Өнөөдөр нийслэл хотод зам тээврийн ноцтой осол болжээ. Ачааны зориулалттай 07-83 УБН дугаартай машин гэрлэн дохиотой уулзвараар нэвтрэхдээ хурдтай эргэснээс ачиж явсан чингэлэг нь унаж хажууд явсан суудлын тэргийн дээр унасан байна.

Сонгинохайрхан дүүргийн X хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг хүн, хоёр хүүхэд дарагдаж, бэртжээ. Тодруулбал, Ослын тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:10 цагт иржээ. 

 Приус-11 маркийн машинд 36 настай эрэгтэй, 16 настай эрэгтэй болон долоон сартай эрэгтэй хүүхэд байжээ. Тэд бүсэлхийнээс доош хэсгээрээ чингэлэгт дарагдсан аж.

Яаралтай тусламжийн эмч нар гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд долоон сартай хүүгийн биеийн байдал маш хүнд, бусад хоёр зорчигчийн биеийн байдал харьцангуй гайгүй байгаа гэв

Одоогоор уг ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байгаа ч ачааны авто тээврийн хэрэгслүүд энэ төрлийн ачаа тээвэрлэн явахдаа анхаарал болгоомжтой явахаас гадна бэхэлгээний аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй гэдгийг энэхүү мэдээгээр сэрэмжлүүлж байна.