Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 14.7 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 14.7 хувиар буурсан байна. Монгол Улсын шүүх 2016 онд нийт 5762 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, нийт 6566 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ. Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оноос 14.7 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 14.7 хувиар тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 15 тэрбум 230 сая 342 мянга 818 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 526 хүний амь хохирч, 1218 хүний биед /хүнд, хүндэвтэр, хөнгөн/ гэмтэл учирчээ.

Шийдвэрлэсэн гэмт хэрэг дотроос хүнийг санаатай алах гэмт хэрэг 152 байгаа нь 34 хэргээр буюу 18.3 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 1155 байгаа нь 263 хэргээр буюу 18.5 хувиар, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 153 байгаа нь 12 хэргээр буюу 7.3 хувиар, танхайрах гэмт хэрэг 541 байгаа нь 82 хэргээр буюу 13.2 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 634 байгаа нь 116 хэргээр буюу 15.5 хувиар өнгөрсөн оноос тус тус буурсан нь эерэг үзүүлэлт юм.   

Эрүүгийн хэргийн тоо холбогдогч нь буурсан ч  мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 76.1 хувиар, ял шийтгүүлсэн хүний тоо 81.5 хувиар тус тус өсжээ. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 14 хэргээр буюу 4.6 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 5 хэргээр буюу 2.7 хувиар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 32 хэргээр буюу 76.1 хувиар тус тус өссөн нь анхаарал татаж байна.

Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний тоо 3.5 хувиар, хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний тоо 7.7 хувиар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний тоо 81.5 хувиар өссөн нь анхаарал татаж байна.

Мөн өнгөрсөн онд согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 1.7 өссөн тоон үзүүлэлт гарсан байна. Тухайлбал, өнгөрсөн онд гэмт хэрэг давтан үйлдэж шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо 24.5 хувиар, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 14.5 хувиар, эмэгтэйчүүдийн тоо 22 хувиар, насанд хүрээгүй хүний тоо 14.7 хувиар тус тус буурсан бол согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 1.7 хувиар өссөн байна.

Гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 46.3 хувь нь 18-29 насны хүмүүс байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар буурсан байна. Нийт ял шийтгүүлсэн хүмүүсийн 62.6 хувь нь /давхардсан тоогоор/ нь эрхэлсэн ажил, сургуульгүй хүмүүс байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.1 хувиар буурсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад дээд боловсролтой ял шийтгүүлсэн хүний тоо 0.7 хувиар, бүрэн дунд боловсролтой ял шийтгүүлсэн хүний тоо 1.4 хувиар тус тус өссөн нь анхаарал татаж байна.    

Гэмт хэргийн улмаас амь хохирсон иргэний тоо 8 хүнээр буюу 1.5 хувиар өссөн байна. Хүндэвтэр гэмтэл авсан иргэдийн тоо 13 хэргээр буюу 1.6 хувиар өсжээ.