Баянхонгор аймгийн Баянговь суманд зохион байгуулагдсан “Говийн бүсийн тэмээчдийн зөвлөгөөн”-ий үеэр “Ногоон Алт” төслийн Ерөнхий менежер Ц.Энх-Амгалантай ярилцлаа.

- Энэ удаагийн зөвлөгөөний онцлог юу байна, “Ногоон Алт” төсөл Баянхонгорын дөрвөн суманд хэрэгжиж байна, ямар үр дүнд хүрэв?

- Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл 2013 оноос эхлэн Гурванбулаг, Баянлиг, Баянговь, Богд сумдад хэрэгжиж байгаа.

Говь нутгийн бэлчээрийн нөхцөл байдал, малчдын бэлчээрээ ашиглах, нүүдэл суудал хийх нь их онцлогтой. Сүүлийн жилүүдэд бэлчээр нэгтэй, ус нэгтэй, түүх соёл нэгтэй говийн малчдын хооронд нэг нэгнээ дэмжиж ажиллах, бие биенээсээ суралцаж илүү хамтран ажиллах тал дээр нь дэмжих ажлуудыг зохион байгуулж байна. Ноднин бид нар анх удаа Баянговь суманд Тэмээний баярыг зохион байгуулахад оролцсон. Энэ жилээс “Тэмээчдийн зөвлөгөөн” болгон өргөтгөн зохион байгуулж байна.

Зөвлөгөөний гол зорилго бол Баянхонгор аймгийн говийн бүсийн долоон сумын малчдыг хооронд нь уулзуулж, туршлага солилцуулах, уст цэг, бэлчээр нутаг нэгтай сумдын хооронд хамтын ажиллагааг дэмжих, ахмад туршлагатай малчдын тэмээ маллаж ирсэн болон бэлчээр нутгаа хэрхэн хамгаалж, ашиглаж ирсэн туршлагыг залуу малчдад сонсгох, өвлүүлэх боломжийг бүрдүүлж өгөхөд байгаа. Сүүлийн жилүүдэд тэмээ бүхий аймаг, сумдад тэмээний баяр их тэмдэглэдэг болсон. Баяр тэмдэглэхээсээ гадна малчдад хэрэг нэмэр болохуйц нэн тэргүүний хэрэгцээт мэдээлэл тухайлбал бэлчээрийн зүй зохистой ашиглалт, цөлжилт зэрэг асуудалд харилцан санал солилцох, бие биенээсээ суралцах, мэдлэгжүүлэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй.

Энэ удаагийн манай зөвлөлгөөнд олон судлаач эрдэмтэд, үйлдвэрлэгчид оролцож тэмээний амьдын ашиг шим тухайлбал, сүү, ноосны ашиг шимийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ зэрэг асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна хэрхэн яаж малчдын хоршоо, үндэсний үйлдвэрүүдэд түүхий эд бэлтгэлийн үр ашигтай тогтолцоо бүрдүүлэх вэ гэдэг тал дээр санал бодлоо солилцлоо.

- Бэлчээрийн хувьд хэдий хэр хугацаанд үр дүн нь гарна гэж тооцож байна вэ?

- Говийн бэлчээр бол өөрийн гэсэн онцлогтой. Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, ХААИС, МУИС-ийн эрдэмтэдтэй хамтран зургаан жилийн турш Монгол орон даяар 2,000 гаруй цэг дээр нарийвчилсан судалгаа хийхэд үр дүн нь Монгол орны нийт бэлчээр нутгийн 65 хувь нь доройтож, унаган төр байдлаа алдсан гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ чихэнд чимэгтэй мэдээ гэвэл доройтсон бэлчээрийн 90 хувьд нь ачааллыг бууруулаад, одоогийн эрчимтэй ашиглалтын горимоо бууруулбал байгалийнхаа аясаар нөхөн сэргэх чадавхий хадгалж үзсэн байна.

Говийн бэлчээр өөрийн гэсэн онцлогтой. Говийн бүсийн хувьд хөрсний онцлог, цаг агаар, хур тунадас унах онцлогоос хамаараад нөхөн сэргэх чадвар нь янз бүр. Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд говийн бэлчээр нутаг байгаль, цаг уурынхаа нөхцөл байдалд зохицсон тэсвэртэй, стресс даах чадвар нь өндөр, эргэн сэргэх чадвартай ч бидний хувьд сэтгэл амар байх зүйл биш. Нэгэнт доройтсон бэлчээрийг нөхөн сэргээнэ гэдэг маш их хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил. Жишээ нь говьд таримал тэжээл тариална гэдэг амаргүй. Харин доройтуулахгүйгээр ачааллыг нь тохируулан ашиглах, байгалийн аясаар нь нөхөн сэргэх чадварын хадгалж үлдэх нь хамгийн зөв арга зам. Тиймээс малчдын хувьд бэлчээр нутгаа амраах, сэлгэн нутаглах замаар бэлчээрийн доройтлоос сэргийлэхэд анхаарах хэрэгтэй. Говийн сумдад малын тоо бэлчээрийн даацаасаа 2-3 хувь хэтэрсэн байгааг орон нутгийн удирдлагууд болон малчид өөрсдөө мэдэж байгаа. Цаашид малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс нэгж бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлууд хийх хэрэгтэй л дээ.

