Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүгийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулахаар боллоо. Тодруулбал, цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэхээр болжээ. Дээр дурьдсан салбарынхны цалингийн зээлийн хүү, шимтгэлийг хоёр үе шаттай бууруулахаар Төрийн банкны удирдлагуудтай урьдчилан тохирсон байна. Эхний ээлжинд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн шимтгэлийг тэглэж, дараа нь зээлийн одоо төлж байгаа хүү болох жилийн 21.11 хувийг 18 хувь болгон бууруулахаар болжээ. Төрийн банкнаас 48.2 тэрбум төгрөгийн цалингийн зээлийг ойролцоогоор 8316 багш, эмч, ажилтнуудад олгож, тэдгээр нь жилдээ 1-1.6 тэрбум төгрөгийн хүү, шимтгэлийн зардлаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.