“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тэмцээнд Монгол Улсаас МУГЖ Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар тун амжилттай оролцож байгаа. Дэлхийд чансаа өндөртэй уг тэмцээний Романсын төрөлд МУГЖ Г.Ариунбаатар Тэргүүн байр эзэллээ.

Тэрбээр энэ тухайгаа:  “BBC_Cardiff_Singer_of_the_World_2017 тэмцээний #Романсын төрөлд Тэргүүн байр эзэллээ. Энэхүү финалд миний дуулсан бүтээлүүдээс Б.Шарав багшийн 'Монголын тал нутаг' дуугаар хаасан юм. Энэхүү дууг, аялгууг шагшин магтаж, BBC телевизийн хөтлөгч сэтгэл нь хөдлөн нулимс дуслуулж байхыг харах сайхан байлаа. Маргааш сүүлийн Финалтай! Хичээнээ. #МОНГОЛ_СОНГОДОГ” хэмээн цахим хуудсандаа байршуулсан юм.

Г.Ариунбаатар ОХУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан чадварлаг уран бүтээлч билээ. Мөн 1600 гаруй дуучид оролцсон ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын III уралдаанд амжилттай оролцож, Гран-при шагналын эзэн болсон удаатай.