УИХ-ын дарга З.Энхболд Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Аль Фадлиг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ажиллах болсонд нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцоо.

   Улсын Их Хурлын дарга Монгол, Кувейт хоёр улс уламжлалт найрсаг харилцаатай орнууд гэдгийг тэмдэглээд Элчин сайд энэхүү харилцааг цаашид улам хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын дэд бүтэц, эрчим хүчний салбарт Кувейтын сан хөрөнгө оруулж, төсөл хэрэгжүүлсэнд талархаж байна гэдгээ мөн дуулгаад Монгол, Кувейтын харилцаа, хамтын ажиллагаа дан ганц улс төр, эдийн засгийн салбарт бус бусад олон салбарт жигд хөгжих боломжтойг тэмдэглэсэн юм.

   Элчин сайд Халид Аль Фадли, парламент хоорондын харилцааг хөгжүүлэх, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Кувейтын Үндэсний Ассамблейн гишүүдийн харилцан айлчлалыг идэвхжүүлэхэд анхаарч ажиллана гээд Кувейтын сангаас цаашид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна гэдгийг уламжлахад таатай байна гэсэн юм. Энэ үеэр Их Хурлын дарга Элчин сайдтай Парламентын ордон барих ажлыг урагшлуулахад тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцлаа.

   Улсын Их Хурлын дарга парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд бүлгүүдийн санаачлага чухал бөгөөд энэ чиглэлээр  бүлгүүд бүх талаар хамтран ажиллах боломжууд нээлттэй байгаа гэдгийг чухалчлан хэллээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Кувейтын парламентын бүлгийн дарга Л.Энх-Амгалан оролцлоо.