Дэлхийн хүн төрөлхтний бохирдолгүй амьдрах гэсэн хүсэл шинжлэх ухаан, техник технологийн дэвшил болон хөгжлийн тухай нийгмийн ойлголтыг ч өөрчилж байна. 

Тиймдээ ч нэг ширхэг мод, нэг дусал усыг ч үр ашигтай зарцуулахад засгийн газруудын бодлого чиглэж, байгалийн нөөц баялгийг дахин ашиглах, байгальд бохирдолгүй хаягдал нийлүүлэхэд анхаарч буй.

Өнөөдөр 1.2 тэрбум хүнд ямар нэг байдлаар нүүрлээд буй усны хомсдол монголчуудад ч гэсэн ойрхон байгааг салбарынхан анхааруулсаар нэлээд хугацаа өнгөрлөө. Үнэндээ, усны нөөц хамгийн багатай 20 орны тоонд ордог манай улс өнөөг хүртэл усыг зүй зохистой ашиглах дадалд хэвшээгүй байна. Гэхдээ усны салбарт технологийн дэвшил гарч, хууль эрх зүйн тодорхой орчин бүрдэж эхэлжээ. Монголын уур амьсгалд тохирсон ус цэвэршүүлэх технологийг монгол эрдэмтэн нээсэн, усны хэрэглээ өндөртэй аж ахуйн нэгжүүд ч ашигласан усаа цэвэршүүлж байгаа талаар сүүлийн нэг сарын хугацаанд манай сонин хоёр ч нийтлэл гаргасан. Гэхдээ баяртай мэдээг үргэлжлүүлж, соёлт амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийн тулд монголчуудад хийх ажил их байна.

ЦЭВЭРШҮҮЛСЭН УСЫГ ХЭРЭГЛЭХ САЛБАР ОЛОН БАЙНА

Өмнө нь бид өндөр үнээр цэвэршүүлсэн ус нийтийн шугам сүлжээнд шууд урсаж байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл энэ удаа энэ усыг ашиглах боломжийг эрэлхийлсэн юм. Хамгийн эхний уулзсан хүн бол нийслэлийн Хот тохижилтын ногоон байгууламжийн албаны дарга Н.Билэгсайхан. Тэрбээр ус, ундааны үйлдвэрүүдээс гарч буй стандартын шаардлагад нийцсэн цэвэршүүлсэн усыг ногоон байгууламжийн усалгаанд ашиглахаар гэрээ хийж эхэлснээ хэллээ. Нийслэлийн ногоон байгууламжийн усалгаа, тохижилтын тэн хагасыг хариуцдаг тус газарт өдөртөө 700 тонн ус хэрэгтэй аж.

Саарал усыг эргэлтэд оруулах цэг нь барилгын зураг төсөл

Цэвэршүүлсэн усыг ашиглах нь нийгмийн сайн сайхан, экологийн бохирдолгүй амьдрах сонголт гэдгийг онцолсон тэрбээр “Хөгжиж байгаа хотууд цэвэршүүлсэн усыг цэвэрлэх байгууламж, үйлдвэрлэгчээс авч ногоон байгууламждаа ашигладаг. Бид ч гэсэн энэ чиглэл рүү орж байна гэж ойлгох хэрэгтэй. Их хэмнэлт авч байгаадаа гол нь биш. Нийгмийн хариуцлагаа ухамсарлах, Улаанбаатар хотын хөгжлийн төлөө гэсэн утгаар цэвэршүүлсэн усыг ашиглая. Байгалийн гүний усыг ингэж хайр найргүй хэрэглээд байхыг хүсэхгүй байна” гэсэн юм.

