1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Манж гүрнээс салж тусгаар тогтнолоо зарласны дараа Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869–1924)-ийг Монголын эзэн хаанаар өргөмжлөгдсөн билээ. 8-р Живзундамба Хутагт нь Төвдийн Буддизмд гуравдугаар чухал хүний тоонд ордог байжээ. Дээр нь зөвхөн Далай лам болон Бодисадва оршино. Тэрээр Монголын Буддын шашны тэргүүн байсныг хүн болгон мэддэг. Түүний эхнэр Шаравын Дондогдулам нь эх дагины хойд дүр хэмээгддэг байжээ.

Богд хаан сонин хачин, ховор живэр зүйлсийг үнэ хөлс хайрлахгүйгээр авч цуглуулдаг байжээ. Тэрбээр хүүхэд байхаасаа л сонин хачин зүйлсэд дурлан цуглуулж ирсэн байдаг. Польшийн нэрт аялагч, эрдэмтэн Фердинанд Осендовский "автомашин, хөгжмийн зэмсэг, харилцуур утас,болор эдлэл, шаазан эдлэл, уран зураг, ховор амьтад, шувуу, заан, Гималайн баавгай, сармагчин, Энэтхэгийн могой, тоть гээд олон төрлийн амьтад "Бурхан"-ы ордонд янз бүрийн цаг үед байжээ" хэмээн өгүүлсэн байдаг. Энэ нь угтаа  заан авчирсан тухай өгүүлжээ.Мөн   " хаан төрийн долоон эрдэнэ"-д  хүрд буюу хорол,чандмань, хатан, түшмэл, заан, морь, жанжин /баатар/ ордог уламжлалтай юм.

Богд хаанд "нуруун дээрээ зэнд­мэнэ эрдэнэ үүрсэн зааны ясаар сийлж хийсэн тоглоомон заан" байжээ. Энэ нь эдүгээ Богд хааны ордон музейд хадгалагддаг юм. 1912 оны сүүлч, 1913 оны эхээр Монгол Улсын төлөөлөгчид Орост анхны албан ёсны айлчлал хийх үеэр " бага шиг бор зааныг 22 мянган цөлхөөвөөр / рубль / худалдан авч, 1913 оны хавраас өвлийн дунд сар хүртэл зааныг вагонд ачуулах, хөлөөр нь явуулах зэргээр найман сар гаруй аялуулсаар Хиагт хотноо" авчирчээ.

Улмаар 1914 оны хавар зааныг хөтлөх, туух зэргээг гурван сар аялуулсаар Нийслэл Хүрээнд авч ирж Богд хаанд өргөжээ. Зааны хоолонд зориулж өдөрт 21 ширхэг мантуу,хоёр жин шар тос, гурван шанага улаан чавга зарцуулж байсан тухай архивын баримт ч бий. 1924 онд Богд хаан таалал төгссөнөөр зааныг харах хүн хомсдож 1926 оны үед тэр заан үхсэн гэдэг.