Социализмаас зах зээлийн нийгэмд шилжиж эхэлсэн тэр цаг үеийн нэгэн төлөөлөл бол 90 саяын Б.Гансүх хэмээх дуулиант эр билээ. Харин дуулиан шуугиантай энэ хүний амьдралаас сэдэвлэсэн “Бодлын хулгайч” нэртэй кино бүтэж, үзэгчдийн хүртээл болсон юм. 90 саяын Б.Гансүхтэй ярилцлаа. 

-90 саяын Б.Гансүх гэж хэн бэ, таны амьдралын түүхэн замналаас  яриагаа эхлэх үү? 

-Миний амьдралын замнал 40, 50 мянгатын намхан шар байшингаас эхэлсэн дээ. Би нэг ахтай, ээжтэйгээ гурвуулаа эзэнгүй арал дээр байгаа юм шиг л амьдардаг байлаа. Намайг ээжийн гэдсэнд байхад аав маань орхиод явсан гэдэг. Айлын хүүхдүүд ааваараа бахархаад, аав нь хүүгээ өндөрт өргөөд явахыг  харахад миний зүрх сэтгэл их шархалдаг байлаа. Бяцхан хүүхдийн зүрх сэтгэл яаж гүн шархалдаг гэдгийг хүмүүс мэддэггүй. Нэг жишээ ярихад намайг бага байхад ээж минь Дэнжийн мянгын захаас цэмбэн гутал авч өгөөд миний хүү  ээжээрээ өөр юу авахуулах вэ гэхэд нь “Ээж ээ та надад аав худалдаад аваад өгөөч” гэж хэлээд уйлуулж байсан минь миний сэтгэлд тодхон санагддагсан. Миний аав бид гурвыг татаад дууссан тамхины иш шиг хаяад явсан юм байна билээ. Би тэр үед  аавыгаа үзэн яддаг байлаа. Харин одоо эзэн есүс христэд итгэсэн цагаас хойш үхэхээс доор үзэн яддаг байсан хүмүүсээ хайрлаж уучилж чаддаг болсон.  Өөрөөр хэлбэл, миний зүрх сэтгэлд шал өөр ертөнц бий болсон гэх үү дээ. 

-Та амьдралынхаа хамгийн аз жаргалтай байсан үеэ дурсаач?   

-Хүний амьдралын мартагдашгүй аз жаргал бол гэр бүл байдаг. Дэлхий дээр амьдарч буй хүн бүхэн бие биеэ хайрлаж байгаасай гэж би хүсдэг. Миний  ирээдүйн амьдрал, өнгөрсөн амьдралтай минь заавал адил байх албагүй юм. Хүнийг өмнөх амьдралаар нь битгий харж байгаасай гэж хэлмээр байна. Би хайртай бүсгүйгээ “Гансүх ээ би чамд хайртай” гэж хашгирч байхад нь хүйтэн цасан дээр орхиод явж байсан. Тэр үеэ бодоход зүрх минь өвдөх шиг болдог. 

-Хүмүүс таныг, тэр тусмаа таны амьдралыг илүү ихээр сонирхож байгаа. 90 саяын Гансүх гэх алдрыг хүртэх болсон шалтгаан нь юу вэ? 

-1994 онд Монгол Улсын Их сургуулийг төгсөөд Монголын радио телевизийн улс төр мэдээллийн албанд сэтгүүлч редактороор жил хэртэй ажиллаж байлаа. Тэнд ажиллаж байх хугацаанд миний амьдралд муу ёрын сүнс маш сонгодог бүжгийг дэглэсэн байдаг. Би ахындаа очих гээд автобусанд явж байтал миний урд сууж байсан хоёр хөгшин их сонирхолтой юм ярьж байсан. Тэр хоёрын яриа миний анхаарлыг маш ихээр татсан учраас дагаж явсаар хоёр хөгшинтэй хамт бууж байлаа.  Нэг нь Төрийн соёрхолт Ж.Пүрэв гуай байсан. Хоёр хөгшин  Монголын түүхийн талаар онц сонирхолтой зүйлийг ярьсан учраас би 1920-1925 оны үеийн  түүхийг судлах шаардлага байсны үндсэн дээр Богд хаант Монгол Улсын тэр үеийн түүхэн хуудсууд надад хэрэгтэй болж музейд орох гэтэл оюутан, энгийн ардыг оруулдаггүй эрдэмтэн судлаачдыг оруулдаг гэсэн юм. Тэгэхээр сэтгүүл зүйн тэнхимийн декан байсан М.Зулькафиль багш дээр очоод Монгол Улсын Их сургуулийн багш гэсэн бичиг хийлгээд орсон. Ингэж  миний 90 саяын тодотгол цол гуншингийн эхлэл тавигдсан. Архивт ороод гурван судар баримтыг уншиж судлаад тэрхүү түүхэн баримтаар кино хийвэл ашиг олох бүрэн боломжтой юм гэсэн бодол төрсөн. Би хоёрдугаар курсын оюутан байхдаа  “Ариун бодь мөрийн зам” гэсэн кино зохиол бичиж байсан. Дараа нь 1993 онд “Төөрөлдсөн заяа”, 1994 онд “Их замын урсгал” зэрэг кино зохиол бичиж байсан учраас кино хийнэ гэдэг миний мөрөөдөл байлаа. Тэрхүү сударт Америкийн түүхийн музейд Монголоос олдсон олдворуудын  талаар дэлгэрэнгүй түүхэн баримт бичээстэй байсан нь миний сэтгэлийг татаж чадсан.  Би тэр үед 23 настай залуу байлаа. Америкт Монголын түүхэн олдворууд байна. Тэр музей нь улсынхаа брэнд музей гэсэн тодотгол миний анхаарлыг татсан.  Энэхүү сонирхолтой баримтыг түшиглэн долоо хоног судалсаны  үндсэн дээр  “Түлхүүр нь хэний гарт байна” гэсэн кино зохиол бичиж, Цолмон гэдэг танилаараа  англи хэл дээр орчуулуулсан.  Киногоо бодит кино болгон гаргахын тулд надад спонсор хэрэгтэй байсан. Маш олон газраар спонсор хайж явсан харамсалтай нь олдоогүй. 