Харамсалтай нь, ногоон байгууламжийн усалгааны систем байхгүй тул цэвэршүүлсэн усыг машинаар зөөж буй. “Нийслэлийн зүүн бүсээс ус авч баруун бүсэд усалгаа хийнэ гэдэг оновчтой шийдэл биш. Тиймээс бид бүсчилсэн байдлаар усаа зөөж эхэлсэн. Төвийн бүсийг АПУ- аас, зүүн бүсийг “МСи-Эс Кока-Кола” ХХК-ийн үйлдвэрээс хангахаар болсон. Баруун бүсэд ч гэсэн үйлдвэр хайж байна. Цэвэршүүлсэн усаа нийлүүлэх сонирхолтой компанитай бид дуртайяа хамтран ажиллана” хэмээн Н.Билэгсайхан өгүүлэв. Түүний онцолж буйгаар ер нь нэгдсэн системд холбогдож байж л усалгаа хамгийн хэмнэлттэй, бас цэвэршүүлсэн усыг үр ашигтай эргэлтэд оруулах зөв технологи болох аж.

Цэвэршүүлсэн усыг хэрэглэх өөр нэг боломжтой салбар нь экологийн хувьд муу нэртэй, луу данстай арьс ширний үйлдвэрүүд юм. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээнд ихээхэн ачаалал үүсгэдэг арьс, ширний үйлдвэрүүд нэг шоо метр усны зардалд 6765 төгрөг төлдөг. Үүний 55 хувь нь урьдчилан цэвэрлэх буюу “Харгиа” байгууламжийн цэвэрлэгээний төлбөр. “Харгиа” ачааллаасаа хамаарч хоногт 1000-2000 тонн ус цэвэршүүлдэг.

Усны зардал багагүй нэрмээс болдгийг хэлж буй Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Арьс, шир боловсруулахад орчин нь 6-7 pH-тай усыг хэрэглэдэг. Гэтэл түүхий эдээ хөөлгөж, дэвтээж, нимгэрүүлэхэд технологийн дагуу хэрэглэх химийн бодист шаардлагатай усны орчин 2-13 pH-ын хооронд хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл, усны хүчил, шүлтийн хоёр туйлын хооронд л химийн урвалаар “тоглох” замаар арьс ширийг боловсруулдаг. Үйлдвэрийн цэвэршүүлсэн, саарал усыг арьс ширний үйлдвэрт хэрэглэх бүрэн боломжтой. Харамсалтай нь, манайд өнөөдөр саарал ус байхгүй байна. Саарал усыг хэрэглэдэг механизм алга гэж бид ойлгож байгаа” гэв.

Үнэндээ арьс, ширний үйлдвэрүүдийн урдхан талд АПУ гэх цэвэршүүлсэн ус үйлдвэрлэгч бий. Дэд бүтэц байвал эндээс гарсан цэвэршүүлсэн ус арьс, шир боловсруулах хэрэгцээг хангаж, тэр хэрээр чандмань эрдэнийг хэмнэх байв. Мөн цэвэр усны төлбөрт ч хэмнэлттэй. Гэвч манай шугам сүлжээнүүд шигүү баригдсан учраас одоо ийм боломж эрэлхийлэх аргагүй болсныг УСУГ-ын Инженерийн байгууламжийн хэлтсийн цэвэр усны хангамжийн инженер Р.Атарсайхан хэлсэн юм.

Арьс, ширний үйлдвэрүүдийн ажлын оргил үе арваннэгдүгээр сараас эхэлж өвөл дуустал үргэлжилнэ. Харин ус, ундааны үйлдвэрүүдийн хаягдал ус яг энэ саруудад хэрэглэгчгүй, үндсэндээ шууд хаягдаж байна.

ХЭРЭГЛЭСЭН УСАА ЦЭВЭРЛЭХ НЬ БҮГДИЙН ҮҮРЭГ

Ус хэрэглэж л байгаа бол байгальд хамгийн бага бохирдолтой нийлүүлэх нь хэн бүхний үүрэг гэдгийг “Ус” судалгааны төвийн захирал Д.Басандорж анхааруулав. Гэвч, энэ жишиг олон хүчин зүйлээс болж нэвтэрч чадахгүй байна. Санхүүгийн боломжтой, нийгмийн хариуцлагаа ухамсарласан компаниудын хүрээнд л нэвтэрч буйг Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар хэлж байсан юм.

