Монголын “Оюутан мисс-2017” энэ жил 5-р сарын 7-ны өдөр болж нийт 200 гаруй охидуудаас 25 тунаж үлдснээс шилдэг 18 охин финалын шалгаруултанд өрсөлджээ. Энэхүү тэмцээнийг 17 жилийн өмнө зохиогдож байгаад зогсонги байдалд орсныг “Тансаг мода” агентлаг дөрвөн жилийн өмнөөс сэргээн зохион байгуулжээ. “Тансаг мода” агентлагын гүйцэтгэх захирал Б.Солонготой ярилцлаа.

 

 

Энэ жилийн тэмцээн хэр онцлогтой болов?

Энэ жилийн хувьд өндөр шагналтай байлаа. Тэргүүн байрны оюутан мисс 3 сая төгрөг, Солонгос улсаар аялж, зураг авалтанд орох эрх, 2-р байр 2 сая төгрөг, 3-р байр 1 сая төгрөг болон Солонгос улсаар аялж, сурталчилгааны зураг авалтанд орох эрхийг дагуулж өгсөн. Мөн “Тансаг Мода” агентлагтай нэг жилийн гэрээтэй ажиллах эрхээр шагнаж, урамшууллаа. Үүнээс гадна таван номинаци тодруулсан. Хүмүүнлэг мисс, Фото мисс, Авъяаслаг мисс, Спортлог мисс, Модель мисс шалгарууллаа. Таван номинацийн охидыг сарын турш далд шатлалтайгаар шалгаруулалт явуулан сошиал, фейсбүүкээр санал хураалт явуулахаас гадна олон нийтийн санал хураалт болон шүүгч  нарын санал асуулга нийлбэр дүнгээр миссүүдийг шалгаруулсан.

Хүмүүнлэг миссээр шалгарсан охид ямар сэдвээр өрсөлдөн шилдэг болов?

18 охин гурав, гурваар хуваагдан баг болоод нийгэмд тулгарсан хүмүүнлэгийн ажил хийж болохоор сэдвүүдийг өөрсдөө санаачлан сонгож аваад тухайн материалаараа пресентаци тавьсан. Үүнийгээ цаашид хэрэгжүүлж боломжтой гэж үзсэн сэдвийг багаар нь буюу гурван охин хүмүүнлэг миссээр шалгаруулж, Солонгос улсын модель агентлагтай нэг жилийн гэрээтэй ажиллах эрхээр давхар шагнасан. Эдгээр миссээс гадна дөрвөн охиныг тусгай шүүлтээр буюу явцын оноо, тайзан дээр хэрхэн байгаа болон бие бялдарын байдал зэрэг цаашид моделиар ажиллах чадвартай байдлыг харгалзан Солонгос улсын модель агентлагтай гэрээгээр ажиллах эрхийг олгосон. Ингээд нийт 18 охидуудаас 14 нь шагнал, урамшуулал хүртсэн байна. Мөн манай агентлаг нийт 18 охиныг урамшуулаад “Тансаг Мода” агентлагтай нэг жилийн гэрээт моделийн гэрээ хийж ажиллана. Бүгд моделиар нэг жилийн хугацаанд агентлагаас зохиогдох бүх арга хэмжээнд оролцоод явна. Агентлагын хувьд бусдаас онцлох давуу тал гэвэл нас харгалзахгүй, загварын карьергүй, өндөр, нам хамаарахгүй манай агентлагт орж бүртгүүлж болно. Учир нь: Эмэгтэй хүн болгон загвар өмсөгч болох албагүй, эмэгтэй хүн учраас өсгийтэй гутал дээр хэрхэн зөв алхах, нүүрээ хэрхэн зөв будах, хүнтэй яаж зөв харилцах, зөв хоололт, эрүүл аргаар турах гэж юу вэ зэрэг бүх мэдээлэл, мэдлэгийг манай төвөөс авах боломжтой тиймээс бүх охид, бүсгүйчүүдийн өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байдаг. Тийм ч утгаараа “Оюутан мисс” тэмцээнийг зохион байгуулсан. Тиймээс оюутан, сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор 6-р сарын 5-наас элсэлт авч эхэлсэн гэдгийг давхар хэлмээр байна.