-Хоёр улсаас хамааралтай киног  Гадаад хэргийн яам  шийдвэрлэж, туслах шаардлагатай  биш гэж үү. Гадаад хэргийн яаманд хандаж үзсэн үү? 

-Гадаад хэргийн яаманд хандахад Америкийн талаас зөвшөөрсөн асуудал  гэвэл  Монгол Улсын Их сургууль Монгол Улсын Засгийн газрын харьяа сургууль учраас нэхэмжлэгч байгуулагын хувьд Америктай холбож өгье гэсэн шийдвэрийг гаргасан.  Би энэ киног хийхийн тулд  Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх байгалийн ухааны бакултетын эрдэм судалгааны нийгэмлэгийг байгууландаргаар нь ажилласан. Манай байгууллагын  Удирдах зөвлөлийн гишүүд  бүгдээрээ доктор профессорууд байсан. Харамсалтай нь хөрөнгө, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх спонсор олдоогүй. Энэ үеэс эхлэн миний биед муу ёрын сүнс, бусдад худлаа хэлэх аргыг зааж өгсөн дөө. 

-Спонсор олдоогүй учраас худлаа ярьж, залилан хийсэн хэрэг үү? 

-Муу ёрын сүнс намайг худлаа яриулж чадсанаар мөнгө олно гэсэн юм билээ.     Спонсор байгууллага олдохгүй арга тасарсаны үндсэн дээр Засгийн газарт хандъя гэж шийдсэн. Ерөнхий сайд П.Жасрайтай уулзая гэтэл1995 онд багш нар ажил хаялт гээд намайг хүлээж авах боломжгүй байсан. Хоёр улсыг хамарсан түүхэн  кино учраас Ерөнхийлөгч П.Очирбаттай уулзья гэж зориод очтол Ерөнхийлөгчийн  Захидал харилцааны албаны дарга Баасанжав гэдэг хүнтэй уулзан. “Ерөнхийлөгчтэй уулзах гэсэн юмаа гээд киноныхоо талаар яриад Америкийн талаар манай эрдэм шинжилгээний нийгэмлэгт кино хийх ажлыг дэмжиж таван сая ам.доллар өгөхөөр болсон” гэж худлаа яриад орсон.   Ерөнхийлөгч намайг хүлээн авч, бид хоёрын яриа хоёр цаг 30 минут үргэлжлэхэд  Ерөнхийлөгч миний яриаг маш анхааралтай сонсож байлаа. Таван сая ам.доллараа авахын тулд 100 сая төгрөг хэрэгтэй байна  гэж хэлсэн. Яагаад гэвэл ажлаа танилцуулна замын зардал байр, хоолны зардал гээд  та боддоо 100 сая төгрөг гаргаад, хоёр тэрбум төгрөг олох боломж байна гэсэн. Таван сая ам.долларыг шууд дансаар авах гэхээр айгаад байна. Сангийн яамаар дамжуулж авах гэсэн юм. Монгол Улсын иргэний хувьд гаднаас мөнгө оруулах гэж байгаа учраас  таниас асууя гэж зорьж явна гэж хэлсэн. Мөнгөө аваад гурван саяар нь кино нийгэмлэгийнхээ  үйл ажиллагаанд зарцуулан үлдсэн хоёр саяыг нь төр засагтаа хандивлая гэж шийдсэн юм хэмээн бүх худал үнэн бүгдийг хамж ярилаа. Ерөнхийлөгч “Залуу эрдэмтэн Гансүх ээ чиний яриа миний анхаарлыг ихээр татаж байна. Өнөөдөр засгийн газар хуралдаж байгаа. Бямбажав сайдыг дууд гэж” туслахдаа үүрэг өгсөн. (Сангийн яамны сайд байсан.) Намайг шууд Сангийн яам руу явуулаад Ерөнхийлөгч өөрөө  Бямбажав сайд руу ярьж чамд тусал гэж хэлье гэв.  Би Бямбажав сайд дээр очоод  Ерөнхийлөгчид ярьсан бүхнээ  хоёр цаг хэртэй ярьсны эцэст Бямбажав гишүүн зөвшөөрөөд  гурвалсан гэрээ байгуул хэмээн Болдбаатар даргад үүрэг өгсөн. Гэрээ байгуулахын тулд Америкийн талаас таван сая төгрөг өгнө гэсэн баримтыг хавсаргах шаардлагатай. Гэтэл надад гэрээ байхгүй учраас Америкийн талаас хамтарч ажиллах гэрээний эхний толгойг хаачлаад гарын үсэг, он сарыг нь наагаад таван сая ам.долларыг эрдэм шинжилгээний ажилд зарцуулахаар зөвшөөрөв гэсэн бичгийг олж хуурамчаар үйлдээд  Болдбаатар даргатай гэрээ байгуулсан. 

-Та энэ бүхнийг ганцаараа зохион байгуулсан  уу, эсвэл хамтрагчидтай юу? 

-Би энэ бүхнийг ганцаараа зохицуулсан. Надтай хамт манай эрдэм шинжилгээний байгууллагын орлогч дарга хамт явсан. Түүнд мэдэх зүйл байхгүй, толгой нь эргээд яваад байсан. Одоо бодоход үнэхээр айдаг. Гэрээгээ байгуулж дуусаад Сангийн яамны  төрийн сангийн газрын дарга Монголбанкинд үүрэг өгсөн. Монголбанкны дарга тэр үед Моломжамц байлаа. Моломжамц дарга дээр очтол бүх арилжааны банкуудын жилийн лимит зургаан сар гээд харамсалтай нь  дуусчихсан. Харин  Засгийн газраас Гансүхэд  тав хоногийн дотор мөнгө олгогдохгүй бол Сангийн яамнаас олгоно гээд заачихаж. Таван сая ам.доллар орж ирвэл 100 сая төгрөг ч хамаагүй гэж бодож байсан байх л даа.  Моломжамц дарга Худалдаа хөгжлийн банкны захирал Сандагдоржийг дуудан 90 сая төгрөгийг гаргуулж өгсөн. Гэтэл намайг Чулуунбат дуудан “Ам.доллараа солиулвал надад хэлээрэй” гэж байсан. Би Чулуунбат Сандагдорж хоёртой сайн найз болсон. Надад хүмүүс үнэхээр итгэж байсан гэх үү дээ.   

-Тэр их мөнгө залилж авах энэ хатуу зүрх хаанаас гарав. Мөнгөө аваад хамгийн түрүүнд юу бодогдож байв. Баяжлаа л гэж бодож байв уу? 

-Одоо бодоход ямар бөх зүрхтэй, ямар тэнэг байсан юм бэ. Үнэхээр адгийн тэнэг л би байсан даа.  Мөнгөө аваад хүнсний 20-ын арын дэлгүүрийн үүдэн дээр зайрмагт дугаарлаж зогсож байсан гээд бод доо. Мөнгөө үүрчихсэн, хүний ард дугаарлан зайрмаг авч байсан. Миний амьдрал хангалуун байгаагүй. Хэдийгээр аавгүй өссөн ч гэсэн миний ээж хоёр хүүхдээ хоосон хонуулахгүй юмсан гэж амьдралын төлөө зүтгэж явсан ч бидний амьдралд хоолгүй хонож байсан үе бий. Харин би 90 сая төгрөг өвөртөлсөн баян залуу  гэртээ ороод ээжээ та бид хоёр баян боллоо гэж мөнгөө дээш нь цацаад үсэрч байхад миний ээжийн зүрх өвдөж байсан. Хүү минь чи юу л хийгээд байна гэхэд нь “Та хэдэн сарын дараа хараарай  хүү нь баян болно” гэж байсан. Ядуу байсан хүн чинь их мөнгө атгаад ирэхээрээ хамаагүй зардаг юм байна билээ. Маргааш нь ниссан патрол жийп авч унаад ойр зуур идэж уух юм аваарай гээд ээждээ 20 сая төгрөг үлдээгээд, Америк явсан. Америкийн тэр музейд очоод судалж, хоёр талын хэлэлцээр хийх гэтэл Америкийн тал үнэхээр новширсон л доо. Би Монгол Улсын иргэний хувьд энэ шархаа нөхнө гэж боддог. 

-Америк улс руу хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явсан бэ. Америкийн тал юу гэж новширсон гэж? 

