УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Уг хуулиар иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Аж ахуйн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ төрөөс хэрэгжүүлж буй аливаа хяналтыг ерөнхий нэг стандартын дагуу, эрсдэлд суурилсан зөвлөн туслах зарчмаар хэрэгжүүлэх, төрөөс хэрэгжүүлж буй хяналтуудын уялдаа холбоог хангах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж байгаагаараа энэхүү хууль чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагч үзсэн байна.
Хуулийн төсөлд тусгагдсан бусад зарчмын шинжтэй асуудлыг дурьдвал, төрөөс хэрэгжүүлэх хяналтын чиглэлүүдийг нэрлэн тусгаж, салбарын хуулиар шинэ хяналтын чиглэл бий болгодог байдлыг зогсоох, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбогдсон хяналтуудыг нэгдсэн хяналтын байгууллага хэрэгжүүлэх, бусад хяналтыг холбогдох яам, агентлаг хэрэгжүүлэхээр, шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн, хил дээрх үзлэг шалгалт гэж ангилан шалгалт тус бүрийг хийх үндэслэл, үргэлжлэх хугацаа, дүгнэх, мэдээлэх асуудлыг нарийвчлан тогтоох заалтууд оруулжээ.
Хуулийн төслийг боловсруулах хүрээнд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг шинжлэн үзэж, эдгээрээс 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан байна