Нийслэлийн усны бохирдолд жин дардаг ноос ноолуурын үйлдвэрүүдийн нэг болох “Лоро Пъяна Монгол” ХХК үйлдвэрийг манай сурвалжлах баг зорив. Манай улсад 20 жилийн өмнөөс ноос, ноолуур боловсруулах үйл ажиллагаа эрхэлж буй тус үйлдвэр 2012 оноос усаа цэвэршүүлж эхэлжээ. Тус компанийн ерөнхий менежер Б.Цэрэннадмид биднийг угтан, “Улирлын чанартай учир дөрөвдүгээр сараас ноолуур угаах ажил эхэлдэг” гэсээр үйлдвэртээ дагуулан оров.

Эднийх ноолуур угаах таван том онгоцтой. Гурван хатаах камертай аж. Бага оврын цэвэрлэх байгууламжаа угаалтын машины дараагийн дамжлага дээр суурилуулжээ. Өдөрт нэг тонн ноолуур угаах бөгөөд үүнд 32 тонн ус зарцуулдаг. Гэхдээ тавдугаар онгоцны усыг эхнийх рүү буцаан хийж хэрэглэдэг тул цэвэрлэх байгууламж 27 тонн ус л цэвэршүүлдэг байна.

Италийн хөрөнгө оруулалттай тус компанийн цэвэрлэх байгууламж 400 мянган еврогоор боссон. “Цэвэрлэх байгууламжаас гарсан ус Монгол Улсын MNS 6561:2005 стандартыг бүрэн хангасан. УСУГ-ын хяналтынхан ирж дээж авч өөрийн лабораторидоо шинжилдэг” хэмээн Б.Цэрэннадмид ярилаа. Их өндөр үнээр боссон байгууламж байна. Зардлыг хэдий хугацаанд нөхөхөөр төлөвлөсөн бэ гэхэд “Энэ тийм чухал биш ээ. Харин усаа хэр зэрэг цэвэршүүлж чадаж байна вэ гэдэг бидний хувьд чухал. Манайх усыг маш ихээр бохирдуулдаг. Бууц, шороо, элс гээд малын үс, ноолуурт шигдсэн бүхий л бохирдлыг цэвэрлэдэг. Нэг тонн ноолуурыг угаахад 30 хувь нь хог, шороо, бохирдол байдаг” гэв.

Эднийх гүний ус хэрэглэдэг. Хашаан дотроо худагтай. Худгаас цэвэр ус ашигласны төлбөрт нэг шоо метр усыг 1500 төгрөгөөр тооцож улсад төлдөг. Харин цэвэрлэх байгууламжийн өртөг зардал, элэгдэл хорогдлыг тооцох юм бол үүнээс бараг 10 дахин өндөр буюу 14290 төгрөгөөр нэг шоо метр усыг цэвэршүүлж буй аж. Компанийн ерөнхий менежер “Манайх усаа стандартад нийцсэний дагуу, төв цэвэрлэхийн ачааллыг нэмэхгүйгээр цэвэрлээд, төвийн шугамд нийлүүлдэг. Гэхдээ ус бохирдуулсны төлбөрөөс чөлөөлөгддөггүй. Уг нь дараа дараагийн компаниудыг хэрэглэсэн усаа цэвэршүүлж нийлүүлэхэд нь уриалах, урам өгөх зорилгоор тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэхийг УСУГ, салбарынханд жил бүр л хэлдэг юм” хэмээв.

УСНЫ САЛБАРЫН ТАВАН ЧУХАЛ АСУУДЛЫН НЭГ НЬ СААРАЛ УС

Саарал ус манай усны салбарын хувьд хэр зэрэг чухал вэ гэдэг асуултад Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар “Нэн түрүүнд анхаарах ёстой таван асуудлын нэг” гэж нэрлэв. Түүний тайлбарыг тодотгохын тулд Монгол орны усны нөөц хаанаас бүрддэг вэ гэдгийг эхлээд сонирхоё.

