Дэлхий дээр хамгийн "даварсан" банкны системтэй улсыг Монгол гэж нэрлэвэл нэг их буруудахгүй биз ээ. Тэд иргэд, аж ахуйн нэгжид өндөр хүүтэй зээл өгч, хүүгээр нь хөлждөг.

Гадаад орнуудын бизнесийн салбар 20 хувийн ашигтай байдаг бол манайд 20-30 хувийн банкны хүү төлөх гэж мачийсаар эцэс сүүлдээ цөхөрдөг. Өнөөдөр маш олон жижиг, дунд бизнес банкны хүүгийн дарамтаас болж дампуурлаа зарлаж байна. Жирийн ард түмэн нь хэрэглээний, тэтгэврийн, орон сууцны зээл авчихаад хүүг нь төлөхийн тулд энэ насны амьдралаа зориулж байна шүү дээ. Яван явсаар эдийн засгийн хамгийн том асуудал банкны дарамт болоод хувирчихсан. Тиймээс банк, санхүүгийн салбарыг шинэчлэх цаг болсныг эдийн засагчид сануулсаар ирсэн. Тэгвэл энэ боломж хаяанд хүрээд ирлээ. Живж явсан эдийн засаг ОУВС хэмээх уяанаас зуурлаа. Зуурч үлдээд сэлээд гарах боломж бидэнд байна. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр ханш тогтворжиж, банкны систем эрүүлжиж, төсөв мөнгөний бодлого сахилга баттай болж, өрийн бүтэц сайжран, зээлжих зэрэглэл дээшлэх эдийн засагт итгэх итгэл сэргэх учиртай. Үүнийг харин манайхан хэрхэн зөв ашиглаж чадах вэ гэдэг нь асуулт хэвээр үлдэж байна.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол банкны системийг эрүүлжүүлэх. Энэ ажлыг түргэн шуурхай хийхийг ард түмэн хүлээж суугаа. Банкны хүлээснээс гарч, эрх чөлөөтэйгөөр бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй олон мянган бизнес эрхлэгч банкны салбар эрүүлжихийг мөрөөдөж сууна. Камбож Улс Монголоос ядуу. Гэвч банкууд нь 6-7 хувийн хүүтэй 3-5 жилийн хугацаатай зээл өгдөг гэнэ. Учир нь маш олон гаднын банк тус улсад салбараа нээчихээд дотоодын банкуудад нь зээл өгдөг байна. Харин Монголын санхүүгийн зах зээл дэлхийд хаалттай, хамгаалагдсан байдаг. Гаднын банк орж ирэх гэхээр хамгаалаад оруулдаггүй. Үүнээс болж эцсийн дүнд нь хэрэглэгчид хохирдогийн тод жишээ өнөөдөр манайд байна. Нэг ёсондоо Монголын хэрэглэгчид буюу компаниуд жилд 20 хувийн нэмэлт зардалтай ажиллаж амьдарч байна шүү дээ.

Арилжааны банкууд зээлээ танаж эхэлсэн. Балансынхаа бараг тал хувийг бэлэн мөнгө хэлбэрээр байршуулсан. Мөн сул чөлөөтэй дийлэнх эх үүсвэрээрээ Засгийн газрын үнэт цаас худалдан авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэн, өндөр өгөөж хүртээд сууж байна. Уг нь эдийн засаг хүндэрсэн үед арилжааны банк хувийн хэвшлийнхнийг санхүүгийн эх үүсвэрээр хангах ёстой. Гэтэл энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Үүнтэй зэрэгцээд чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн үед огцом өссөн. Үүнд нь ОУВС-гийнхан шүүмжлэлтэй хандаж, Монголбанкинд тодорхой шаардлагуудыг тавиад байгаа билээ. Тухайлбал, “Моргэйжийн хөтөлбөрт Монголбанк оролцох ёсгүй. Учир нь Монголбанкны эрхлэх үйл ажиллагааны хүрээнд энэ нь хамаардаггүй. Моргэйжийг Засгийн газар хариуцах ёстой. Монголбанк энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад зээлийн хэмжээ хяналтгүйгээр өссөн. Тэр хэрээр Монголбанкинд дарамт учирсан тул хяналт хэрэгтэй” хэмээх сануулгыг өгөөд буй. Энэ мэтчилэн Монголбанк үйл ажиллагаагаа сайжруулахын зэрэгцээ банкны сисгемд тулгарсан асуудлаа хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэхээр болоод байгаа билээ. Хөндлөнгийн байгууллага ОУВС болон Монголбанктай харилцан тохиролцсон, нэгдсэн аргачлалаар үнэлгээ хийнэ гэдгийг салбарын мэргэжилтнүүд дуулгаж байгаа. Ямартай ч “Онош”-ыг нь тогтоосны дараа ямар эмчилгээ хийх вэ гэдэг нь тодорхой болох учиртай. Өөрөөр хэлбэл, банкуудын үйл ажиллагааг бэхжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ гэдэг нь тодорхой болно. Ингэснээр арилжааны банк санхүүгийн хувьд бэхжиж, эдийн засгаа тэтгэх зээл, санхүүжилт гаргах боломж нь нээгдэх учиртай. Зээлийн хүү ч буурна гэдгийг ОУВС-гийн зүгээс мэдэгдсэн. Тиймээс Монголбанк арилжааны банкинд тавих хяналт, шалгалтаа сайжруулахад анхаарч эхлээд байгаа юм.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ. Хамгийн эхний ээлжид эрх зүйн шинэчлэл хийнэ. Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийг эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авна” хэмээжээ. Сайхан мэдээ. Хамгийн гол нь өмнөх алдаагаа дахин давтахгүй байх ёстой. Ер нь өнгөрсөн хугацаанд эрх баригчдын гаргасан бодлогын алдаанаас болж эдийн засаг нэг бол хурдтай өсч, эсвэл огцом унаж, маш их донсолсон. Хөгжиж буй орны хувьд эдийн засаг нь удаан хугацаанд тогтмол өсөх нь чухал байдаг байна. Ази тивийн улс орнуудын эдийн засаг жилд дунджаар найман хувь өсдөг аж. Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж байгаад дараа нь хүндрэх үед олон асуудалтай тулгардаг жишээг бид мах ясаараа мэдэрчихээд сууж байна.

Тиймээс үүнийг дахин давтахгүйн тулд банкны системээ бэхжүүлж, бодлогоо ч сайжруулах хэрэгтэй гэдийг эдийн засагчид анхааруулж байгаа. Үүний төлөө ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.

ОУВС эдийн засгийн өсөлтийн эрүүл хөрсийг бэлдэхэд бидэнд тусална. Дээр нь мод тариад алим жимс ургуулж өгөхгүй. Үүнийг мэдээж монголчууд өөрсдөө л хийх ёстой. ОУВС-гийн хөтөлбөрийн гол санаа нь сахилга баттай улсын төсөв, оновчтой мөнгөний бодлого, эрүүл найдвартай банкны системийг бий болгох реформууд хийгдсэнээр тэрхүү хөрс бүрэлдэнэ гэж үзэж буй. Харин урт хугацааны тогтвортой, хүртээмжтэй өсөлт бий болж, ядуурлыг шийдэн ард иргэдийн амьдралын төвшин сайжрах эсэх нь засаглал институцээ сайжруулах, боловсролыг дээшлүүлэх, тогтвортой оновчтой бодлого явуулах, хувийн секторын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэх мэт зүйлсээс л шалтгаална. Ингээгүй тохиолдолд хэдэн жилийн дараа дахиад л ОУВС-гаас тусламж гуйх болно. Хамгийн гол нь Монголбанк оновчтой бодлогоор, түргэн шуурхай банкны системээ эрүүлжүүлж чадвал нэгдүгээрт, банкны хүү буурах ёсгой. Хоёрдугаарт, банкны салбар томорч өөрийн хөрөнгөөр том төслүүдээ санхүүжүүлэх боломжтой болно. Ингэж чадвал мөрөөдөл биелэлээ л гэсэн үг.

 

У.САРАНГЭРЭЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/