Өнгөрсөн зун “Мунзуй” хочит Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид шуурхай ажиллан баривчилж байсан. Тодруулбал, Баянгол дүүрэгт байрлах “Rich Hill” зочид буудлаас Г.Нямдорж, С.Мөнхбат, Ч.Нямдаваа, С.Сандуйжав нар гадаадын иргэнийг барьцаалан, мөнгө нэхэж, дарамтлан дээрэмдэж байхад нь үйлдэл баривчилсан юм.

Тэдгээр иргэдэд 149.3, 125.2, 261.1-р зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэгүүсгээд байгаа. Тодруулбал

  • Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйл. Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх

149.3.Энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 125 дугаар зүйл. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах:

125.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, эсхүл насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 261 дүгээр зүйл. Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох

261.1.Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргосон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгээд байнаа.  

Энэ хэргийг мөрдөн шалгаж байх хугацаанд Мунзуй Г.Нямдорж оргон зайлж, ОХУ руу хил давахыг завдсан.  Түүнийг инйхүү оргон зайлахад тусалсан, худал мэдээлсэн хэргээр М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.2-д заасны дагуу  эрүүгийн хэрэг үүсгээд байгаа.  

Эх сурвалжийн хэлж байгаагаар  Г.Нямдорж нар гадаадын иргэн Т-ээс 600 000 000 төгрөг дээрэмдээд зогсохгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан ажээ.

 Прокурорын байгууллагаас энэ хэргийг хянан хэлэлцэж Г.Нямдорж, С.Мөнхбат, Ч.Нямдаваа, С.Сандуйжав, М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа нарт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд  шилжүүлжээ. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхээс хэргийн бүрдэл дутуу хийгдсэн гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Ингэхдээ Г.Нямдорж, С.Мөнхбат, Ч.Нямдаваа, С.Сандуйжав нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн. Харин М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа нарыг батлан даалтад гаргаад байгаа аж.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 

А.Баярмаа