Монголын моно жүжгийн хөгжлийн төвөөс “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 оноос “Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн наадмыг зохион байгуулж буй. Тус олон улсын наадмыг угтаж Монголын моно жүжгийн хөгжлийн төв өөрийн улсын мэргэжлийн уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж, шилдгийг шалгаруулдаг уламжлалтай.

Өнөө жилийн тус уралдаан энэ сарын 22, 23-нд болсон юм. Тус уралдаанд Гавьяат жүжигчин С.Дамдин Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Ганцууд” жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулгаар, СУИС-ийн багш Ж.Дүүрэнбаяр зохиолч П.Батхуягийн “Хадаан” жүжгийг Ц.Батнайрамдалын найруулсанаар, УДЭТ-ын жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш П.Батхуягийн “Цовдлогдсон прометеи” жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулснаар тоглож өрсөлдлөө.

Мөн Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин Г.Баттөр Ж.Б.Мольерын “Бэрд”, ӨМӨЗО-ы жүжигчин Х.Ангир Чюн Яаогийн “Сэюкө бүсгүй”, УДЭТ-ын залуу жүжигчин Д.Асардарь Эдвард Разинскийн “Эрчүүдийг болгож өгье”, Б.Хишигбаяр В.Хюгогийн “Инээмтгий хүн” зохиолоос сэдэвлэсэн “Би хаан” нэг хүний жүжиг тоглож, авьяасаараа уралдсан юм.

Тус уралдааны шилдгээр тодорсон УДЭТ-ын жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Гавьяат жүжигчин С.Дамдин, Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын жүжигчин Г.Баттөр нар ирэх аравдугаар сарын 2-9-нд болох олон улсын моно жүжгийн уралдаанд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо.