НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газар, Чингэлтэй дүүргийн засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан “Монгол хүн” хүмүүжлийн аяны эцэг эхийн анхдугаар зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга, аяныг санаачлагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролынгазрын дарга Ж.Гантулга болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ. “Монгол хүн” хүмүүжлийн аян нь 2020 он хүртэл хэрэгжинэ. Энэ аянд төрийн болон хувийн өмчийн 623 цэцэрлэг, ерөнхий боловсролын 225 сургууль, найман боловсролын төв хамрагдах юм байна. “Монгол хүн” хүмүүжлийн аяны зорилго нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч, хариуцлагатай, холч ухаантай, үнэнч шударга иргэдийг төлөвшүүлэхэд чиглэгдэж буйгаараа онцлог юм байна.