Улстөрчдийг халааслах, тэр тусмаа төрийн эрх барьж буй улстөрийн хүчнээр хамгаалуулах, үүнийхээ төлөөсөнд тэдэнд албан бус татвар төлөгч ААН-үүд цөөнгүй бий.

Мэдээжийн хэрэг тэд бизнесээ хууль бусаар явуулах үүднээс ийм зүйл рүү хошуурдаг. Тэдний тэргүүн магнайд “Магнай трейд” хэмээх компани тодорсон ч тэдний хууль бус ажиллагаа энэ удаад бүтэлгүйтэв. Урьд өмнө бол яг энэ замаар бизнесээ цэцэглүүлж явсан гэдгийг уншигч та мэдэх учраас энд нуршаад яахав. Аль л болох болохгүй хуйвалдаан будилааны тэргүүн магнайд явж байдаг энэ компанийн луйвар хэрээс хэтэрсэн тухай албаны эх сурвалж ч өгүүлэх болов. Иргэд ч өгүүлэх болжээ. Тиймээс иргэд “Магнай трейд” нэртэй шатахуун түгээх болон бусад салбараар үйлчлүүлэхгүй гэсэн байр суурийг ч илэрхийлж байна. Миний мэдэхээр л аль байгуулагдсан цагаасаа буюу ерээд оны дунд үеэс л хэл ам дагуулж ирсэн гэдгийг надаар хэлүүлэх юун. Хамгийн сүүлийн жишээнээс эхэлж дурдахад л тус компани нь өнгөрөгч есдүгээр сард шатахууны үнэ дур мэдэн нэмсэн. Үүнийг нь иргэд үйлчлүүлэгчдийн зүгээс гомдол гаргасны үндсэн дээр ШӨХТГ-аас сануулга өгсөн ч тэд иргэдийн гомдол санал болон албан ёсны шаардлагыг хүлээж аваагүй. Ингээд ШӨХТГ-аас тооцоо судалгаа хийсний эцэст “Магнай трейд”-ийг 2.5 тэрбум төгрөгөөр, “Жаст”-ыг 940 сая төгрөг нийлээд гурван тэрбум төгрөгөөр торгох торгуулийн  хуудсыг компанийн удирдлагуудад өгсөн.

 Үүнтэй дөрөө харшуулсан нэг хууль бус зүйл гэвэл “Магнай трейд” дампуурлаа зарлахдаа тулаад байсан “Жаст”-ыг худалдаад авчихсан. Худалдаж авахдаа Монгол Улсад үйлчилж байгаа хуулиар давамгай байдлын аж ахуй эрхлэгч яг адил төрлийн бизнес эрхэлж байгаа өөр нэг аж ахуй нэгжийг худалдаж авахдаа заавал зөвшөөрөл авах ёстой аж. Гэтэл “Магнай трейд”-ийн босс хуулийн дээгүүр гишгилж хүүхдийнхээ нэр дээр “Жаст”-ыг шилжүүлсэн байна. Учир нь тэрээр “Жаст”-ыг өөр компани мэтээр харагдуулах гэсэн луйвар аж. Тодотгож хэлбэл, нийлж мөнгөө нэмж хуйвалддаг байжээ. Будилааны тэргүүн магнайд эртнээс тодорсон “Магнай трейд” хэзээний л энэ мэт луйвраар амьдарсаар ирсэн гэдгийг ч эх сурвалж хэлж байгаа юм. Тухайлбал, “Магнай трейд” 2006 онд Оросын "Роснефть" компани шатахуунаа хуучин үнээр борлуулж байхад нь эднийх 120 төгрөгөөр нэмж хууль зөрчиж байв. Үүнээс гадна тус компани нь нийтдээ 130 гаруй шатахуун түгээх станцтайгаас найм нь зөвшөөрөлгүй газарт баригдсан ч түүнийгээ хуулийн дагуу буулгахгүй “гүрийж” байсныг ч уншигч та санаж байгаа. Энэ шударга өрсөлдөөний эсрэг зогсч, Үндсэн хуулийн дээгүүр гишгилж байгаа “Магнай трейд” компанийг яах ёстой вэ. Юутай ч иргэд энэ компанийн явуулж байгаа бүх үйл ажиллагаанаас татгалзана гэдгээ дуулгаад буй. 
 

Б.Өлзийт