-Цэдэндолгор гэдэг орчуулагч эмэгтэй, манай кино нийгэмлэгийн орлогч дарга Мягмарсүрэн бид гурав явсан.  Америкийн талаас танай орон гарах зардлын 70 хувийг харин манайх  30 хувийг гаргая, тэгээд хамтарч ажиллая гэсэн санал хэлсэн. Засгийн газартаа худлаа яриад мөнгө авсан учраас гэрээний талаар  дамжуулах боломжгүй. Судлагааны хүрээлэнгээс 1924-1994 он хүртэл Засгийн газраас байгуулсан гэрээнд 70 жил олсон нийт орлогын 0.5 хувийг манайх авья гэсэн. Хоёр улсын хамтарсан гэрээг канондоод авчихсан байсан нь их өгөөж болсон. Тус  гэрээний ачаар  Америкийн тал манай оронд 1996 оны хоёр улиралд очихоор зөвшөөрөн гэрээгээ байгуулсан. Гэрээгээ байгуулаад ажлаа дуусчихсан байтал манай найз нэг өдөр утсаар яриад Ионголд 400 сая төгрөгийн жижиг дунд үйлдвэрийн төслийн зээл байна. Гэхээр нь бас л хуурамч факсын хүчээр  Америкийн хөрөнгө оруулалттай хэмээн төсөл бичээд ялсан. Энэхүү төсөлд ялсан болохоор надад Монголдоо очих зайлшгүй шаарлага гарсан даа.   

-Таныг эхнэр тань цагдаад барьж өгсөн гэж сонссон. Шалтгаан нь юу байв? 

-Манай эхнэр Сарангоо надаас хоёр удаа Америк руу чамтай хамт  явмаар байна гэж гуйсан. “Жилийн дараа ээж та хоёрыг татна” гэсэн. Энэ ганцхан өгүүлбэрээс болоод  эхнэр маань уурлаж бид хоёрын дунд  хэрүүл маргаан дэгдэж намайг барьж өгөх шалтгаан болсон. Миний жолооч Цэнддаваа гэж байлаа. Мягмарсүрэн бид хоёр 400 саяынхаа тухай ярьж байхыг манай жолооч сонсож л дээ. 400 саяын тухай Сарангоо мэдэж байсан учраас түүний талаар мэдээллийг хайж байсан байх нь. Сарангоо миний ниссан патролыг барьдаг. Нэг өдөр дугуй нь хагараад Цэнддавааг дуудан дугуйгаа нөхүүлээд 20 мянган төгрөг өгөөд, Чи Гансүх ахдаа намайг мөнгө өгсөн гэж битгий хэлээрэй гэж л дээ. Манай жолоочид  “Ганаа намайг орхиж явах гээд байна би Америк руу хамт явмаар байна” гэхэд нь манай жолооч хууртагдаад бүх үнэнийг тоть шиг ярьсан. Ер нь бол залилан хийдэг нөхөртэй залилан хийдэг хүн л учирдаг юм билээ. Сарангоо найз Эрдэнэбулган дээрээ очоод “Би нөхрийгөө Америк явуулмааргүй байна. Америк явбал намайг хаях гээд байна ойлгож байна уу” гэж хэлсэн байсан. Хууль мэдэхгүй хоёр эмэгтэйн тэнэг шийдвэр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар дээр очоод “Манай нөхөр хуурамч бичиг баримтаар Худалдаа хөгжлийн банкнаас 400 саяын тендерээр зээл авах гээд байна. Та энэ зээлийг нь хаагаад өгөөч  нөхрийгөө шоронд хийхийг хүсэхгүй байна. Мөнгөө аваагүй байхад манай нөхрийг шоронд хийхгүй биз дээ” гэхэд нь байцаагч эрийн хувьд өгөөш орж ирсэн  учраас юу гэж хийхэв дээ гээд тэр хоёроор яриулан мэдээлэл олж авсан нь намайг харанхуй нүх рүү түлхсэн. Би гэртээ  эхнэрээ  хүлээгээд сууж байтал хаалга тогшоод Сүхбаатарын цагдаагийн газрын ажилчин Жамбалсүрэн гэдэг залуу байна. Би Эрдэнэбулганы найз нь юм аа тэр хоёр чамайг жаахан айлгаад өгөөч гэсэн юм. Сарангоо та хоёр жаахан маргалдаа юу гээд  намайг аваад явсан. Байцаагч эр надаас гэндүүлээд “Зээл чинь юу болж байна” гээд найзын хувьд сонирхож байгаа мэт царай гарган асуутал ам алдаад би хариулахдаа зээл бүтсэн нэг дэх өдөр авна. Нөгөө баримтаараа авчихсан гэж хэлээд хоригдсон. Сарангоо намайг санамсаргүй бариад өгсөн дөө 

-490 сая төгрөгөөр амьдралаа арилжсан таны хувьд ирээдүйн амьдралын харгуй бүрхэг байна даа? 

-Намайг бүх банкаар шалгахад Худалдаа хөгжлийн банкнаас 90 сая төгрөг илрэх нь тодорхой. Яг нөгөө факсаараа хуурамчаар үйлдсэн гээд маргааш нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөөн шуугиан болж, “Монгол Улсын Ерөнхийлөгч мэхлэгдэв. Доктор Гансүх 24 настай хүүхэд байлаа гэж”  мэдээлээд Гансүх хүүхдийн хэрэг мөрдөнд шилжиж амьдрал минь харанхуй хонгил мэт бүүдгэрсэн дээ. Сарангоо гэдэг мисс эмэгтэй шуналаасаа болж энэ мөнгийг хаачихвал би энэ нөхөртэй суучихна гэсэн тэнэгхэн  бодлоосоо болж миний амьдралыг  баллаад хаясан. 

