Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулинд хүүхдээ хаях, төөрүүлэх нь гэмт хэрэгт тооцогдоно. Энэ төрлийн гэмт хэрэг хэдийгээр буурч байгаа ч эцэг эхчүүдэд  хариуцлага хүлээлгэхийн сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх шаардлагатай байна. Ингэснээр болзошгүй эрсдлээс сэргийлэх юм.

2015 онд хүүхдээ хаяж төөрүүлэх гэмт хэрэг 15 бүртгэгджээ. Харин өнгөрсөн онд 8 хүүхдийг эцэг эх нь хаяж төөрүүлсэн байх юм. Тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэж эрүүгийн хуулийн 117-р зүйлд зааснаар шийтгэсэн. Тодруулбал Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйл. Хүүхэд хаях, төөрүүлэх

117.1.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

117.2.Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.  

Бага насны хүүхдийг хаяж төөрүүлэх нь хүүхдийн амь насанд шууд заналхийлж байгаа хэрэг. Тиймээс хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг. Гэхдээ асран хамгаалагчийг нь шоронд хорилоо гээд хүүхдийн амьдралд өөрчлөлт гарахгүй. Тиймээс албадан сургалтанд хамруулж хүүхдээ хайрлахад сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Амьдралын хар бараан дундаас хүүхэд гэдэг гэрэл гэгээг олж харахад сэтгэл зүй туслана гэдгийг мэргэжлийнхэн сануулж байна.

Статистик судалгаагаанаас харахад Улаанбаатар хотод хүүхэд хаяж төөрүүлэх нь  харьцангуй их байдаг. 2016 онд 8 хүүхэд хаяж төөрүүлсний 7 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Нэг нь Булган аймагт үйлдэгджээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот дахь амьдралын түвшин орон нутгаас хүнд байдагтай шууд холбоотой.

 А.Баярмаа