Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай 2009 онд MN25 телевизийн “Ринг” нэвтрүүлэгт орохдоо “Манайхан Чингис хааны тухай кино, жүжиг, дуурь хийж байна. Гэтэл найруулагчид, зохиолчид маань “Монголын Нууц Товчоон”-оос хальж, гарч чадахгүй байна” гэж хэлж байсныг ерөөсөө мартдаггүй юм.

Үнэхээр, Урлаг, уран сайхны бүтээл бол гагцхүү түүхийн баримтанд баригдах учиргүй. Харин ч хэдий чинээ уран сайхнаар сэтгэн баяжуулж гэмээнэ төдий чинээ сайн бүтээл төрж, уншигч олон сэтгэлийн цэнгэл эдлэх учиртай.

Ийм нэгэн сэтгэл сэргээсэн сайхан бүтээл саявтархан мэндэллээ. Энэ нь зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдийн “Аугаа эрин: Хөх илдний очис”, тэргүүн дэвтэр бүтээл болой. Уул бүтээл хэвлэгдмэгцээ л уншигч, мэргэжлийн судлаач, шүүмжлэгч нарын сонирхлыг татаад эхэлжээ.

Юуны урьд зохиолийн хэмжээний хувьд багавтар боловч түүхэн үнэ цэнэ, учир явдлын нууц ээдрээг асар ихээр агуулсан “МНТ”-ны 76, 77-р зүйлийг хэрхэн уран сайхнаар баяжуулсан нь хамгийн сонирхолтой байлаа. Өөрөөр хэлбэл, энэхүү зургаа долоон өгүүлбэрийг жар далан хуудас болгон дэлгэрүүлжээ.

Ер нь энэ хэсэг буюу Тэмүжиний Бэгтэрийг хөнөөсөн шалтаг шалтгаан нь эрдэмтэн судлаачдын байнгын сонирхдог сэдэв билээ. Энд хэд хэдэн ээдрээтэй асуудал байдаг. Үүнд:

  1. Тэмүжиний Бэгтэрийг хөнөөсөн шалтгаан /шалтаг биш/ нь юу болох талаар
  2. Тэмүжин Бэгтэр нарын хэн нь ах болох, МНТ зохиогч Сочигэл хатны нэрийг дурдаагүй Бэлгүдэйн эх гэсэн учирт
  3. Сочигэл хатны Бэлгүдэйгээс зугтсан нь

Зохиолч эдгээр ээдрээг онцлон авч,   уран сайхнаар тайлсанд уг бүтээлийн үнэ цэнэ оршино. Тэгэхдээ зохиолч дээр дурдсан судалгаа шинжилгээний бүтээлийг сайтар эргэцүүлсэн нь илт байна. Тухайлбал:

Хамаг Монголын хаан сууринд горилогч Таргудай Хирилтугийн үүсгэсэн Нарст уулын найранд Нируны хорин долоон овог, Дарлигиний хорин дөрвөн овогтноос авхуулаад Мэргид, Татаар, Хэрээдийн хан вангууд хүртэл уригдан иржээ. Онцгой сонин зочдын нэг Есүхэйн эм Сочихэл, хүү Бэгтэрээ дагуулан ирсэн нь байлаа. Энэ талаар зохиолч нэлээд дэлгэрэнгүй өгүүлжээ.

...Таргудай

- Олон хэдий намайг тэргүүн хэмээж буй ч онцгой нэгэн зүйл үгүйгээр би хэрхэн өөрийгээ тэргүүн хэмээн хэлж чадах билээ.

-Таргудай тэргүүнтэн. Таны санааг чилээж буй тэр зүйл юу юм бол? Та үүнийг юуны учир надад өгүүлэв?

-Хаан эцэг Амбагайд минь Эрхэт Тэнгэрээс эзэн хэмээн тэмдэг болгон хайрласан Хасбуу тамга, дайны догшин Хараа ихт Хар сүлд үгүйгээр Хамаг Монголын хаан хэмээн хэрхэн хэлэгдэх билээ. Тэр тамга эцгийг минь тэнгэрт одсоны дараа Хутула хаанд, Хутула хаанаас Есүхэй баатарт ирчихүй. Өнөө тэр Хасбуу тамга болоод Хараа ихт Хар сүлд танай хот айлд байгаа болно.

...-Түмний тусын тулд түүнийг яаруу түргэн олохсон.

-Хаана нуусныг зөвхөн Өүлэн, Тэмүчин хоёр мэдэх билээ.

-Бэгтэр, Сочихэл та хоёр мэдэхгүй юм уу?

-Хэрхэвч мэдэхгүй.Эзэнтэн минь.