-Хэрэг мөрдөнд шилжээд амьдралынхаа хамгийн харанхуй ертөнцийг бий болгосон тэр мөчид яг юу бодогдож байв аа?    

-Харамсамаар санагдсан. Үнэхээр миний амьдралын гэрэл гэгээ боловсон ээж, ах нар маань гээд өнгөрсөн амьдрал маань нүдний өмнүүр зурайгаад өнгөрсөн. Хамаг сайхан амьдрал дууссан мэт санагдан мөрдөнгийн амьдрал үүд хаалгаа нээсэн дээ. Үнэхээр шоронгийн амьдрал там байсан. Амиа хорлоё ч гэж бодож байлаа.  Тэр үнэр танар, хүмүүсийн харьцаа хүний ертөнцөөс дэндүү хол тасархай байсан. 

-Таныг шүүх хурал Монголыг цочроож байсан. Засгийн газраас шүүх хуралд хүмүүс оролцсон уу? 

-Мөрдөнд жил хоёр сар шалгагдаад 1996 оны долдугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүх дээр 11:00 цагт миний шүүх хурал болоход Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө хүрэлцэн ирэх боломжгүй учраас Тамгын газрын дарга болон  Засгийн газраас маш олон хүн оролцсон. 

-Та хам хэрэгтнээр хэдэн хүний амьдралаар тоглосон бэ. Эсвэл бүх хэргийг өөрөө даагаад гарсан уу? 

-Бүх хэргийг би өөрөө даагаад гарсан. Гэхдээ миний хэргээс болж зарим нэгэн хүмүүс ажиллаасаа халагдсан.  Би шоронд орохоосоо өмнө 115 кг жинтэй байлаа. Хэрэг таслагдахад 60 кг болтлоо турсан байсан, үнэхээр аймшигтай. Туралтын  шалтгаан нь хэргээ ганцаараа даахын тулд үхтлээ зодуулсан, дээр нь  22 хоног өлсгөлөн зарласан. Өлсгөлөнгийн үедээ гуя руугаа тариа хийлгээд өөрөөр хэлбэл, тариагаар хооллодог байсан. 

-Шоронгийн амьдралыг өвчтэй биеэрээ мэдэрсэн хүний хувьд хорихын  хатуу дэглэмийн талаар яриач? 

-Дамжин өнгөрүүлэх ангид хүнийг яаж яргалан зовоодог тэр зовлонг би биеэрээ мэдэрсэн. Шоронд байгаа хоригдлуудын нулимс, цусанд ерөөсөө хандаггүй. Шоронгийн  шал нь цусаар урсдаг, тийм л эмгэнэлтэй. Хоригдол бол хүн биш зүгээр боксын мишокийн дайтай үзэж балбадаг байсан. 1995 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр төмөр бүхээгтэй машинд 23 хоригдол ачигдаад Зүүнхараагийн цаана орших Дарьтын шоронд хоригдсон. Бидний суусан машин төмөр шалтай төмөр бүхээгтэй тул өвлийн тэсгим хүйтэнд хоригдлууд хөлдөж үхэхийн гаслан дунд буулгаад ороолгож тамладаг. Хорих ангид аваачаад өвлийн хүйтэнд гадаа таачуулдаг. Орсон хойно тэр шоронгийн  хоригдлууд нь зодож, хамаг сайн сайхныг дээрэмддэг. Мөн шинэ хоригдлуудаар хөлдүү жорлон ухуулдаг байсан. Хоригдол хүн өвдөх эрх байдаггүй, энэ бол гашуун үнэн. Ингэж миний шоронгийн амьдрал өрнөсөн. Шоронд өлсгөлөнгөөр маш их хоригдлууд үхдэг. Энэ бол шоронгийн эрчүүдийн хувь заяа. 

-Төрүүлж өсгөсөн ээж тань шоронд хоригдоход таниас илүү зовсон доо. Ээж тань таныг эргэж ирсэн үү? 

-Би 1997,1998 оны үед шоронд хөлөө олчихсон байсан үе. Ээж маань тэргэн дээр суугаад намайг зориод ирдэг байлаа. Тэтгэврийнхээ мөнгийг цуглуулаад надад арвайн гурил, замбаан шар гурил зуураад  боов боорцог авчирч өгдөг байсан. Эхийн сэтгэл үрд, үрийн санаа ууланд гэж үнэн үг шүү. Би багадаа баавгайтай чихрэнд их дуртай байсан болохоор надад ирэх болгондоо тэр чихрийг авчирч өгдөг байсан. Ээж маань эргэлтээр ирэхэд чихэр идэх гээд надтай аягүй олон хүмүүс найз болдог. 

-Шоронд ямар ялтай хүн нэр хүндтэй байдаг вэ. Хүн алсан хүн шорондоо атман байдаг гэж сонссон. Таны хувьд аль зиндаанд нь байсан бэ? 

