Иргэний хэрэг 13.5 хувиар өсжээ: Анхан шатны шүүх 2016 онд нийт 64030 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 11225 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, буцаах, харьяаллын дагуу шилжүүлэх зэрэг ажиллагааг хийж, 46173 хэргийг хянан шийдвэрлэж, 6632 хэргийн үлдэгдэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 5499 хэрэг буюу 13.5 хувиар өссөн байна. Иргэний хэрэг ийнхүү өсөхөд худалдах худалдан авах болон арилжаатай холбоотой маргаан өмнөх оноос 1810 хэргээр буюу 32.1 хувиар, зээлийн гэрээний маргаан өмнөх оноос 1184 хэргээр буюу 19.1 хувиар, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлтэй холбоотой маргаан 554 хэргээр буюу 30.7 хувиар, мөн ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан, цалин хөлсний маргаан 230-300 хэргээр буюу 33-57 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Захиргааны хэрэг 23.7 хувиар өсжээ:Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 онд нийт 3234 хэрэг, нэхэмжлэл хүлээн авснаас 810 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, буцаах, шилжүүлэх ажиллагаа хийж, 1780 хэргийг хянан шийдвэрлэж, тайлангийн эцсийн байдлаар 644 хэргийн үлдэгдэлтэй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн маргаанаас УИХ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгуультай холбоотой 187 хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд тус шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 10.5 хувийг эзэлж байна. 

Давж заалдах, хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэрэг буурч, иргэн, захиргааны хэрэг өсжээ: Давж заалдах шатны шүүх 2016 онд эрүүгийн 1822 хэрэг, иргэний 3108 хэрэг, захиргааны 1460 хэрэг, нийт 6390 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 7.6 хувиар буурсан бол иргэний хэрэг 23.4 хувиар, захиргааны хэрэг 39.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хяналтын шатны шүүх 2016 онд эрүүгийн 448 хэрэг, иргэний 1655 хэрэг, захиргааны 548 хэрэг, нийт 2651 хэргийг хяналтын шатны шүүх хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 12.5 хувиар буурсан бол иргэний хэрэг 20.3 хувиар, захиргааны хэрэг 30.1 хувиар тус тус өсжээ.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны амжилттай болсон эвлэрэл өсжэ: Иргэд, хуулийн этгээд 2016 онд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 15326 өргөдөл гаргаснаас 12589 маргааныг эвлэрүүлэн зуучлагч нар шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 8908 маргаан буюу 70.8 хувьд нь эвлэрэл амжилттай болсон байна. Энэ нь 2015 онд 66.4 хувьд эвлэрэл амжилттай болж байснаас 4.4 хувиар өссөн үзүүлэлт юм.