-Түүнийг мэдэж болох уу.

-Тэргүүн Таргудай. Өүлэний аашийг та мэднэ шүү дээ.Тийм амаргүй.

-Хэрвээ түүнийг мэдэх аваас Сочихэл бэргэн таныг хатдын ямбанд өргөж,Бэгтэр, Бэлгүдэй хоёр хүүг чинь дэргэдээ аван, асрах болмуй би...

Сочихэл дуугарсангүй. Гэвч ямар нэгийг санав бололтой, нүд нь сүүмийгээд явчихжээ.(Б.Номинчимэд “Аугаа эрин:Хөх илдний очис” тэргүүн дэвтэр, УБ, 2017,65-66 тал)Энэ хэсэгт, Сочихэл, Бэгтэр нарын Тайчуудтай ойр холбоотой байсан гэсэн эрдэмтдийн  таамаглалын нутлахын зэрэгцээ Тэмүжиний Бэгтэрийг хөнөөх болсон учгийг тун ч уран нарийнаар үнэмшихүйцээр зохиомжилжээ.

Мөн Есүхэй баатарыг их хатан Жибхун, удаахь хатан Баарины Сочихэл, Олхунууд Өүлэн зэрэг хатантай байсан төдийгүй Жибхун үр үгүй тул Бэгтэр Есүхэйн ууган хүү болох агаад ааг омог, бяр чадал ид цэгцэрч живхэрч явааг,

....Гэтэл өнөө арван дөрвөн нас хүрч буй Бэгтэрийн гар яг л байвгайн савар шиг баривгар бөгөөд бядлаг аж. Нарийн шуу нь атганд багтамгүй болжээ. Хүзүү нь цээжнээсээ ургаад ирсэн мэт цул хийгээд өндөр. Яг л хар модны хожуул зоочихсон мэт харагдана. Өдий насандаа ийм байгаа юм өсөх насаа дуусгаад ямархан баатар эр болох бол...(Б.Номинчимэд “Аугаа эрин: Хөх илдний очис, тэргүүн дэвтэр”, УБ, 2017,57 тал) хэмээн дүрсэлжээ. Улмаар авга нагац нарынхаа өөдөөс хатуу үг чулуудчихаад “сар хагарч” найр үймэхэд эцгийнх нь алтан амийг хөнөөсөн Жүйн Татаарын Оргулын хатан хүүхдийг хөнөөсөн дүрслэл, Тэмүжин Хасарын хорт сумны өөдөөс сөрөн зогсохдоо хэлж буй эрэмгий үг зэргийг уншихуйяа сонирхолтой. Бэгтэрийг ийнхүү дүрсэлсэн анхдагч бүтээл болно.

Жамуха Бэлгүдэйд хандан,

-Өчигдөр оройхон манай анчид ээжтэй чинь таарч, отог дээрээ авчирсан. Бага зэрэг аяншиж ваа бололтой билээ.Өглөө эрт Тайчуудын Таргудайн хүрээнд очоод буцаж яваа хоёр Мэргэд хүмүнтэй хамт явж одсон гэв.

Ийнхүү гэнэт алга болсон Сочихэл хатныг Мэргидийн отогт очсон гэж дүрсэлсэн нь хожмоо Мэргидийг довтлох үед Сочихэл эхийн тэнд байдгийн учгийг сүвэлжээ.

Оросын нэрт кино найруулагч Сергей Бодров анх Чингис хааны тухай кино хийхээр Монголд ирж манай уран бүтээлчидтэй уулзжээ. Манайхан холливүүдийн нэрт найруулагчтай хамтарч ажиллах туйлын сонирхолтой байсан ч  кино зохиол бөгөөд түүнд гарах Тэмүжиний идэр насны үе, нэн ялангуяа Тэмүжиний Зүрчидийн шоронд байх өгүүлэмж таалагдсангүй.  Манайхан ч энэ хэсгээ хасчихвал хамтаръя гэжээ. Харин С.Бодров энэ хэсэг бол миний зохиолын “амь сүнс” гэсэн гэдэг явган яриа бий.

С.Бодров 15 сая долларын өртөгтэй кино төслөө Казакстанчууд, Казакстаны ерөнхийлөгч Н.Назарбаяевын ивээл дор  гүйцэтгэж аль хэдийн дуусчээ. “Түүх гуйвуулсан” гэдэг алдарт шүүмжлэл  өрнөөд одоо ч намжиж.

