр олон үйлдвэрийг хувьчлах нэрийдлээр авч завшиж баяжсан хүмүүст болон хувьчлалын бэлтгэл хангагдаагүй, тодорхой ойлголт ард түмэнд бий болоогүй байхад шийдвэр гаргаж завшигчдыг дэмжсэн удирдлагуудад өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй байгаа нь дээрх хоёр байгууллагыг татан буулгаж улс даяар хариуцлагын тогтолцоог үгүй болгосны \алдагдуулсны\ гай уршиг юм.

 

Одоо яах ёстой вэ гэвэл хариуцлагын тогтолцоог шинээр бий болгож өнгөрсөн хугацааны алдааг хянан үзэж буруутай байгууллага, хүмүүст ард түмний нэрийн өмнөөс хариуцлага тооцох шаардлагатай байна, Хууль бусаар олсон, нуусан, дарсан хөрөнгө, мөнгийг нь хураан авч улсын өр төлбөрт зориулах хэрэгтэй. Ийм хариуцлагын тогтолцоог одоогийн Засгийн газар зоригтойгоор бий болгож байгуулахыг ард түмэн эрс шаардаж байна. Хамтын хөдөлмөрөө нэгтгээд аятайхан хөгжиж байсан 300 шахам хөдөө аж ахуйн нэгдэл, газар тариалангийн 40 гаруй сангийн аж ахуй, малын тэжээлийн 20 гаруй үйлдвэр, олон зуун хөнгөн үйлдвэрийг тарааж үгүй болгочихоод байгааг ард түмэн жигшин зүхэж байна. Дээлээ хийж өмсдөг даавуугаа эх орондоо үйлдвэрлэж байсан нь тэдний гавьяа байсныг ард түмэн мэднэ. Олон жилийн хугацаанд хөлс хүчээрээ бий болгосон хөрөнгө баялгийг үрэн таран хийсэн хүмүүстэй хариуцлага тооцоод эхэлбэл шудрага ёс төлөвшиж, улс нийгмээрээ хариуцлагажиж, баялгаа зөв хуваарилж, улс орноо өр ширгүй болгож, дэвшин хөгжих замыг тавих болно. Улс орныг эдийн засгийн хувьд эрүүлжүүлэх “эм эмчилгээ” нь хариуцлагын тогтолцоог бий болгож хэрэгжүүлэх явдал юм. Сонин зурагтаар УИХ-ын гишүүд санал бодлоо ярьж л байна. Тэд ярихдаа “тэгмээр байна”, “ингэвэл зөв болно” гэж ярих боловч хариуцлагын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх талаар дуугарахгүй юм. Ерөнхийлөгч, Засгийн газрын кабинет, УИХ гээд гурван өндөрлөгийн 100 гаруй толгой монгол орныг удирдаж байна. Ийм олон толгой 3.0 сая ард түмнийг удирдах хэрэг байна уу, үгүй юу. Олон толгой ухаалаг шийдвэр гаргаад байсан юм бол улс маань өнөөдөр 25.0 тэрбум долларын өрөнд яагаад орчихоод байгаа юм бэ. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуульд тунхагласан “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн заалтыг өнгөрсөн 25 жилд бий болгож чадаагүй нь юунаас болов. Энд хариуцлага, сахилга алдагдсанд хамгийн гол гогцоо нь байгаа юм. Иймээс хариуцлагын тогтолцоог яаралтай бий болгож хэрэгжүүлэх нь улс орныг эдийн засгийн хувьд эрүүлжүүлэх “эм” нь болохыг ард түмэн хэлж байна. Үүнийг бий болгоход одоо ажиллаж байгаа Авлигатай тэмцэх газар, Аудитын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, тагнуулын газруудыг нэгтгэж сайн боловсон хүчнээр хангаж, Ардын хянан шалгах хороог байгуулж Засгийн газрын шадар сайдаар удирдуулан ажиллуулах нь зүйтэй мэт санагдана. Ийнхүү хариуцлагын тогтолцоог бий болгохгүй бол Засгийн газар нь хяналтаа тогтоож чадахгүй, улс орон эзэнгүйдэж нийгмийн амьдралд асар их хохирол учруулж болзошгүй тул хариуцлагын тогтолцоог яаралтай бий болгон хэрэгжүүлэхийг УИХаас ард түмэн шаардаж байгааг авч үзэх цаг нь болсон. Ард түмэн саналаа нэмэрлэнэ гэдэгт итгэж байна.

 

Ж.БААТАРСҮРЭН