2016 оны  11 сарын байдлаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйн улмаас  1697 зам тээвюрийн осол бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 369 хүний амь нас хохирсон, 1178 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад  гарсан гэмт хэрэг -10.3%, нас барсан хүн -10.2%, гэмтсэн хүн -9.0% буурсан тоон үзүүлэлтэй гарсан байна. Хэдийгээр ослын  тоо буурч байгаа ч осол гаргачихаад ослын газрыг орхин явах тохиолдол гарсаар байна.

Өчигдөр л гэхэд ХУД-ийн 3-р хороо Чингисийн өргөн чөлөө 49-р байрны гадаа улсын дугаар, марк тодорхойгүй тээврийн хэрэгсэл нь явган зорчигч 7 настай Г-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан байна.  Осол гаргачаад  хэргийн газрыг  орхиж явбал  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 34.1-д заасны дагуу  9 600 000 төгрөг төлнө. Тодруулбал  ЗХАБТХ-ийн  34.1.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан бөгөөд торгуулах болно.

Зарим жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, бичиг баримтын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцож явахдаа, айж, сандарсан, осол хэргээ нуун далдлах зорилгоор осол хэргийн газраас зугтаах явдал нилээдгүй  гаргадаг.  “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэж үг байдаг хэзээ нэгэн цагт таны хийсэн хэрэг зөрчил илэрдэг гэдгийг ойлгох  хэрэгтэй. Зам тээврийн осол гаргачихаад баригдахгүй байх гэсэн ахархан бодлоор зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэлгүй ослын газрыг санаатайгаар орхиж зугтдаг нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг.

Учир нь осол, хэргийн газраас зугтаах үйлдлийг “санаатай үйлдэл” гэж үзэн Эрүүгийн хуулинд "хүндэвтэр" гэмт хэргийн төрөлд хамааруулан зааж хүлээлгэх хариуцлагыг  хүндрүүлж үздэг.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугатаах тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн байдаг. Үүнийг дурдвал:

216.1. “Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”.

216.2. Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ

Гэмт хэргийн газар заавал ул мөр үлддэг учир зам тээврийн осол, хэрэг үйлдсэн хүн баригдах нь гарцаагүй. Улаанбаатар хотод камерийн систем хөгжсөн, иргэдийн нийгмийн идэвхи, ухамсар дээшилж мэдээллийг хурдан шуурхай өгдөг болсон зэрэг нь ч хэргийг түргэн шуурхай илрүүлэхэд нөлөөлдөг.  

 Иймд эрхэм жолооч та бүхэн зам тээврийн осол хэрэгт холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж жолоочийн болон иргэний үүргээ биелүүлж  байгаарай.

Хэрвээ та осолд өртсөн бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн12.2.3.зам тээврийн ослын үед эмнэлгийн болон авран хамгаалах бусад яаралтай тусламжийг холбогдох төрийн байгууллага, хариуцсан этгээдээс үнэ төлбөргүй авах эрхтэй гэдгээ ч битгий мартаарай.