Тэрээр энэ тухайгаа “Анх киноныхоо зургийг авахаар ирэхэд Монголчууд маш эмзэг хандсан тал бий. Зарим нэг түүхчид энэ бол уран сайхны кино гэдгийг огт ойлгохгүй юм. Уран сайхан үлдэх ёстойг хүлээж аваагүй. Балчир, бага Тэмүжин эцэгтэйгээ ямар харилцаатай байсныг одоо ч бид мэдэхгүй шүү дээ. Ямар нэг кино, уран бүтээлийг хийхдээ хийсвэрээр ургуулан, тааж хийх явдал байдаг. Баримтат кино хийж байгаа биш, уран сайхны кино гэдэг өөр юм аа. Та нар өөрсдөө үзсэн болохоор энэ кино бодот түүхээс арай өөр болсныг мэднэ. Энэ сэдвээр түүхчидтэй бол их маргасаан маргасан. (Сергей Бодров, Миний судсаар монгол цус гүйж байгаа.www.mongolnews.mn, 2013) гэжээ.

Харин манай “Хөх илдний очис”-ыг зохиогч номынхоо өмнөтгөлд “Залуу хойч үе маань зөвхөн уран сайхны ертөнцөд саатаад зогсохгүй бас XIII зууны Монголынхоо түүхийг танин мэдэх өргөн боломжтой байх үүднээс аль болох түүхэн үнэний зааг хязгаараас халихгүйг эрмэлзлээ...Нэн ялангуяа Тэмүчиний бага насны амьдралын хэсгийг дүрслэхдээ “Монголын нууц товчоо” хэмээх түүхэн их сурвалжийн мэдээллүүдийг аль болох хичээн дагав. Гэсэн хэдий ч ганц нэгэн үйл явдалд дүрийн дотоод сэтгэл зүйг тодруулах, сонирхолтой сайхан болгохын тулд уран сайхан нь давамгайлсан тохиолдол ч бий хэмээн зөрчилтэй зүйл өгүүлсэн нь  арга ч үгүй юм.

Ер нь уран сайхны зохиол бол “түүх бичлэг” биш, түүхэн дүрүүдийг ашигласан шинэ уран бүтээл ч гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр “Түүх гажлаа” гэж уран зохиолч, урлагийнхнаас  шаардах нь тун утгагүй агаад түүхээ үнэн мөнөөр бичье гэвэл “түүх бичлэг”-тээ л анхаарах хэрэгтэй.

С.Бодров тэрхүү хурц өгүүлэмжийг кинондоо заавал суулгасан нь Оросын эрдэмтэн Л.Н Гумилевийн “Сурвалж бичгүүдэд Тэмүжиний 15 жилийн нэн хэцүү, чухал үйл явдлыг өгүүлэлгүй орхиж, намтрыг бүрхэгдүүлжээ...Аз дайрахад зүрчидийг үздэггүй,монголчуудыг таашаадаг нэгэн хятад жанжин байсан ажээ. Тэрбээр зүрчидүүд Тэмүжинг аргалан барьж 13 жил нүхэн шоронд хорьсон гэж бичсэн байна”(Л.Н.Гумилев, А.И.Куркчи, Хар домог, 74 тал) гэснээс улбаатай билээ.

Харин зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд гуай энэ үеийн бүдэг бадаг явдлыг МНТ-ны 179-р зүйлд:Бас Чингис хаан“Жамуха андад өгүүл” хэмээн өгүүлрүүн: “Урьд боссон бидний (ману маань) Хан эцгийн хөх чун-г уух бүлгээ. Надад урьд босч уугдруун (уугдахад) найтав (атаархав) зэ, чи...гэх буюу Тэмүжин Жамуха багадаа Хэрэйдийн ван ханыд байсан тухай товч мэдээлэлд уялдуулан “Таван жилийн өмнө Есүхэй баатар эцэг нь амьд ахуйдаа Тэмүчинг Туул голын Хар Түнд байх Тоорил ханы шинэхэн сайхан ордонд хүргэж орхиод, нэгэн намрыг Жадараны тэргүүн Хар Хадааны хөвүүн энэхүү Жамухын хамт Тоорил ханд эрхлэн хан хөвүүний ёсоор эрх тааваар, зугаатай сайхан наадаж өнгөрөөсөн юм. Тоорил хан нэвт гэрэлтэх нэгэн хөх чун аяганд цэгээ уух билээ. Няслахад жингэнэн дуугарах, хөх судалтай босоо өндөр тэрхүү хөх чун аягыг зуун гол мөрөн, зургаан их уул нурууны чинадад байх алс өрнийн Загалмайт гүр их улсын эзэн, гэгээн Юужин* (Гэгээн Юужин* - XII зууны дунд үед Ромын поп байсан III Юужин) гэгчээс Тоорил ханд бэлэг болгосон гэлцэх. Хан унтахын өмнө аягандаа цэгээ дүүргэн тавиад, хөвүүдэд “Эртэлж хэн босном, эрдэнийн хөх чунгаас исээ цэгээг уугтун” хэмээхэд Тэмүчин ямагт түрүүлж, Тоорил хан тэр бүрд,

