Монголын төр засаг ямар их авилгалд өртсөнийг Оросын бизнесмэн ганцхан удаагийн ярилцлагаараа л илчиллээ. Энэ бол “Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулсан ОХУ-ын иргэн Сергей Викторович Паушок. Ноён С.В.Паушок ETV телевизийн “Чөлөөт сэдэв” нэвтрүүлэгт оролцож, хөтлөгч С.Жимсээтэй онлайнаар ярилцсаныг "Зууны мэдээ" сониныхон "буулгажээ".

Тэд Монголд бизнес эрхлэхэд ямар хүндрэл учирсан, эрх баригчдаас хэн ямар дарамт үзүүлдэг байсан тухай ний нуугүй ярилцсан бөгөөд монголын нэр бүхий улс төрчдийг зөвхөн өөрсдийнхөө төлөө ажиллаж, амьдардаг, мөнгө л байхад тэдэнд ард түмэн огт падгүй гэдгийг зүгээр л хэлээд өгсөн ярилцлаганаас хэсгээс нь ямар нэгэн тайлбаргүйгээр хүргэе. “Алтан Дорнод Монгол” компани бол нэг хэсэг монголын хамгийн их алт олборлодог компани байсан. Тус компанид нийт 1500 орчим хүн ажиллаж байсан. Үүний 700 орчим нь монгол, үлдсэн 800 нь гадны 68 үндэстнээс бүрдсэн ажилчид байсан гэдгийг Паушок ярилцлагандаа дурджээ. Мөн “Алтан Дорнод Монгол” компанийн үйл ажиллагаа яагаад зогссон талаар ярихдаа “Миний хувьд манай компанийг үйл ажиллагааг доголдуулсан, хааж боосон олон хүн бий. Энэ хүмүүсийн тоонд С.Баяр, Ц.Нямдорж, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил зэрэг хүмүүс багтах байх.

Энэ дөрөв зөвхөн С.В.Паушокийг устгасан бус бусад олон алт олборлогчдын хувь заяагаар тоглосон гэж хэлж болно. Үүнийг дайн гэж дөвийлгөх нь хаашаа юм. Гэхдээ энэ хүмүүс зөвхөн өөрсдийнхөө эдийн засгийн, бизнесийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн. Гол дүрээр Сү.Батболд, С.Баяр тоглосон бол Ц.Нямдорж зөвхөн тэдний тушаалыг гүйцэтгэсэн. С.Баяр бол улс төрд мөнгө хийх гэж л орж ирсэн хүн. Ард түмний эрх ашиг С.Баярт огтхон ч сонин биш байсан. Сү.Батболд бол ард түмний эрх ашгийг өөрийн эдийн засгийн эрх ашигт ашиглаж хөрөнгөө босгож амжсан эр. Бүр маш их хэмжээний шүү. Тэд эрх мэдэлд байгаа богинохон хугацаанд яаж тийм их хөрөнгийг босгосон бэ гэдэг нь тодорхой. Тэдэнд зориулж ганц тодорхойлолт хэлье. Тэд бол долларын тэрбумтнууд. Төгрөгийн тэрбумтнууд биш долларын тэрбумтнууд шүү.

Энэ хоёрын хооронд том ялгаа бий. Тэд яг л зөгий шиг өглөөнөөс орой болтол ажилласан. Миний бодлоор Ц.Нямдорж холын бодолгүй юм шиг. Зөвхөн тэдний гар хөл байсан учраас өгсөн даалгаврыг нь гүйцэтгэсэн байх. Тэдний гол зорилго “Алтан Дорнод Монгол” компани биш. Татвар ч биш. Зөвхөн Паушок л байсан. Яагаад гэхээр Паушок дандаа үнэнийг хэлдэг байсан. Тэр хүмүүстэй харьцуулахад дандаа үнэнийг ярьдаг байсан.

Би дургүйцлээ хэзээ ч нууж байгаагүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн эрх мэдлээ эрх ашгийнхаа төлөө ашиглаж, ойр хавийнхаа бүхнийг авлигын сүлжээнд оруулж ард түмнийг хохироож байгаа нь надад таалагдаагүй” гэжээ. Мөн тэрбээр монголын улс төрчдөд хоёр сая хүн хортой агаараар амьсгалж, хордож, элдэв өвчнөөр өвчилж, дундаж наслалт богиносч байгаа нь ердөө сонин биш. Би уг нь энэ асуудлыг нефть боловсруулах үйлдвэр бариад шийдвэрлэх боломж байсан, хүссэн. Гэвч тэдэнд тийм сонирхол байгаагүй. Тэдний хэн нэгэнд гаднаас шатахуун импортлох нь ашигтай байсан. Ялангуяа С.Баярт” хэмээжээ. Тэгэхээр монголын улс төрчдөд ард түмэндээ ингэж л ханддагийг том томруунаар харуулаад өгч байна.