Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн 2014 оны арваннэгдүгээр сарын 19-нд БНСУ-ын “Руйсанса” корпорацитай хамтран ажиллах санамж бичиг, эрүүл мэндийн хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурснаар “Иргэдийн эрүүл мэндийг сайжруулах” төслийн ажил эхэлсэн билээ. Уг төслийн хүрээнд БНСУ-ын “Руйсанса” корпорациас нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй 142 өрхийн  эрүүл мэндийн төвд шээсний шинжилгээний анализатори болон хурдавчилсан оношлуурыг буцалтгүй тусламжаар нийлүүлсэн юм.

Хамтын ажиллагааны хүрээнд 20 сургагч багш, 400 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж, өрхийн эрүүл мэндийн төвд шээсний шинжилгээг авч эхэлснээр эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх болсон билээ. Мөн өвчнийг эрт илрүүлж, дүүргийн эрүүл мэндийн төвийн шээсний шинжилгээний ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Тэгвэл энэ сарын 20-нд Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс БНСУ-ын “Руйсанса” корпорацийн төлөөлөлтэй уулзаж, төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ. Тус уулзалтад НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга О.Баяр болон холбогдох мэргэжилтнүүдээс гадна БНСУ-ын “Руйсанса” корпорацийн гүйцэтгэх захирал Ким Жунг Бүн, салбарын дарга Канг Гю Сонг, гадаад хэлтсийн дарга Ким Со Ёон, гадаад хэлтсийн дарга  Ким Бён Гуон, хөрөнгө оруулалт, эдийн засгийг хариуцсан дарга Пак Чонг Вон нар оролцсон.

Уулзалтын хүрээнд “Руйсанса” корпорациас гэрээт хугацааны дагуу шээсний туузан оношлуурыг дахин нийлүүлэх, аппаратын засвар үйлчилгээнд мэргэжлийн дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Мөн цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх, гэрээний нөхцлийг боловсронгуй болгох, улмаар иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, анхан шатны тусламж үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэж НЭМГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.