УИХ-д МАН-аас сонгогдон  гишүүн болсон Ж.Энхбаяр, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын зургаан гишүүн МАХН-д орохоор хувь, хувьслын тохироо хийгдээд эхэлсэн гэнэ. Үүнийг батлах гэсэн шиг УИХ-ын гишүүн О.Баасанхүү www.news.mn  сайтад өгсөн ярилцлагадаа "МАН-ын зургаан гишүүн манай намд орохоор ярьсан гэж хэлсэн шүү. Манайд ирэх зам нь улам засагдаж байгаа. Би хэзээ ч худлаа ярьдаггүй.  Та нар харин цагаас нь өмнө юм мэдэх гээд зарим зүйлийг хурданд нь оруулах гээд байх юм. 

Ямар ч байсан зургаан гишүүн МАХН-д орно гэдэг тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө бол орж ирэхгүй байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөдөлгөөнд орно. Шударга бусын хонгилоор хэн ч явахыг хүсэхгүй." гэж дурьдав

Саарал ордонд нисэж байгаа "бор шувуугаар" бол МАН-аас гарч МАХН-ыг сонгож  байгаа гишүүд нь Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаяр, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нарын хашир туршлагатай улс төрчид гэнэ. "Будаг нь ханхалсан" гишүүдээс намаа орхиж байгаа нь  Т.Аюурсайхан,  "намаас орж, гарч тоглодог"-оос Х.Болорчулуун нарын нэр яригдаж байна. 

Тэдний намаа орхих болсон шалтгаан нь үл ойлголцол ажээ. Чухам ямар асуудалд удаа дараа үл ойлголцсоныг намынхан нь үг алдахгүй байгаа. 

Тэдний хувьд МАХН-ыг сонгож байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаатай холбоотой. Зарим нэгнийх нь хувьд нам сольж байгаа нь МАН-даа сөрөг хүчин болж гадуурхагдаж байгаатай нь шууд холбоотой аж.

Ямартйа ч тэл бөөндөө намаа орхих юм бол Ерөнхийлөгчийн сонгуулиар санал хуваах нь тодорхой. Асуудал энэ долоо хоногт хэрхэн шийдэгдэхийг хүлээх л үлдлээ.