Ойрын өдрүүдэд нийслэлийн хаана л бол хаана мөргөлдсөн машинууд. Ар араасаа гурав, дөрвөөрөө орж мөргөлдсөн тэрэг. Тэдгээрийн дийлэнх нь “Приус” машин харагдана. Энэ нь иргэдэд ямар айдас төрүүлж байсан гэхээр халтиргаа гулгаанд “Приус” л хамгийн осолтой, найдваргүй, хөнгөн жинтэй болоод тэр юм болов уу гэхчилэн янз бүрийн таамаг байв.

Манай сурвалжлах хэсэг замын цагдаа, автын инженерүүд гэхчилэн мэдэж болох бүх л эх сурвалжаас энэ хардлагаа эцэслэж батлахыг зорилоо. Ингээд Замын цагдаагийн газрын мэргэжилтэн Я.Соронзонболдтой уулзахад “Бид бол жолооч нарыг замаа тооцоолдоггүй, дүрмээ зөрчдөг гэхчилэн, мэргэжлийн стандартын нүдээр харж, Замын хөдөлгөөний хуулийн хүрээнд ажилладаг” гэв.

Сүүлийн үед гарсан ослын шалтгааны ихэнх нь дугуйнаас болжээ. Хээ нь арилсан муу дугуйтай жолооч нар халтиргаа гулгаатай энэ өдрүүдэд осол гаргах нь олширчээ. Осол гаргасан жолооч нарын дийлэнх нь зуны дугуйтангууд юм байна. Үүнээс гадна халтиргаатай замд урдах машинтайгаа хэт ойрхон явснаас болж гарах ослын тоо нэмэгдсэн гэх тайлбарыг Замын цагдаагийн газраас өгсөн юм. Ойрхон яваа машинуудын тухайд арын машин нь зай бариагүй явснаас араас нь орж мөргөлддөг байна. Замын цагдаагийн газрын ажилтан ярихдаа “Жолооч нар халтиргаатай замд аль болох хурдаа сааруулж, өмнөх машинаасаа зай барьж явах хэрэгтэй. Мөн зарим жолооч нар дүрэм мэдэхгүйгээсээ болоод осол их гаргаж байгаа” гэлээ. Хүн хоёр цагаас урт хугацаагаар жолоо барихад ядарч, осол гаргах магадлалтай болдог гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс ямар ч улиралд жолооч нар хэт олон цаг буюу ядартлаа машин барихгүй байхыг замын цагдаагаас анхааруулж байна. Хөдөө орон нутгийн замд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол их гарч байгаа нь жолооч нарын хотоос гарангуут хурдалдагтай холбоотой гэнэ. Хөдөөний замд яваа жолооч нар халтиргаатай замд хурдаа 5-10 км цагаар багасгаж өмнөх машинаасаа 3-4 машины хэмжээтэй зай барих, жолооны дээд хэсэгт хоёр гараа зөв байрлуулж явах, эргэлт болон шарвах үед тоормос огт гишгэхгүй байх зэрэг зөвлөгөөг замын цагдаа нар өгч байна. Механик тэрэгтэй жолооч нарын хувьд араа салгаж явахгүй байхыг мөн анхаарууллаа.

Замын цагдаа нар ярихдаа “Автомашины хүнд хөнгөний ялгаа, “Приус” машин гулгаанд хамгийн эрсдэлтэй нь мөн эсэхийг жолооны багш нар, автын инженерүүд илүү үндэслэлтэй мэргэжлийн зүгээс тайлбарлах байх” гэсэн юм.