- Эртэч бялзуухай элдэвлэмүй

Эртэч хөвүүн эрмэлзмүй хэмээн магтаж, хэг хэг инээсээр толгой юуг нь илдэгсэн.” хэмээн маш сонирхолтойгоор тодруулан гаргасан нь уг зохиолын бас нэгэн  шинэлэг санаа, зохиолчийн шинжилгээ судалгаа, эрэл хайлтын үр дүн гэлтэй.

Ер нь “тэр алдагдсан хугацаа”-нд Тэмүжинг Өэлүн эх нь Тайчуудын аюулаас хамгаалах зорилгоор Ван ханы ордонд байлгахын зэрэгцээ ихэс дээдсийн үрсийг сургадаг “Их малгайн ёс”-нд  Онгудын Тодбуха, Хиргисийн Товсаха, Жадараны Жамуха,  Сэнгүм нарын хамт суралцуулжээ. Эрх Хар, Жаха Хамбу зэрэг Хэрэйдийн баатруудаар зэвсгийн эрдэм заалгасан зэрэг нь ирээдүйн их хүмүүн болоход маш их нөлөөлсөн нь гарцаагүй агаад энэ тухай нүдээр үзсэн мэт аргагүй сайхан өгүүлжээ. Аль сурвалжид ийн дэлгэрэнгүй өгүүлдэгийг эс мэдэх ч “нээрээ л ийм юм болж дээ” гэж дуу алднам.

Уг бүтээлийн зөвхөн эхний хэсгийн агуулгыг уудлах төдийд ийм бөлгөө. Цаашид ур хийц, зохиомж хэлбэрийн талаар их зүйл өгүүлж болох ч,

....Будан хахсан шөнөөр гагцхүү Бэгтэр гадасны толгой ялгаж үзэх бол Хасар болоод Бэлгүдэй, ер бусад хэн ч гадасны толгой бүү хэл адууны хондлой ч харж үл чадан, очиж мөргөн өшиглүүлэх. Харин Тэмүчин тийм харанхуйд гадасны толгойг тодхон хараад зогсохгүй адууны зүс ялгаж, хялгасны ширхэг ч харах билээ. Хасар түүнд “Шөнө чамайг над руу харахаар аймаар, яг л чоно дэргэд хүрээд ирсэн мэт болдог” гэж хэлдэг юм. Хачиун бол шөнө түүний дэргэд унтахаас ч дөлнө. Нэгэн шөнө Хачиун хар дарж сэрээд өндийхөд дэргэд нь унтаж байсан Тэмүчин мөн сэрэн дүү рүүгээ харсанд зүүднээсээ илүүгээр Тэмүчиний харцнаас айж, бүр ч ихээр ширвээтэн чарлаж билээ. (Б.Номинчимэд “Аугаа эрин: - Хөх илдний очис”, тэргүүн дэвтэр, Уб, 2017,124 тал)хэмээн Тэмүжин Чингис хаанытухай өмнө хэний ч хэлээгүй өвөрмөц агаад тас харанхуй шөнөөр адуу малаа адуулдаг монгол хүний л ухаж ойлгох гайхам сайхан дүрслэл эшлэн түр жаргаая. Хүүхэд залуус маань энэ сайхан үүх түүхийн ертөцөөр аялагтун.

Төгсгөлийн оронд,Монголын уран зохиолын түүхэнд олон арван түүхэн баатарын тухай олон арван түүхэн зохиол (роман) гарчээ. Одоо ч гарсаар байна. Баатар баатар дотроо Эзэн Чингис хааны тухай, түүх түүх дотроо Монголын түүх уран зохиолын хосгүй үнэт өв “Монголын нууц товчоо”-ны түүхэн баримтад тулгуурлан түүхэн роман бичнэ гэдэг,  их зохиолч Ванчинбалын Инжаннашийн тогтоосон эгнэшгүй хэмжүүрт (Хөх судар) дөхнө гэдэг тун хүчир даваа гэдэг нь мэдээж хэрэг ч орчин цагийн нэгэн шинэ, сайхан зохиолын хөх салхийг эрхэм зохиолч Баасангийн Номинчимэд гуай ч салхилуулах нь ч салхилуулчихлаа. Яаж салхилахыг харж сууя даа. 

 

                                                                        МУИС-ийнбагш ЧОЙЖАНЦАНГИЙН БАТТУЛГА