Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг нурааж, суурин дээр нь орчин үеийн техник тоног төхөөрмжтэй шинэ эмнэлэг барихаар болсон билээ. Харин барилга баригдаж, дуусахын алдад зориулалт нь өөрчлөгдөж, тухайн эмнэлгийг хоёрдугаар эмнэлэгтэй нэгдгэсэн.

Тэгвэл 90 жилийн түүхтэй Байгалийн түүхийн музейн байрилгыг ашиглалтын хугацаа нь дууссан гэх шалтгаанаар нураасны дараа газрыг нь хэн нэгэн мөнгөтэй хүнд зарчих вий дээ гэсэн хардлага хүн бүрт байна.

 

Музейн барилга муудаж, олон хүн орвол нурах аюултай учир нураах шийдвэрийг гаргажээ. Харин музейг буулгасны дараа суурин дээр нь музейн барилгыг шинэчилж барих уу, эсвэл хэн нэгэн мөнгөтэй хүнд газрыг нь өгөх үү гэдэг оньсого мэт байгаа юм. Байгалийн түүхийн музейн байрилгыг нураах болсонтой холбоотойгоор яам, засгийн газар дээр янз бүрийн яриа гараад байгаа аж. Яамнаас хүн ирж музейн дарга, ажилтнуудын дунд ярилцлага явуулсан байна. Энэ үеэрээ ганц Байгалийн түүхийн музей ч биш ихэнх музейг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн эсвэл Зайсангийн чиглэлд газар өгч төвлөрүүлбэл ямар вэ гэсэн санал гаргажээ.

 

Ажилтнуудын ихэнх нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гадна задгай музей байгуулах хэрэгтэй. Тэнд Монголын XIII зуун цэрэг, гэр, майхан, зэр зэвсэг  нь ямар байсныг харуулж болох цоо шинэ музейг байгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, одоо байгаа бүх музейг байгаа газарт нь өөд нь татаж шинэчилье гэсэн саналыг хэлжээ. Үүнээс хойш яамныхан чимээгүй болсон байна.

 

Тиймээс л тэд хаширлаж, олон жилийн түүхтэй музейн газраа алдах вий гэсэн айдаст автаж явна. Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар “Бид байгаагаа устгаж, өөр тийш нүүлгээд суурин дээр нь хэн нэгэн дарга байшин барьж болохгүй. Хэн нэгэн олигархи музейн газарт байшин барих ёсгүй. Тэрэн дээрээ тулбал энэ газрын төлөө би эцсээ хүртэл тэмцэнэ. Тийм жишээ байгаа учраас би ярьж байна. Бас өнөө маргаашийн дотор нураачихаасай гэж хүсэхгүй байна.  Улсын сан хөмрөг яман байна, тэр хэмжээгээрээ  хөрөнгийг нь шийдэж дэс дарааллаараа яваасай гэж бодож байна” хэмээжээ. Мөн тэрээр Эмнэлгийн барилгыг шүүх байгууллагын контор болгох гэж байсантай адил зүйл музейг буулгасны дараа болох вий гэдгээс айж, эмээж буйгаа хэлсэн байдаг.

 

Ямартай ч Соёл, Спорт, аялал жуулчлалын яамныхан музейн барилга барих мөнгийг улсын төсөвт суулгасан байна. Харин төсөв танаж буй энэ үед музейг шинэчлэн барих төсөв олгогдох, хасагдах эсэх нь бүрхэг байгаа юм. Дэлхийд 70 гаруй музей байдгаас Монголд 10 гаруй төрөл нь байдаг аж. Түүний нэг бол 90 жилийн түүхтэй Байгалийн түүхийн музей. Энэ музейд 10 мянга гаруй үзмэр байдгаас 7000-8000 нь албан ёсны улсын бүртгэлтэй байдаг байна. Мөн туслах чанарын 3000-4000 үзмэр байдаг байна.

 

Хил даваад явсан “Т.Батаар”-ын ясыг хөрөнгө мөнгө заран олж ирж байсан Оюунгэрэл сайд арай ч нэг музейгээ устгаад үгүй хийчихгүй биз ээ. Харин музейн газрыг нураасны дараа тухайн газарт санаархагчид олширох нь мэдээж. Энэ үед элдэв улс төрийн “лобби” орж, музей барьж байгаа нэрээр өөр зориулалтын барилга барихыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс Монголчууд бид олон жилийн түүхтэй Байгалийн түүхийн музейгээ авч үлдэхийн төлөө үргэлж анхаарлаа хандуулж байх нь зөв биз ээ.

 

Н.Чинзориг