Ингээд жолооны курсын багш нараас халтиргаа гулгааны үед юун дээр анхаарах ёстой талаар сонирхлоо. Машин барих үедээ гарц, буудал зэрэг зогсох шаардлагатай шугамд ойртох үед хаазнаасаа тоормоз руу хөлөө эртхэн шилжүүлж бэлдэх хэрэгтэй гэв. Нуруугаа сандлын түшлэгт наасан байдалтай сууж, шулуун замд огцом тоормослохдоо тоормосоо аль болох чанга гишгэвэл сайн гэнэ. Машин гэнэт шарвахад сандрахгүйгээр гулгаж байгаа зүгт биш өөрийн явах гэж зорьж байсан зүг рүү, чиглэн дараагийн үйлдлээ хийх зөвлөгөөг мэргэжлийн багш нар жолооч нарт өгдөг юм байна. Урдаа юм уу ардаа хөтлөгчтэй машинтай бол хөтлөгчөө дагаж үйлдэл хийхийг тэд зөвлөлөө. Зуны болон дөрвөн улирлын дугуйтай үед халтиргаатай замаар уруудахдаа бага хурдтайгаар тохирсон араанд нь хийж, тоормосыг товших маягаар зөөлөн гишгэж хурдыг сааруулбал эрсдэл бага байх нь. Өвлийн зөөлөн хээтэй дугуйтай тохиолдолд огцом гишгэвэл дугуй эргэхээ больж замын хажуу руу чарга шиг гулгах эрсдэлтэй гэнэ. Тиймээс алсуур уруу бол гуравдугаар араа, огцом уруу бол хоёрдугаар араанд хийж буух ёстой юм байна. Урдаа хөтлөгчтэй машинтай хурдтай явж байгаад гэнэт араагаа хүндрүүлбэл халтиргаатай замд шарвах аюултай, харин хойд дугуйгаараа хөтөлдөг бол шарвах нь харьцангуй бага аж. Хөдөө орон нутгийн зам даваагаар явж байгаа тохиолдолд уруу зам руу орохоосоо өмнө халтиргаатай хэсэгт элс шороо цацах энгийн арга ч байдаг байна. Жолооч нар өвөлдөө гулгаанаас хамгаалах гинж, шүршдэг бодис зэргийг машиндаа байлгах хэрэгтэй гэсэн сануулгыг жолооны багш нар хэллээ.

Б.Баярбат: МАШ ЗӨӨЛӨН, БАРАГ БАЛЛУУР ШИГ БҮТЭЦТЭЙ ДУГУЙГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ

“Доктор” авто сүлжээ төвийн ахлах инженер Б.Баярбатаас зарим зүйлийг тодруулснаа хүргэе.


-Жолооч нарт халтиргаа гулгааны үеэр осол авааргүй зорчих энгийн аргуудыг зөвлөөч?

-Хамгийн зөөлөн, бараг баллуур шиг бүтэцтэй дугуйг сонгох хэрэгтэй. Ихэвчлэн нягтаршсан цастай газраар явдаг бол хадаастай дугуй хэрэглэвэл зүгээр байдаг. Хэрэв хойноо хөтлөгчтэй дугуйтай бол дөрвөн дугуйгаа хий сайтай байлгавал сайн. Манай орны нөхцөлд өвлийн дугуйны хээний 50 хувь нь арилсан бол халтиргаатай замд явах бараг боломжгүй. Тиймээс дугуйныхаа бүрэн бүтэн байдал, эдэлгээ чанарт нь маш сайн анхаарах хэрэгтэй. Уруу эсвэл өгсүүр замд явахаас шалтгаалаад, гэр бүлийн жийп, микро автобус зэрэг машинууд ардаа ачаа сайтай явбал зүгээр байдаг.

-Машинтай хүмүүсийн хувьд хамгийн их анхаарах зүйл гэвэл та юуг онцлох вэ?

-Автомашиныг хамгийн найдвартай байлгах гол зүйл бол тоормос, дугуй хоёр. Тиймээс тоормос сайтай байх, мөн хамгийн сайн чанарын дугуйтай байх хэрэгтэй. Жолооч нар дүрмээ баримтлаад, өмнөх замаа тооцоолж, бусад машинд дохиогоо өгч, гэрлээ шилжүүлж явах хэрэгтэй. Мөн дахин хэлэхэд цас ихтэй, халтиргаатай үед дугуйны хадаасан бүслүүр, гинж хэрэглэвэл аюулгүй. Жолооч болон зорчигчдын амь нас таны машины дөрвөн дугуйнд бий гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй.