“Оюутан мисс”-д орон нутгаас оюутнууд оролцсон уу, насны хувьд хэдээс хэдэн насны охидууд оролцсон бэ?

Бүх орон нутгаас ирж оролцсон. Тодруулбал, Хэнтий аймгаас буриад охин, Өвөрхангай аймгаас хоёр охин, 1000 кмын зайд орших Говь-алтай аймаг, Дархан хотоос охидууд ирж оролцсон. Насны хувьд 16-25 насны охид, бүсгүйчүүд буюу оюутнуудыг бүртгэсэн. Үүнд магистер, болон 1-р курс,  12-р ангиа төгсөөд ирэх жил сургуульд орох гэж байгаа охидууд оролцсон.

Шүүгч нарыг танилцуулаач?

Жүжигчин, хүмүүнлэгийн элч Г.Ундармаа, “Тансаг модель” агентлагын ерөнхий захирал, Монголын “Оюутан мисс” төслийг удирдагч Б.Уянга, гүйцэтгэх захирал Б.Солонго, “Голд” салоны захирал, стилист н.Заяа, дизайнер н.Урангоо, ажиллагч шүүгчээр Үндэсний үйлдвэрлэгч Диван брендийн ерөнхий захирал, мөн өнгөрсөн жилийн “Оюутан мисс 2016” наадмын тэргүүн мисс н.Үжин нар нийт найман шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажилласан.

Хүмүүнлэгийн ажил санаачилсан оюутнуудын хувьд ямар сэдвээр оролцож, шалгарсан бэ?

Маш гоё сэдвүүд байсан. Дурдвал, “Хүмүүнлэг мисс”-ийн шагнал авсан сэдвийн хувьд оюутан байх хугацаандаа болон төгсөөд гадаад оронд суралцах сонирхолтой байдаг. Гэвч гадагшаа гарах талын мэдлэг дутмаг байна. Байгууллага зөвлөгөө, мэдээлэл өгөхдөө зуучлалын болон визийн хураамж гээд өндөр төлбөр авдаг. Гэсэн ч виз гарахгүй  тохиолдолд төлбөрийн 50 хувиа л буцаан авдаг. Мөн очоод ажил хийх аргаа олохгүй, сургуульдаа сурч чадахгүй энэ байдлаас болж олон хүүхдүүд хохирдог. Үүнийг халах зорилготой төсөл хөтөлбөр байсан. Тодруулбал, Төрийн бус байгууллага байгуулж, гадаад оронд суралцах хүсэлтэй оюутнуудад ямар ч үнэ төлбөргүй мэдээлэл өгч, сургуулиудтай холбож, зуучилж өгөх зорилго өвөртөлсөн байсан. Энэ талын мэдлэгтэй гадаад оронд сурдаг оюутан мисс Баярцэцэг, Болормаа нар нь гадаад суралцах боломжуудыг маш их судалсны үндсэн дээр энэ төслийг барьж авч танилцуулсан. Бүх оюутнууд гадны оронд суралцаж, буцаж Монгол улсад эргэн ирж, эзэмшсэн мэргэжлээрээ улс орноороо хөгжүүлэх боломжийн үүд хаалгыг нээх, хэрэгжих боломжтой төсөл байсан. Мөн хараагүй хүүхдүүд суралцдаг 116-р сургууль суралцах орчинтой танилцахад барель цаас дээр зүүгээр шивж хичээллэдэг. Гэтэл цаас нь Монголд маш дутмаг буюу хандиваар орж ирдэг үүнийг нэмэгдүүлэх боломжтой төсөл танилцуулсан. “Хүмүүнлэг мисс”-ээр шалгарсан оюутнууд Япон улсаас уг барель цаасыг 100 ширхэгийг нь 8000 төгрөгөөр оруулж ирэх гарцыг олж, холбогдсон бичиг баримтыг үзүүлсэн. Үүнийгээ хараагүй хүүхдүүд зориулсан барель цаасыг нь авч өгөх аян өрнүүлэх, нэг жилийн хэрэгцээг нь хангаж өгөх, цаашлаад “Оюутан мисс”-д орсон охидууд маань хүмүүнлэгийн ажлаараа жил болгон хараагүй хүүхдүүдийг цаасаар хангаж байх төсөл оруулж ирсэнд таатай хандаж байна. Үүнээс гадна түлэнхийн төвд эцэг, эхийн хараа хяналтгүйгээс болоод олон хүүхдүүд түлэгдэж ирдэг. Эдгээр хүүхдүүдэд тосон түрхлэг, бент зэрэг хэрэгслүүдийг өгөх аян өрнүүлж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглолт хийж туслалцаа үзүүлсэн. Мөн өрх толгойлсон болон гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх төсөлөөс гадна хүүхэдтэйгээ хамт амарч, гоо сайхан бие бялдарт анхаарах төсөл, санаанууд орж ирсэн гээд олон хүний сэтгэлд нийцсэн төслүүд байсныг дуулгахад баяртай байна гэж хэллээ.