-90 сая гэдэг утгаараа гал болгон намайг булаацалддаг байлаа. Яагаад гэвэл надад эргэлтээр маш их мөнгө ирнэ гэж боддог байх. Эрдэнээ гэж манай байрны залуу шоронд хөлөө олсон эр байсан. Тэр надад зөвлөхдөө  чи ямар нэг галд орж болохгүй шүү, ямар нэг галд орвол галуудын хооронд маргаан болно гэхээр нь ороогүй. Засаг хоолоо иддэг байлаа. Тэр хоол нь юу гээч үмхийрсэн адууны уушиг, үхэрт өгдөг хивэг буцалгаад ширээн дээр асгадаг. Тэрийг нь хоригдлууд хүссэн хүсээгүй иддэг. Хивэг идээд сууж байхдаа би уйлж байлаа. Америкт идэж байсан рестораны хоол нүдэнд харагдаж сэтгэл гонсойж байлаа. Муу ёрын сүнс миний аминд хүрээгүй л болохоос миний амьдралаар тоглосон. Хивэг идээд бөөстэй хөнжил нөмрөөд хэвтэж буй залуу наранд байхдаа мисстэй зугаалаад явж байсан гэхээр итгэх болов уу гэхээр хүмүүс инээдэг, миний амьдрал үнэхээр тийм л байлаа. Хөлөө олж чадахгүй хоригдлууд маш ихээр үхдэг. Би нэгэнтээ л шоронд орсон учраас хөлөө олох хэрэгтээ болсон. Би шалан дээр хэвтүүлээд бакалаар цохидог нөхөртэй зодолдож, дээрэлхсэн бүхэнтэй зодолдоод  хөлөө олсон. Ингэснээр хивэг идэхээ больж талх иддэг болсон. Хоригдол зодсоны төлөө сахилгад суудаг энэ бол тамлал биш. Миний эргээд хүчээ сэлбэх жингээ нэмэхэд нөлөөлсөн зүйл гэвэл би ахлах тогооч байрын дарга хийх үеэс л эхлэсэн дээ. Ингэснээр би өөрийгөө босгож ирсэн. 2001-2008 он хүртэлх долоон жилийн хугацаанд би сэргэсэн. 

-Та шоронгоос оргоод хүн амины хэрэгт холбогдоод бас л бөөн сенсааци болж байсан байх аа? 

-2001 онд Цоогийг гарсаны дараа  хот руу ачигдаад Ганц худагийн шоронд ирсэн. Би сахилга бат сайтай  байсан учраас надад гадуур ажил хуваарилж өгсөн. Шоронгоос суллагдах хоног ойртлоо, ээжийнхээ  амьд дээр гарья даа гэж бодсон. Намайг шоронд байхад ах маань авто ослоор өнгөрсөн гэдгийг  сонингоос олж уншаад сэтгэл тавгүйхэн байхад эмээгийн бие маш муу байна гэсэн захидал ахын том хүүхдээс ирсэн. Би сэтгэл гундуухан шоронгийн анд Дээгий гэдэг найздаа энэ талаараа ярихад оргоё гэсэн санал тавиад, хянагч нар бүгд цайнд орсон байсныг далимдуулан Цагаан давааны хог дээрээс төмөр авчирч шат хийх нэрийдлээр бид хоёр оргож байсан. Бид хоёр шууд манайд яваад очсон.   

-Гэртээ яваад ороход ээж тань ямархуу байдалтай хүүгээ хүлээж сууна вэ? 

-Миний ээж өмнө нь буурал үстэй тарган шар авгай, дандаа инээмсэглэж явдаг байсан бол намайг анх шоронд очсон шиг аймшигтай турж, нүднээс гарсан байлаа. Манай гэр цаанаа л нэг хар өнгөтэй харагдсан. Ээж маань хэвтэрт, орныхоо толгойноос бүс уясан түүнээсээ татаж босдог. Миний ээжид цай чанаж, хоол хийж өгөөгүй хэр удсаныг бүү мэд халтар аяга, бие засдаг хувин нь л зөвхөн урд нь байсан. Бурхныхаа урд зул асаасан тийм л байдалтай угтсан даа. Ээжийгээ хараад дотор үнэхээр хачин болсон. Ээжийнхээ өмнө би нулимсаа унагаая гэж бодоогүй цонх руу хараад дотроо уйлаад амьсгаа авахад нүд маань нулимсаар бүрхэн бэтгэрч байлаа. Хүү нь таныгаа өргөөд босгоё гэтэл манай ээжийн нуруу нь цоорсон хэвтэж байлаа. Ээжийгээ цоортол хэвтүүлчихээд ахыгаа шороонд булаад өөрөө залуу насаа авсалчихаад би яах гэж амьдарч байгаа юм бэ гэж дотроо уйлж байсан. Миний ээж орныхоо араас бааданд боосон хадгалж байсан 5000 мянган төгрөгийг надад өгөх өгөөд “Ээж  нь үүнээс илүүг өгч чадахгүй нь” гэсэн. Би ээждээ үнсүүлээд гарахдаа нулимсаа барьж ядан уйлж билээ. Тэр миний ээжийнхээ царайг харсан хамгийн сүүлчийн өдөр. Миний хүү хурдан ирээрэй ээж нь үүнээс илүү хүлээхгүй гэсэн эхийн минь хэлсэн бүхэн зүрх өвтгөдөг.  Миний амьдралын хамгийн хүнд үе хүнд дурсамж бол гэрт орох байсан. Гараа өргөөд такси бариад явтал жолооч нь “Бензиний мөнгө байхгүй, хийгээрэй” гэхэд Дээгий  багшийн дээдийн урд зогсоод сургуулийн жорлон руу ороод долоон оюутныг хутга тулган дээрэмдээд ээмэг гар утас зэргийг нь аваад дэлгүүрт хямдхан худалдаад явсан. Хонхорын зүг явж байгаад жолоочид мэс тулган машиныг нь өөрийн болгоод, жолоочоо багааж руу чихээд явж байлаа. 