Манай улсын усны нөөцийн гол эх үүсвэр үндсэндээ мөнх цэвдэг. Мөнх цэвдгээс гадаргуугийн болон газрын гүний ус тэжээгддэг. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас 1971 онд хийсэн судалгаагаар нийт нутгийн 63 хувьд тархсан цэвдэг 2015 онд 29 хувь болтлоо агшсаныг манай цэвдэг судлаачид тогтоосон байдаг. Уур амьсгалын өөрчлөлт хамгийн эрчимтэй явагдаж буй манай улсын хувьд цэвдэг цаашид ч эрчимтэй буурах прогнозыг гаргасан.

Гадаргуугийн ус нийт усны нөөцийн 98.1 хувийг эзлэх хэдий ч нийт урсацын 66 орчим хувь ОХУ, Хятад руу урсан оддог. Үлдсэн 30 гаруй хувийнх дийлэнх нь өмнө болон баруун бүсийн гол, нууруудын эх үүсвэр болдог. Харин гүний ус нийт усны нөөцийн ердөө 1.9 хувь. Энэ багахан нөөцийн ачаар 100 орчим жилийн хотжилтын түүхтэй монголчууд ангаж, цангахын зовлон амсалгүй өдий хүрчээ. БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Л.Эрдэнэбулган “Гүний ус говийн бүсийн усны хэрэглээний 100, баруун болон зүүн бүсийн 95, төвийн бүсийн 65 хувийг хангадаг” гэв.

Харин гадаргуугийн усаар усны хэрэглээгээ хангах боломж нь өнөөгийн нөхцөлд газар тариалан, мал аж ахуйн усалгаанаас хэтрэхгүй гэдгийг тэрбээр онцолсон юм.

Манай улсын нийгэм эдийн засгийн үйл ажиллагааны усны хэрэглээний 80 хувийг газрын гүний усаар хангадаг гэсэн ерөнхий тоо бий аж. Тиймдээ ч улаанбаатарынхны хувьд усыг зүй зохистой ашиглах, хэмнэх нь энэ салбарын тулгамдсан асуудлын нэг. УСУГ-ын тоон мэдээллээс харахад 2015 оны байдлаар хоногт шахсан цэвэр усны 74 хувь нь орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний конторуудад түгээгддэг. Өөрөөр хэлбэл, айл өрх, сургууль, цэцэрлэгийн усны хэрэгцээнд очдог аж. Тиймээс саарал усыг эргэлтэд оруулах ажил эдгээр барилгын төлөвлөлтөөс эхлэх учиртай аж. Тэгээд ч хамгийн хэмнэлттэй, зардал багатай шийдэл гэж дэлхий дахинд үздэг байна.

СААРАЛ УСНЫ ДЭД БҮТЭЦ БАЙТУГАЙ ЗУРАГ ТӨСӨЛ Ч АЛГА

Уг нь манай улсын усны бодлогод саарал усыг дахин ашиглах талаар тусгасан. Энэ талын зарим нэг зохицуулалт ч хуулийн хүрээнд бий. Харамсалтай нь хууль хэрэгжихгүй байна.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд саарал ус гэдгийг “ахуйн хэрэглээнээс гарсан бохир ус” хэмээн тодорхойлж, хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг ч тусгаж өгчээ. Тухайлбал, тус хуулийн 11.1.4 дүгээр заалтад шинээр баригдах барилга байгууламжийн зураг төсөлд саарал усыг цуглуулах, хуримтлуулах, цэвэрлэх, дахин ашиглах боломжийг техникийн нөхцөлд тусгасан байхыг шаардсан байна. Харамсалтай нь “2011 онд баталсан энэ хуулийн хэрэгжилт одоог хүртэл хангагдахгүй байна” хэмээн УСУГ-ын горимын инженер Х.Чимэгээ ярилаа. Уг нь үүнийг хэрэгжилтийг хангахад барилгын салбарынхан нэн түрүүнд анхаарах ёстой аж.

  •  Үйлдвэрийн цэвэршүүлсэн, саарал усыг арьс ширний үйлдвэрт хэрэглэх бүрэн боломжтой.
  •  Төвлөрсөн шугамаар түгээгдэж буй цэвэр усны 74 хувийг үйлдвэрлэлээс бусад салбар хэрэглэдэг.
  •  2011 онд баталсан хуулийн хэрэгжилт одоог хүртэл хангагдахгүй байна.

Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны Барилгын машин механизм, Барилгын зураг төслийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Т.Батцэндээс тодруулахад “Барилгын зураг төсөл хийхэд зураглал боловсруулах даалгавар, дүрэм гэж бий. Энэ хоёрт орон сууцны барилгын доор саарал ус цуглуулах, хуримтлуулах, цэвэрлэх, дахин ашиглах байгууламжийг тусгадаг” гэв.

Гэвч зургаан жилийн өмнө гарсан хуулийн дагуу өнөөг хүртэл яагаад нэг ч орон сууцны барилга доороо ийм байгууламжгүй байгааг лавлахад хуулийг дагалдаж гарах норм, дүрмийг боловсруулах шатанд явж байна. Одоо барьж буй барилгууд бол 2000-аад оны эхээр гарсан нормын дагуу явж байгааг Т.Батцэнд хэллээ. Уг нь холбогдох дүрэм журмыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан гаргана гэсэн төлөвлөгөөтэй юм байна. Гэхдээ эдгээрийг Барилгын тухай хууль зэрэг холбогдох баримт бичигтэй уялдуулах ажил хараахан дуусаагүй гэнэ.

БОХИРДУУЛБАЛ ТӨЛБӨР, ЦЭВЭРШҮҮЛБЭЛ УРАМШУУЛАЛ

Төвлөрсөн шугам сүлжээгээр түгээгдэж буй цэвэр усны 26 хувийг үйлдвэрлэгчид эзэлдэг хэдий ч төв цэвэрлэх байгууламжид хамгийн их ачаалал нэмдэг. Арьс ширнээс гадна машин угаалга, ноос ноолуур, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гол бохирдуулагч гэдгийг салбарын яамны мэргэжилтэн хэлэв. Тиймээс хэрэглэсэн усаа цэвэршүүлэн байгальд болон ариутгах татуургад нийлүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж байна.

Туул голын сав газрын гүний нэг тонн усны үнэ 9440 төгрөг  

Гэхдээ үүний биелэлтийг хангахын тулд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний хөшүүрэг хэрэгтэй гэдгийг үйлдвэрлэгчид онцолж байсан билээ. Харин үүнийг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар зохицуулахаар ажиллаж байна. Энэ талаар Л.Эрдэнэбулган “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагалдаад 2-3 төрлийн хуульд бага зэрэг өөрчлөлт оруулж байгаа. Өөрчлөлтийн гол агуулга нь хариуцлагыг нэмэгдүүлэх. Үйлдвэрээс гарч байгаа бохирдлын асуудлыг нэн түрүүнд шийдэх нь усны салбарын тулгамдсан асуудал болоод байна” гэв.

Тиймээс ус цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай зүйл заалт оруулахаар ярьж буй аж. Мөн цэвэрлэх байгууламж суурилуулаад хэрэглэсэн усаа хаягдал усны стандартад нийцүүлэн шугамд нийлүүлэх юм бол цэвэрлэх байгууламж суурилуулсан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрөөс чөлөөлөх тухай ярилцаж байгаа аж.

Нөгөөтэйгүүр, ахуйн хэрэглээний саарал ус болон цэвэршүүлсэн усыг ямар төрлийн үйл ажиллагаанд хэрэглэж болох талаар стандартыг боловсруулж буйг усны мэргэжилтнүүд хэлсэн юм. Стандартгүй, зөв төлөвлөлтгүй бол цэвэршүүлсэн усны нөөц хэр зэрэг их байгаад ч эргэлтэд орж чадахгүй, тэр хэрээр усны нөөцийг хэмнэх боломжгүй нь тодорхой. Тиймээс БОАЖЯ, БХБЯ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, УСУГ зэрэг байгууллагын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн ойлголтод хүрэх гээд хийх ажил их байгааг Я.Болдбаатар хэлж байлаа.  

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