Энэтхэгийн Эксим банкны санхүүжилтээр газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэр гарсан. Энэ талаар санаа бодлыг нь сонсохоор УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа


-Сайн байна уу. Яриагаа Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барьснаар гарах үр ашгийн талаар эхэлцгээе. Мөн удаан яригдсан үйлдвэрийн ажил өдийг хүртэл хэрэгжихгүй байсан шалтгаан нь юу вэ?

-Манайхаас бусад орны хувьд бол газрын тосны салбар нь эрчим хүчний яамандаа харьяалагддаг. Эрчим хүчний нэг салбар гэж үздэг. Манайд бол уул уурхай геологитойгоо яваад байдаг. Бусад орны жишгээс өөрөөр явж байгаа. Энэ бол нэгдүгээр асуудал.

Нефть боловсруулах үйлдвэр бол аливаа орны стратегийн хамгийн чухал хэсэг. Улс орон болгон өөрийн нутагтаа газрын тос хайхыг илүүд үздэг. Тэгээд олсныгоо боловсруулахыг эрмэлздэг. Энэ нь эдийн засгийн аюулгүй байдалтай холбогдох чухал салбар. Тиймээс үйлдвэр баригдчихвал тун хэрэгтэй юм.

Монгол улсад нефтийн хайгуулын ажил 1950-аад оноос эхэлсэн. Тэгээд Зүүнбаянд боловсруулах үйлдвэр байгуулсан. Социализмийн үед Сибирт нефтийн том орд олдож, Монголд ийм жижиг үйлдвэр байгуулах нь ашиггүй юм. Социалист орнуудын хамтын ажиллагааны хүрээнд Оросоос нийлүүлэх нь илүү ач холбогдолтой гээд тэр үйлдвэрийг хаасан байдаг.

Тэгээд 1990 оноос нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай дахин яригдаж эхэлсэн. Харамсалтай нь 27 жил өнгөрөөд байхад ямар ч үр дүнд хүрээгүй байна. Үүний гол шалтгаан нь Монгол улсын бүх ажил улс төрждөгтэй л холбоотой.

Миний мэдэхээр 2008 онд тухайн үеийн их хурлын дарга Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьж байсан. Японы техник эдийн засгийн тусламжтайгаар 1.5 тэрбум долларт жилд хоёр сая тонн тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах эхлэл тавьж байлаа. Долоогоос найман жилийн дотор өртгөө нөхөх, эдийн засгийн хувьд өндөр ашигтай байхаар тооцоо судалгаа гарсан. Засгийн газрын тогтоолууд ч гарч байсан. Гэвч хэрэгжилтгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Засгийн газар солигдоход өмнөх нь төлөвлөсөн ажлыг үргэлжлүүлдэггүй нь харамсалтай.

-Дорноговьд боловсруулах үйлдвэр барих нь газар зүйн хувьд хэр зөв шийдэл юм бол?

-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад нэгдүгээрт газар зүйн байршил чухалд тооцогдоно. Монголын хувьд нийт шатахууны хэрэглээний 80-85 хувь нь төв хэсгээрээ байгаа. Мөн зам харилцаа, дэд бүтцийн асуудал яригдана. Сайншандын хувьд бол төвийн бүсээс зайтай нь хүндрэлтэй боловч авто зам, төмөр зам байгаа учир боломжтой газар юм. Хамгийн том асуудал бол ус юм.

-Боловсруулах үйлдвэр нефтийн цооног хооронд хоолой татах тал дээр та шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ талаар тайлбарлана уу?

-Тэр бол үнэмшил муутай. Сайншанд дахь үйлдвэрийн хувьд 1.5 сая тоннын хүчин чадалтай. Энэ бол жижиг хэмжээтэй үйлдвэрт тооцогдоно. Ийм хэмжээний нефть тээвэрлэхэд хоолой татах нь зөв шийдэл биш гэж бодож байна. Хоолойн тээвэр бол их хэмжээгээр тээвэрлэж байж үр ашиг нь гардаг зүйл. Харин авто зам болон төмөр замаар тээвэрлэх нь илүү оновчтой шийдэл болно. Хоолойгоор тээвэрлэхэд үүсэх асуудлууд олон байна. Нефть бүтээгдэхүүн бол өөрөө царцдаг. Манай орон өвөлдөө хэдэн хэм хүрдэг билээ. Өвлийн ултралд хоолойгоор тээвэрлэхэд царцах өндөр магадлалтай. Тэгэхээр хоолойгоо дулаалах шаардлага гарна. Хоолойны урт 650 км байна гэсэн тооцоо бий. Ийм тохиолдолд үйлдвэр бариад хоолой татахад нэг тэрбум доллар бол хаанаа ч хүрэхгүй болоод байгаа юм. 650км хоолойг газар доогуур явуулах боломжгүй. Мөн дээрээс нь тэр хоолойг дагасан барьж бүтээх асар их дэд бүтцийн асуудал тулгарна гэсэн үг.

Мөн түүнээс гадна Энэтхэгийн нэг тэрбум долларын зээлийн нөхцөлийг сайн судлах хэрэгтэй. Энэтхэгийн технологийг ашиглана гэх үү, өөрсдөө сонгох уу гэх зэрэг. Энэтхэгийн технологийг ашиглана гэвэл манай орчин нөхцөлд хэр тохирох вэ гэдгийг нарийн тооцох хэрэгтэй.

-Нефть боловсруулах үйлдвэр яаралтай барих шаардлагатай гэж үзэж байна уу. Ярианы эхэнд улс төржилтөөс болоод ажил урагшилдаггүй гэж ярьсан. Одоогийн парламентэд үүнийг хэрэгжүүлэх улс төрийн нөхцөл хэр бүрдсэн гэж бодож байна вэ?


-Манай улсын хувьд нефть боловсруулах үйлдвэр аль болох хурдан хугацаанд барих зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж УИХ-ын 65 суудал авсан. Энэ бол улсыг хөгжүүлээд өгөөч ээ гэсэн захиас шүү дээ. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн хувьд маш өндөр боломж бүрдээд байна. Мөн миний бодож байгаа нэг зүйл бол зөвхөн ганц боловсруулах үйлдвэр байснаас, яагаад хоёрыг барьж болохгүй гэж. Японы хөгжлийн банкнаас 1.5 тэрбумын зээлээр Дарханд боловсруулах үйлдвэр барих төсөл байгаа. Энэ бол газар, ус, дэд бүтэц, төмөр зам гээд бүгд бэлэн байгаа төсөл. Дарханд цахилгаан дулаан, уурын илүүдэл бас байна. Тиймээс хэрэгжих маш боломжтой юм. Гэвч яагаад бүтэхгүй байгааг би хувьдаа ойлгодоггүй. Энэ хоёр төслийг аль алиныг нь хэрэгжүүлэхэд болохгүй юм байхгүй. Нэг монополь үйлдвэр байснаас хоёр үйлдвэр байгуулчихвал бүр л илүү ашигтай. Гэхдээ тооцооллыг маш сайн хийх хэрэгтэй. Зарим хүмүүс үр ашигийн тухай сэтгэлийн хөдлөлөөр их ярьж байна. Нарийн гаргасан тооцоо, үндэслэл хэрэгтэй.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.