-Хэзээ нь цагдаа нарт баригдсан бэ? 

-Бид  хоёр хот ороод явж байтал Чулуун овооны тэнд цагдаа нар машин шалгаад  нэгжлэг хийж байсан. Яг тэр шалгалтын үеэр зугтах гэтэл “Жолооч хөл нүцгэн буугаад дээрэмчид” гээд орилтол цагдаа нар араас ирээд түлхүүр булаацалдахад Дээгий гар руу нь, би гэдэс рүү нь мэсээр дүрээд машинтайгаа зугатаан  “Гов”ь амралтын байрлах  уулын мухарт тулж зогсоод баригдсан. Бид хоёр тавдугаар сарын 3-нд оргосон. Харин өмнөх өдөр нь Сонсголонгийн гүүрэн дээр нэг цагдааг хутгалж алаад  зугатсан  гэмт хэрэг гарсаныг  бид хоёрыг гээд ойлгоод бид хоёрт бүх цагдаа хүчний байгууллагууд анхаарлаа хандуулан нэгжлэх хийж байсан. Баригдсаны маргааш нь бид хоёрыг Ганц хутагт аваачиж хорьсон. Харин азаар цагдаа алсан нөхөр нь удалгүй баригдсан юм. 

-Та дахиж ээжийнхээ сургийг гаргаж чадсан уу? 

-Би мөрдөнд байхдаа  Мөнхбат гэдэг жижүүртээ хандан та манай гэр рүү захиа хүргээд өгөөч, ээжийн минь бие муу байгаа сургыг нь гаргаад өгөөч гэж гуйсан. Мөнхбат жижүүр  явж ирээд ахын хүүхдийн бичсэн зурвасыг надад өгсөн. Захиагаа унших гэтэл өрөөний тог тасраад  хянахын бүдэгхэн гэрэлд “Эмээ өнгөрсөн та битгий сэтгэлээр унаарай ажил явдал нь сайхан болсон” гээд биччихсэн байсан. Би тэр хэдэн мөрийг уншаад  захиагаа бариад доош унаад зүрхээ барьж ядан чангаар орилсон доо. Би үнэхээр амиа хорлохыг завдаж байсан ч бурхны авралаар миний хажууд байсан хүн миний амыг аварсан. Тэр надад юу гэж хэлсэн гэхээр “Боль ингэж болохгүй, чи оргилд нь хүрч чадахгүй бол ёроолд нь хүрээд буц” гэсэн. Энэ үг намайг үнэхээр ухааруулсан. Би ээжийнхээ зургийг хажуудаа тавиад маань уншиж байлаа. Гэтэл шоронгийн жижүүрүүд боловсрол багатай хүмүүс ч гэсэн Гансүхийн ээж нь өнгөрсөн болохоор 24-ыг шалгалгүй өнгөрөөе гэхэд дээд боловсролтой цагдаа эр “24-ыг онгойлго, Гансүх ээ шоронд яагаад зул асаагаад байгаа юм шатаах чинь дутсан уу” гэж байсан. Тэгэхэд би миний ээжийн зулыг битгий хөндөөсэй гэж залбирч суутал, зулыг хөндөх нь бүү хэл зургийг нь хороомон гутлынхаа улан дор гишгээд няцалж байсан. Би түүнийг хараад дотроо шаналахаас өөр юу ч хийж чадаагүй. 

-Та шоронгоос оргосон учраас зүйл анги нэмэгдэх нь тодорхой. Шүүх хурлаар хэдэн жилийн ял сонссон бэ? 

-Итгэлт гэж маш сайн өмгөөлөгч миний хэргийг өмгөөлсөн. Тэр одоо  ажиллаа хийж байгаа. Цагдаагийн ерөнхий газрын цагдаагийн бэлтгэл хурандаа эмэгтэй. Тэр надад үнэхээр сайн ханддаг байсан. Миний хэргийг үнэгүй өмгөөлсөн. Энэ хугацаанд миний шүүх хурал зургаан удаа  21 жилээр таслагдсан. Би эзнийхээ ивээлээр 14 жил ял эдлэсэн дээ. 