Энэ үеэр “Оюутан мисс” 2017 тэмцээний тэргүүн байрын мисс Э.Амарзаяа, гуравдугаар байр болон “Хүмүүнлэг мисс”-р шалгарсан М.Болормаа нартай ярилцаж амжсан юм.

 

 

Оюутан миссийн тэргүүн байрын эзэн болсонд баяр хүргэе?

Баярлалаа. Намайг И.Амарзаяа гэдэг 19 настай. Энэ жил Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн Бизнес, удирдлагын танхимын 1-р курсын оюутан. Охидууд бүрийн нууцхан хүсэл байдаг би тэдэнтэй адил хүсэл өвөртлөн явдаг байсан. Ингээд анх шилмэл загвар агентлагт элсэн орж өнөөдрийг хүртэл хичээл зүтгэл гаргаж энэхүү тэмцээнд оролцож түрүүллээ. Мэдээллийг фейсбүүк хуудаснаас авч өөрийгөө сориод үзье гэж бодон орсон.

Тэмцээний энэ үеэр хамгийн хүнд даалгавар юу байв, тэмцээнд орохоосоо өмнө юун дээрээ илүү анхаарч, ажилласан бэ?

Өөрийгөө спортод илүү гэж бодож явсан, 10 жилд сурч байхдаа үргэлж тэмцээн, уралдаанд оролцдог байсан тиймдээ ч амжилттай байна гэж бодсон боловч доогуур үнэлгээ авсан. Тэгэхээр өөртөө бардаж болохгүй, үргэлж бэлдэж, сургаж байх ёстой юм байна гэдгийг ойлгож авлаа. Харин тэмцээний өмнө би хувийн зохион байгуулалт дээрээ их анхаарсан. Миссийн тэмцээн учраас бүх зүйл нь жигд байх ёстой. Жишээ нь нүүр будалт, үс, хувцаслалт, харилцаа, биеэ зөв авч явах байдал, цаг барилт зэрэг бүх зүйл дээрээ анхаарч бэлтгэлээ хангасан. 

Оюутнууд чиний нүдээр хэрхэн харагддаг вэ?

Нийслэлд тамхи татах цэг гэж байдаг. Гэтэл оюутнууд сургуулийнхаа ойролцоо тамхи татдаг. Хажууд нь цэцэрлэг байна, хүүхдүүд болон янз бүрийн насны хүмүүс зөрж өнгөрдөг. Энэ нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал болж байгаадаа анхаарч, ухамсарлах хэрэгтэй болов уу гэж боддог. Тамхи татдаг эмэгтэй хүн ямар харагдах уу, тамхи татаж болохгүй гэж хэлэхгүй бие организмаас хүсч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ л буруу үлгэр дуурайлал битгий үзүүлээч. Зориулалтын газар, ойр орчны хүмүүсээс хол, хамгийг гол нь хүүхдүүдээс хол татдаг болоосой гэж боддог.

