Ипотекийн зээлийн эргэн төлөлт 97 хувьтай байгаа нь өөрийн гэсэн орох оронтой болж байгаа хүн үр хүүхэд, гэр бүлийнхээ өмнө үүрэг хүлээн, ажилдаа хариуцлагатай хандаж, зээлээ сар бүр ягштал төлж байгаагийн илрэл. Тиймдээ ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олгосон ипотекийн зээл хамгийн өндөр төлөлттэй байна.


 

Нөгөө талдаа орон сууцанд орсон айлуудын тоогоор нийслэл хот дахь яндангийн тоо буурч буй. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр зах зээлд эрэлтээс давсан нийлүүлэлт хийсэн нь эргээд барилгын салбарыг зогсонги байдалд оруулсан гэхэд болно. Үүний жишээ нь одоогийн байдлаар зөвхөн нийслэлд зах зээлд бэлэн байгаа 20 гаруй мянган орон сууц эзнээ хүлээн хоосон байна. Үндсэндээ орон сууцны урьдчилгаа болох 30 хувиа төлөх боломжтой хүмүүс нь зээл авч, банкны шалгуурын босго даваагүй иргэд зээлийн гадна үлдчихээд байгаа гэсэн үг.

 

Гэр хороололд амьдарч буй иргэдийн  189240 нь орон сууцанд амьдрах хүсэлтээ холбогдох газруудад явуулсан гэх судалгаа байна. Гэвч энэ хөтөлбөр зогсонги байдалтай болоод байгаа нь шалтгаан нь банкуудтай холбоотой гэдгийг албаныхан хэлсээр байна. Учир нь Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр ипотекийн зээл хэвийн олгож байгаа, арилжааны банкууд зээл олгох ёстой хэмээн мэдэгдээд байгаа ч бодит байдал өөр байгаа юм. Банкууд “Зөвхөн өөрсдийн санхүүжүүлсэн барилгуудад ипотек олгож байгаа” гэх шалтгаанаар иргэдийн зээлийн хүсэлтэд татгалзсаар байна.

 

Урт хугацаатай, хямд хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийг Монголбанк ирэх оноос Засгийн газарт шилжүүлэх тухай яригдаж байна. Инфляцийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилготой Төв банк цаашид  бэлэн мөнгөөр тэтгэсэн хөтөлбөр төслийг хэрэгжүүлэх ёсгүйг ОУВС анхааруулсан. Тиймээс төв банк ипотекийн зээлийг санхүүжүүлэх “үүргээсээ” татгалзахаар болсон бөгөөд Засгийн газар хариуцах юм.

 

Төсвийн тодотголоор энэ асуудал шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, УИХ шийдвэрээ ОУВС-гийн тавьсан нөхцөлийн дагуу гаргавал Засгийн газар орон сууцны зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэг хүлээж, Монголбанк ачаагаа хөнгөлөх аж. Харин тэр болтол зээл олголтыг хэвийн үргэлжлүүлэх үүргээ Монголбанк тасалдуулахгүй хэмээж буй. Тиймээс хэрвээ арилжааны банк ипотекийн зээлийн материал хүлээж авахгүй байвал Монгол банкинд хандахыг салбарын сайд нь зөвлөлөө.

 

Тэрбээр “Ипотекийн зээл материал хүлээж авахгүй, эсхүл зогссон зүйл байхгүй. Өмнө нь арилжааны банкууд монгол банкны өмнө хариуцлага хүлээдэг байлаа. Одоо бол Засгийн газар, ард иргэдийн өмнө үүрэг хүлээж байна. Тухайн арилжааны банк зөвхөн өөр дээрээ зээлтэй барилгын компанийн орон сууцанд л зээл олгоод байгаа. Үүнийг болиулахаар ярилцсан. Бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Энэ талаар ойрын үед арилжааны банкуудтай уулзалт хийж шийдвэрлэнэ. Засгийн газрын зүгээс нэлээд хүлээцтэй хандлаа. Гэтэл иргэн хүн банкин дээр очоод зээл хүсэхээр “Зөвхөн манайхтай гэрээтэй барилгын компаниас байр ав” гэж тулгадаг. Энэ буруу. Үүнийг засна” хэмээн мэдэгдсэн байна.

 24tsag.mn