Монголбанкны үйл ажиллагаанд хийсэн шалгалт буюу тун харамсалтай мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өчигдөр өөрийн твиттер хуудаснаа “Монгол банкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгаж дуусжээ. Хохирол олон зуун тэрбумаар хэмжигдэж байна. Тун харамсалтай” хэмээн жиргэжээ.  МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-аас Монголбанкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж байгаа тухай эх сурвалжууд бичиж байсан юм. Гэвч намын бүлгээс хэлэлцсэн асуудлаараа олон нийтэд мэдээлэл өгсөнгүй.

Өнөөдрөөс яг гурван сарын өмнө УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулж байгаагаа мэдэгдэж байв. Уг ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны хүртэл Монголбанкинд шалгалт хийх болсон тухай олон нийтэд мэдээлж байв. Тэгвэл шалгалтын хугацаа дууссанаас хойш 20 гаруй хоногийн дараа МАН-ын бүлэг дээр шалгалтын хэлэлцэж байгаа нь энэ аж. 

Шалгалт хийх ажлын хэсгийн тухайн үед төгрөг буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн тогтвортой байдлыг хангах, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхлээд санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэвлэсэн мөнгөний хэмжээ болон алдагдалд зэрэгт дүгнэлт хийх тухайгаа мэдэгдэж байв. Учир нь  Монголбанк 2012-2016 онд найман их наяд төгрөг хэвлэсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголбанкны тайланд 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан мэдээлэл цаасан дээр байгаа ч шинэ удирдлагууд нь Монголбанкны алдагдал дөрвөн их наядад хүрсэн гэсэн мэдээлэл өгсөн. Энд анхаарал татах нэг зүйл бол энэхүү алдагдлыг Засгийн газраас үнэт цаас гаргах замаар нөхдөг. Тэгэхээр эргээд энэ нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт учруулах нь ойлгомжтой. Иймээс ажлын хэсгийнхэн энэ бүх алдаа, дутагдлын шалтгаан нөхцөлийг тогтоож, хууль зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцох ёстой гэдэг дээр санал нэгдэж байв.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр ч тааламжтай үетэй золгоогүй байна. Тэгвэл эдийн засгийн хүндрэл Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой гээд хэлчхэд буруудахгүй. Тодотгон хэлбэл, 2012 оны долдугаар сард ам.долларын ханш 1450 төгрөг байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2400 төгрөг болж нэмэгдсэн. Ингэснээр төгрөгийн худалдан авах чадвар 70 хувиар буурсан. Төгрөгийн худалдан авах чадвар буурах хэмжээгээр ядуурал, эдийн засгийн уналт нэмэгддэг гэдгийг эдийн засагчид тайлбар хийдэг.

 Мөн Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нийт гурван их наяд төгрөг хэвлэж, дотоодод байсан гурван тэрбум ам.долларыг гадаад зах зээлд гаргасан,  ажилтнууддаа орон сууц олгох нэрийдлээр хэдэн арван тэрбум төгрөг үрсэн. Иймээс энэ бүх асуудлыг шалгаж, залруулах шаардлагатайг дуулгаж байсан. Тэгвэл шалгалтын дүн товчхоноор тун харамсалтай гэх тодотголтой. Албаныхан 2012 оноос өмнө Монголбанк жилд 120 тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажиллаж байсан тухай дуулгадаг. Тэгвэл тус банк яагаад ихээхэн хэмжээний алдагдалтай ажиллав,  буруутан нь хэн бэ?
 

 

П. ГОО
Оллоо.мн