Баярлалаа. 

 

“Хүмүүнлэг мисс”, “Оюутан мисс”-ийн 3-р байрыг эзэн болсонд баяр хүргэе? Ямар төсөл санаачилсан бэ?

Баярлалаа. Намайг М.Болормаа гэдэг би “Ач” анагаах ухааны их сургуулийн нүүр ам судлалийн ангийг энэ жил төгссөн. Оюутнууд манай улсын хүн амыг дийлэнх хувийг эзэлдэг. Үүндээр тулгуурлаад оюутнууд хэлтэй болж гадаад орныг зорьж, мэдлэг, боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй байдаг ч мэдээлэл авахад хомс байдаг. Байгууллагад хандаж зөвлөгөө, мэдээлэл авахад зуучлалын хөлс гэж өндөр төлбөр төлдөг. Энэ байдлыг халах төрийн бус байгууллага байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Бүх оюутнуудад хангалттай мэдээлэл өгдөг, сургуультай түнш болж хамтран ажилладаг хамгийн гол нь чанартай, үнэн, зөв мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байх юм. Ингэснээр Монголдоо ирж ажиллах арга замыг тусгаж өгсөнөөр боловсон хүчин нэмэгдэх юм. Аль улсад сурах, мэргэжлээ дээшлүүлэх зорилготой мөн Монгол улсад эргэн ирж ажиллах, боломж бололцоо тал дээр түлхүү анхаарч ажиллах төсөл юм.

Чиний бодлоор оюутан залуус мэргэжлээрээ ажиллах боломж, нөхцөл хэр байна гэж боддог вэ?

Миний бодлоор мянга мянган залуус сургуулиа төгсч гардаг. Үүний тал хувь мэргэжлээрээ ажилладаг юм болов уу гэж хардаг. Бусад нь хувийн бизнес эрхэлж, илүү орлоготой байхын тулд өөр ажилд хийж амьдарч байна, цалин, хангамж тааруу байгаатай холбоотой гэж боддог.

Мэргэжлээрээ ажилдаг болохын тулд чиний бодлоор яах ёстой вэ?

Оюутнууд мэргэжлээ зөв сонгох нь зүйтэй байна. Энэ нь ажил, мэргэжилдээ дуртай, дургүй ханддагаас болж цаг хугацаа алддаг. Мэргэжилээ зөв сонгосноор дуртай байж, хүсэл зорилго нь дотоод сэтгэлээс ундарч, ингэснээрээ хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлэх боломжтой гэж боддог. Тогтвортой байдал үгүйлэгдэж байна.

Дараа жил болох энэхүү тэмцээнд оролцох оюутнууддаа хандаж хэлэхэд юу дээр анхаарах хэрэгтэй вэ, зөвлөгөө өгөөч?

Би загварын агентлагт явдаггүй, “Оюутан мисс” тэмцээн болох мэдээлэл аваад ороход охидуудаасаа намхан байсан. Ингээд айдас, ухрах бодол орж ирэхэд хоёр багш маань их урмын үг хэлсэн. Намхан гээд өөрөө голж болохгүй, өөрийн мэдлэг, чадвараа ашиглан, ялгарч гарч ирж болно, зориглоод үз гэж хэлэхэд урам авч тэмцээнд орсон.  Тиймээс охидуудаа хэлэхэд өөрийгөө битгий голоорой, өөртөө итгэлтэй бай, бүхнийг чадна, зориглоод, хичээгээд, сориорой гэж хэлмээр байна.

Баярлалаа. Та бүхэнд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Ихийг бүтээж эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болоорой.

 

М.Буянжаргал

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11