“HUAWEI ТЕХНОЛОГИ” ХХК ба Жэмнет ХХК, ШУТИС-ын хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн хөрөнгө оруулалтаар “Оптик холбооны сүлжээний лаборатори” байгуулагдаж байна. Мэдээлэл харилцаа холбооны технологийн шийдэл, эд ангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Huawei компани, Жемнет ХХК-тай хамтран энэхүү лабораторийн өрөөний засвар тохижилт, сургалтын тоног төхөөрөмжийг иж бүрнээр шийдэж хүлээлгэн өглөө.


1960-аад оноос Монгол улсын холбооны салбарт шинэ техник технологи нэвтэрч эрчимтэй хөгжиж эхэлснээр инженер техникийн боловсон хүчин олноор шаардагдах болжээ. Энэхүү шаардлагын дагуу холбооны инженерүүдийг эх орондоо бэлтгэх БНМАУ–ын Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч 1967 онд МУИС-ийн радиофизикийн ангид элссэн 1-р дамжааны 25 оюутныг Энерги механикийн факультетад шинээр нээгдсэн холбооны инженерийн ангид шилжүүлэн суралцуулснаар цахилгаан холбооны инженерүүдийг бэлтгэх ажил эхэлсэн бөгөөд 2017 онд Монгол улсад холбооны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ой тохиож байгаа билээ.
2017 оны байдлаар МХТС-ийн цахилгаан холбоо хөтөлбөрөөр нийтдээ 1500 орчим бакалавр, магистр зэрэгтэй инженерүүд төгсөж, Монгол улсын мэдээлэл холбооны салбарыг өнөөгийн түвшинд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.


Цахилгаан холбооны бакалавр, магистрын хөтөлбөрүүд 2004 онд Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр Монгол улсын анхны магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр болсон бол 2015 оноос олон улсын инженерийн боловсролын CDIO стандарт арга зүйг нэвтрүүлэх, АНУ-ын ABET байгууллагаар олон улсын түвшинд магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байна.


Монгол улсын дээд боловсролд шинэчлэл хийгдэж багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтанд шилжих, сургалтын үр дүнг суралцагчдийн эзэмшсэн мэдлэг, ур чадвараар үнэлэх, зөвхөн онолын мэдлэг олгох бус практик ур, чадварыг онолтой хослуулах, төсөлд буюу асуудалд суурилсан сургалтаар дамжуулан суралцагчдад багаар ажиллах, харилцааны болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн технологи, арга зүйг үр дүнтэй нэвтрүүлэх ажлын хүрээнд сургалтын орчин, материаллаг баазыг шинэчлэх ажил чухлаар тавигдаж байна.

Өндөр хөгжилтэй орнуудын хэрэгцээ шаардлагад нийцэх лабораторийг дэлхийн шилдэг Huawei компанитай хамтран байгуулснаар цахилгаан холбоо, оптик холбооны чиглэлээр суралцаж байгаа оюутнууд IP сүлжээ, оптик сүлжээний чиглэлээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа практикт турших, дадлагажих, цаашид энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх өргөн боломжийг нээж байгаагаас гадна дээрх зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулах болно.