Манай Ногоон Алт төслийн тухайд тэмээ, самнасан торомны ноосыг дэлхийн зах зээлд яаж гаргах, сурталчлах талаар олон ажил хийж байна. Төслийн баг маань сүүлийн 10 гаруй жил сарлагийн хөөвөр, торомны ноосыг дэлхийн зах зээлд гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн жил Берлинд зохиогдсон Олон улсын үзэсгэлэнд оролцож, хэд хэдэн орноос захиалга авсан байгаа. Энэ боломжийг ашиглаад малчид сайн чанартай түүхий эд нийлүүлэх юм бол үйлдвэрүүд бас чанартай бүтээгдэхүүн хийж чадна. Бидний хувьд, Монголын бэлчээрийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар жил ирэх тусам өсч байна. Түүнчлэн малчид жил бүр тодорхой хэмжээний малыг эдийн засгийн эргэлтэнд оруулаад байвал малчид өөрсдөө ч орлоготой, бэлчээртээ ч хэрэгтэй.

- Экспортын нөөц бололцоо ямар байна?

- Экспортын нөөц боломжийн хувьд тооцоо судалгаа хийж үзсэн. Баянхонгор аймгийн хувьд жилд 12 тонн торомны самнасан ноос гарах боломжтой. Гэтэл одоохондоо бид зөвхөн нэг тонн гаруйг л бэлтгэж байгаа. Зах зээлийн ханшаар тооцвол 10 тонн ноос 150 сая төгрөг болно. Тэгэхээр бид зөвхөн торомныхоо ноосыг цаг хугацаанд нь самнаад чанартай ноос бэлтгээд байх юм бол малчдын орлого жилд 150 саяар нэмэгдэх боломжтой болно.

Тэрхүү чанартай ноосоор үйлдвэрлэгчид маань нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийгээд борлуулвал хэдэн сая долларын орлого олох боломжтой. Монголын малын гаралтай бүтээгдэхүүний үнэ үнэлэмжийг нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд гаргая гэвэл малчдаасаа эхлээд үйлдвэрлэл хүртлээ салбарын хэмжээнд нэг баг болж ажиллах шаардлагатай байна. Сарлагийн хөөвөр, торомны самнасан ноосыг дэлхийн зах зээлд гаргасан туршлагаас үзэхэд манай нүүдлийн мал аж ахуй эрхлэх онцлогийг харуулсан, өөр хаана ч байдаггүй өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүн юм.

- Зөвлөгөөний үеэр торомны ноосыг самнахдаа бохир авч байна гэдэг зүйл яригдаж байсан, Самнаж бэлтгэхэд хэр үр дүнтэй байна?

- Торомны ноос самнах гэдэг бол малчдын хувьд шинэ зүйл. Ер нь бол нас гүйцсэн тэмээнийхээ ноосыг л хяргаж авдаг байсан. Манай эрдэмтдийн судалгаагаар говь нутагт бэлчээр доройтож байгаа нэг хүчин зүйл нь сүргийн бүтэц алдагдаж ямааны тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой. Торомыг хаврын улиралд ноосоо гээхээс нь өмнө самнаад авбал ямааны ноолуураас дутахааргүй чанартай ноос гаргаж болох байна гээд хоёрхон жилийн дотор малчид аймаг, сумаараа нийлээд зохион байгуулалтад орж торомны ноосоо самнаж байгаа нь чамлахааргүй амжилт юм.

Үндэсний үйлдвэрүүдийн зүгээс стандартаа тодорхой болгоод малчдынхаа хөдөлмөрийг үнэлсэн үнэ өгөх хэрэгтэй гэж бодож байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Баянхонгор, Говь-Алтай аймгийн малчид торомныхоо ноосыг бэлтгэж байгаа. Тухайлбал, Баянхонгор аймгийн Богд сумын аварга тэмээчин Тогоохүү гуай маш сайн чанарын ноос бэлтгэж өгснөөр нь манай үйлдвэрүүд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэдгийг харуулж, баталж чадсан. Ер нь бол сарлагийн хөөвөр, торомны ноосыг дэлхийн зах зээл дээр тансаг зэрэглэлийн гэж үздэг бөгөөд ховор олдоцтой учир эрэлт их байдаг. Гэхдээ бид эрэлт, нийлүүлэлт ихтэй гээд хаа хамаагүй зарах биш, аль болох өндөр зэрэглэлийн, байгаль орчныг бас бүтээгдэхүүний нийгэм болоод экологийн агууламжийг үнэлж чаддаг хэрэглэгчдэд хүргэж өндөр үнээр зарах зорилготой байгаа. 

- Хоёр жилийн хугацаанд малчинд орж буй орлого яаж нэмэгдсэн бэ?

- Анх зөвхөн нас гүйцсэн тэмээний ноосыг хяргаад нэг кг-ыг нь үйлдвэрүүдэд гуйж байгаад 4,000 төгрөгөөр өгдөг байсан бол одоо самнасан торомны ноосыг кг-ыг 12,000 төгрөгөөр авч байгаа. Ноднин гэхэд үйлдвэрүүд 20 орчим тонн торомны ноос авах захиалга өгсөн ч малчид маань гурав орчим тонныг л бэлтгэж өгсөн. Улсын хэмжээнд 12,000 төгрөгөөр нь тооцоод үзвэл 5 сая долларын түүхий эдийг ашиглахгүй, хаягдаж байна гэсэн үг. Энэ түүхий эдээ бэлтгээд үндэсний үйлдвэрүүд нэмүү өртөгтэй эцсийн бүтээгдэхүүн хийж чадвал үндэсний эдийн засагт хэд дахин илүү орлого оруулах боломжтой. Ингэж л манай улсын МАА-н салбар тэр дундаа уламжлал нүүдлийн МАА-н салбар нэмүү өртөг бүтээгч салбар болох эхлэлийг торомны ноос, сарлагийн хөөврөөрөө тавьж байна гэж бодож байгаа. Г.Хишигбадам