ЯПОН ДУГУЙ ГУЛГАХ НЬ БАГА БАЙДАГ ГЭВ

Халтиргаа гулгааны ид үед чанар муутай болон зуны дугуйнаас болж гарах осол аваар огцом нэмэгдсэн гэж албаныхан онцолсон учраас замын хөдөлгөөнд оролцож буй 440 мянган автомашины дугуйны эрэлтийг хангадаг “Өгөөмөр” захыг зорилоо. “Да хүрээ” зах даваа гаригт амардаг болохоор “Өгөөмөр” зах хөл хөдөлгөөн ихтэй байв. Энд автомашины дугуй худалдаалдаг 130 гаруй контейнер байна. Нэг контейнер цөөндөө 30-40, олондоо 300-400 дугуй өрсөн харагдана. “Өгөөмөр” зах дээр хамгийн их борлуулалттай нь “Приус” автомашины арын дугуй гэнэ. 195х65х15 харьцаатай, 2009 оных нь 35000 төгрөг, 205х65х15 хэмжээтэй нь 55000 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Мөн жижиг оврын ачааны машин “Пронтер”, “Портер”-ын дугуй эрэлт ихтэй байдаг гэж худалдагч нар нь ярив. “Пронтер”-ийн 5.50хR13 хэмжээтэй арын дугуй 50000 төгрөг, шинэ нь 70-80 мянган төгрөгийн ханштай байсан бол “Портер”-ийн арын хуучин дугуй 35000 төгрөг, Япон шинэ дугуй 55000, Солонгос шинэ дугуй 60000 төгрөгийн ханштай байна. “Өгөөмөр” зах дээр зарагдаж буй дугуйнуудын ихэнх нь Япон, Солонгос улсаас импортолсон хуучин дугуй юм байна. Автомашины эд анги үйлдвэрлэгчид “Приус”, “Аллион” зэрэг суудлын машины дугуйг шинээр үйлдвэрлэх нь ховор учраас хуучин дугуй импортолж худалдаалдаг аж. Харин “Ланд-200”, “570”, “Жийп” гэх мэт тансаг хэрэглээний автомашины дугуйг шинээр үйлдвэрлэдэг гэж “Өгөөмөр” захын худалдаачид ярьсан юм. “Өгөөмөр” захад “Портер”-ийн урд талын хуучин дугуйг 50-60 мянган төгрөг, шинэ дугуйг 130-135 мянган төгрөгөөр худалдаалж байв.

Ам.долларын ханшийн өсөлтөөс болоод дугуйны үнэ өнгөрсөн зуныхаас дор хаяж 15000 төгрөгөөр нэмэгджээ. Өнгөрөгч долоо хоногт цаг агаар эрс хүйтэрч, цас их орж, халтиргаа гулгаа нэмэгдсэн тул дугуйны борлуулалт өнгөрсөн жилийнхээс илүү байна гэж найман жил дугуй худалдаалж буй Б.Сайнхишиг ярьсан юм. Түүнээс халтиргаа гулгаа ихтэй үед ямар дугуй сайн байдаг талаар тодруулахад “Япон дугуй халтиргаанд гулгах нь арай бага байдаг. Манайд “Приус” машинтай хүн их байдаг. Приустэй хүмүүс өвлийн дөрвөн дугуйгаа нэг сольчихсон байхад хоёр, гурван жилдээ ирдэггүй. Ер нь бол 15-тай дугуйнууд их зарагддаг. Миний хувьд өчигдөр долоон өвлийн дугуй зарсан. Өвлийн дугуйны хээ нь муудвал халтирч гулгана. Дугуйны хээ муудах эсэх нь тухайн хүний явалтаас л шалтгаална. Гэр, ажил хоёрын хооронд явбал дугуй нь элэгдэхгүй хоёр жил ч болно. Таксинд эсвэл нийтийн тээвэрт явдаг машины хувьд өдөрт мянган км явдаг учраас дугуйны хээ гурван сарын дотор элэгддэг” гэсэн юм. Хятадаас орж ирдэг дугуйны хувьд ихэвчлэн шинэ дугуй орж ирдэг юм байна.

Тэрээр “Цас орохоор дугуйны үнэ ханш өслөө гэдэг. Энэ бол буруу ойлголт. Хүмүүс дугуй аваад ханачихсан. Өдөр бүхэн талх шиг зарагддаг эд биш шүү дээ. Тэгэхээр цас орохоор 30 мянгын дугуй жар, далан мянга болдог гэдэг бол ор үндэсгүй мэдээлэл” хэмээн ярилаа. Хагарч муудсан ганц, хоёр дугуйгаа солих гэсэн жолооч нар их ирж байгаа гэж худалдаачид хэлж байв.

Энэ бүгдийн эцэст гулгаанаас үүдэлтэй автомашины ослын шалтгаан нь хүнд хөнгөндөө бус дөрвөн дугуй, тоормос, замын дүрэм барьж хөдөлгөөнд оролцож буй жолооч гурваас шууд хамааралтай гэдэг нь ойлгогдлоо.

Н.ГАНЧИМЭГ