-Шоронд байхдаа ээжийнхээ газар дээр очиж чадсан уу, тийм боломж байгаагүй юу? 

-Арваннэгдүгээр сард нэлээн цасан шамрагатай өдөр, ялтан Гансүх чамайг шалган дээр дэд дарга дуудаж байна гэхээр нь яваад очтол, Итгэлт өмгөөлөгч чамайг хөөцөлдсөөр байгаад ээжийн чинь газар дээр аваачихаар болсон сэтгэл санаа чинь зүгээр биз дээ. Итгэлт өмгөөлөгчдөө баярлаарай гэж хэлсэн. Хууль нь ийм юмдаа гээд гарыг гавлаад хөлийг дөнгөлсөн. Нүүр нүдгүй цасаар шуурсан тэр өдөр, ээжийнхээ шарилыг дөнгөтэй дэвхрээд гурав тойрсон. Тэнд байсан цагдаа нар бүгд уйлж билээ.  Ээжийнхээ шарил дээр хүртэл би  гав дөнгөтэй очиж байсан гээд боддоо. Тэгээд би явахдаа ахиад гурав тойроод машинд суугаад шоронгийнхоо зүг уйлаад явж байлаа. 

-Шоронд байх хугацаандаа сүм байгуулсанаас ганда  мэргэжил боловсролоо ашиглаад ямар нэгэн бодитой зүйл хийсэн үү? 

-Шоронгийн номын санг тохижуулсан. Дамдингарав гээд манай найзын эхнэр нь намайг эргэж ирээд явахад нь найздаа зурвас бичээд явуулсан. Харин нэг өдөр цагаан портертой тохижуулах материал ачиж ирээд номын санг бүрэн тохижуулсан. Бурхны  залбирлаар бүх зүйлийг биелүүлсэн. 

-90 сая төгрөгийн  хохирлоо хэрхэн яаж барагдуулан шоронгийн аймшигт амьдралаас холдсон талаараа сонирхуулаач? 

-Удалгүй би магадланд ороод суллагдах хоног минь ойртсон. Нарны амьдрал удалгүй үргэлжлэхийг хүлээж байтал дэд дарга дуудаад “Гансүх ээ намайг уучлаарай би чамайг магадланд оруулая гэж  хэлсэн амандаа хүрсэн. Харамсалтай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын өр барагдуулах албанаас чамайг 90 сая төгрөгийн хохиролтой гэсэн мэдүүлэг байна. Чи төлж чадах уу. Хохирлоо барагдуултал магадланд битгий оруул гэсэн, чи хоёр жил зургаан сар сууж чадах уу” гэсэн үгийг сонсоод сэтгэл гонсойж байлаа. Би гарна гэхэд нэг талдаа надад хэцүү санагдаж байлаа шоронгоос гараад  хаачих уу гэсэн асуудал миний өмнө тулгаран бодлогоширгуй өдөр хоногийг өнгөрөөж байтал миний найз  Цээгий долоо хоногийн дараа над дээр ирээд  “Чиний 90 сая төгрөгийг төлчихлөө” гэхэд нь нэг л эвгүй санагдаж байлаа. Яаж барагдуулсан гэхээр арван жилийн өмнө худалдаа хөгжлийн банк төрийн банк байсан. Одоо хувьчлагдсан учраас 10 жил болсон зээл найдваргүй зээл болоод хаагдсан байна. Цээгий Монголбанкинд ажилладаг байсан учраас Худалдаа хөгжлийн банкнаас очоод өргүй гэсэн бичиг аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өргүй болгон данс дугуйлсан байсан. Ингээд шоронгийн амьдралаас бүр мөсөн холдож нарны амьдралд хөл нийлүүлэн алхахаар гартал намайг хэн ч тосч аваагүй. Шоронд байхдаа төрсөн ах төрүүлсэн эхийгээ алдсан болохоор цор ганцаар үлдсэн ч тэнгэр намайг тосч авсан. 2008 оны зургадугаар сард дулаахан өдөр ээжийнхээ газар дээр очсон. 2001 онд тэсгим хүйтэн өдөр гав дөнгөтэй ээжийнхээ газар дээр очиж байсан бол эрх чөлөөг ханхлуулаад очиж байлаа. Орой хонох газаргүй байсан учраас ээжийнхээ шарил дээр амьд хүнтэй ярьж байгаа мэт даарахгүй хоносон. Бурхны амар тайван оршихуй дор дулаан байдаг. Эхийнхээ шарил дээр уйлаад “Ээж ээ хүү нь дахиад хэзээ ч таны нэрийг муугаар дуудуулахгүй” гэж өглөө босоод амалж байлаа. Удалгүй сүмийн ажилчин хүүхэн намайг хоолонд уриад хоёр охинтой эмэгтээтэй танилцуулсан. Манай пастор миний хуримын хувцсыг Америк руу захиулаад авчруулсан. Долдугаар сарын 13-нд сүмдээ хурим хийсэн. Ингээд миний амьдрал үргэлжлээд явж байна даа.        
 


Ж.Гал