“Будаг нь ханхалсан” шинэхэн сургууль үүдээ нээгээд ердөө гуравхан улирал хичээллэж байгаа ч улс, нийслэл, дүүргийн олон төрлийн олимпиад, уралдаан тэмцээнээс 150 гаруй медаль хүртсэн амжилтаар ’’Монгол Оюун 21 дүгээр зуун’’ дунд сургууль боловсролын салбарт өнөөдөр хүч түрэн орж ирлээ. Зорин ирсэн хүүхэд болгоны сурлагын түвшинг ахиулах, англи хэлийг эх хэлтэйгээ хослуулан сургах, математик сэтгэхүйг хөгжүүлэх, бүтээлч санаачилга, Монголоо гэх сэтгэл, эерэг хандлагаар сурагчдаа өв тэгш хөгжүүлж төлөвшүүлэх эрхэм зорилго бүхий тус сургуулийн багш нартай уулзахад,’’ Дөнгөж сая Биологийн Улсын олимпиадад хүүхдүүд маань ангиараа хүрэл медаль аваад, тэднийхээ шагналыг гардуулж, баяр хүргэх гээд завгүй байгаа’’-гаа учирлав. Амжилтын нууц нь сургуулиараа бүх төрлийн уралдаан тэмцээн, олимпиадаас хоцрохгүй оролцох зорилт тавьсан байна. Угаасаа сургуулийн таатай орчин, хүүхдүүдтэйгээ уйгагүй ажиллах багш нарын ур чадвар, газар газраас элсэн орсон хүүхдүүдийн идэвх зүтгэл гэсэн гурвалсан холбоог бат бэх бүрэлдүүлж чадсаны үр дүн гэж хэлж болно. Олон улсын урлагийн наадамд тус сургуулиас дөрвөн хүүхдээ оролцууллаа гэхэд дөрвүүлээ медаль, тусгай байр эзлээд ирэх жишээтэй. Энд мэдээж хүүхдүүдээ тэмцээн уралдаанд сайтар бэлтгэсэн багш нарын сэтгэл, хүүхдүүдийн өөрсдийнх нь идэвх, эцэг эхийн дэмжлэг тусламж ихээхэн үүрэгтэй байсныг дурьдах ёстой гэнэ. Оролцсон олимпиад бүрээс медаль хүртэж ганзага хоосонгүй ирнэ гэдэг амаргүй. Бага ангийн багш нарын дунд явагддаг математикийн олимпиадад Б.Намжилмаа багш дүүрэг нийслэлээс шалгарч, улмаар улсын олимпиадад оролцохоор бэлтгэж байна. Нийслэлийн дунд сургуулийн багш нарын дунд явагддаг ‘’Тамирчин багш’’ спортын уралдаан тэмцээнд физикийн багш Н.Отгонбаяр алт, технологийн багш Ж.Мягмар мөнгө медаль , шатрын тэмцээнд багш О.Баясгалан түрүүлсэн байна. Зөвхөн багш нарын тухайд алт, мөнгө, хүрэл, тусгай байр нийлээд 20 гаруй медалиар энгэрээ мялаажээ. Сурагчдын хувьд ялангуяа англи хэлний олимпиадад түүчээлэн оролцсон байна. Хобби дунд сургуулийн нэрэмжит англи хэлний уламжлалт уралдаанд 3 хүүхэд оролцож гурвуулаа байр эзэлж, багаа авч тэмцээнд орсон багш нь 4 дүгээр байрт орсон. Глобаль удирдагч дээд сургуулиас зохион байгуулдаг англи хэлний олимпиадад тус сургуулийнхан 17 медаль авсан. Математикийн олимпиадад 1 дүгээр ангийн46 сурагч медаль хүртэж, Биологийн Улсын олимпиадад 8 А ангийн 18 хүүхэд, 7 дугаар ангиас 2 хүүхэд бэлтгэн оруулаад багаараа хүрэл медаль авчээ . 8 А ангийн Ананд гэхэд нийслэлийн биологийн олимпиадад байр эзэлсэн. 2016-2017 оны хичээлийн жилийн гурван улиралд ‘’Монгол Оюун XXI зуун’’ дунд сургууль нийт 150 гаруй медаль аваад байна. Асар богино хугацаанд үр дүнтэй ажиллаж байгаа тус сургуулийн багш, сурагчдад эцэг эхчүүд талархал дэвшүүлж байна. Түүнээс гадна тус сургуулийг улс, нийслэл, олон улсын спорт урлагийн уралдаан тэмцээнд тэргүүлдэг олон улсын зэрэг цолтой авьяаслаг сурагчид зорин ирж элсэн орж байгаа таатай мэдээг бидэнд дуулгав.