Сайн байна уу. Би одоо 28 настай энгийн нэг залуу. Хайртай бүсгүйтэйгээ хэдэн жилийн өмнө танилцаж 3 жил үерхээд салсан. Нэг гэртээ орж амжилгүй явсаар, жижиг сажиг маргаанаас болж муудалцаж эвлэрсээр, салж нийлсээр намрын тэр нэг орой харьцаагаа нэгмөсөн тасалсан. Хэдий аз жаргалтай мөчүүд олон байсан ч цаанаасаа л таарч тохирдоггүй ордод төрчихсөн хүмүүс гэмээр сүүл рүүгээ бидний дунд байсхийгээд л үүсэх хэрүүлд түүний зөрүүд, өөрийнхөөрөө байдал, миний үл итгэсэн, хартай зан их ч нөлөөлсөн дөө, би тэнэг ч байж. Тэрнээс хойш одоо бараг 2 жил болж байгаа ч би түүнийг өдөр бүр боддог. Эрэгтэй хүн гэдэг утгаараа ч тэр үү, эсвэл илүү хайртай нь байсан болоод ч тэр үү, урьд нь муудалцахад дандаа би санаачилга гаргаж, гэрт нь очиж гуйж, аргадаж эргэж эвлэрдэг байсан болохоор энэ удаад би тэгье гэж бодсонгүй. Жил орчим ганцаар явсны дараа ердөөсөө л одоо өнгөрсөн хэрэг гэж бодоод шинээр танилцаж таалагдсан нэг бүсгүйтэй үерхэж эхэлсэн. Одоо эргээд бодоход магадгүй өмнөх бүсгүйгээ мартах гэж өөр хүнтэй үерхсэн байх. Эхэндээ халуухан, сайхан байсан шинэ харилцаа удах тусам өнгөө алдсаар хэдэн сарын дараа би түүнээс салсан. Учир нь өмнөх хүн бодогдоод, би түүнд хайртай чигтээ өөр хүнийг хайрлаж чадахгүй гэдгээ ойлгосон. Санасан сэтгэл гэдэг хэцүү юм, би дахиад л хайртай хүнтэйгээ буцаж нийлэх талаар бодож эхлэв. Ингээд зориг гаргаж саяхан утсаар ярьлаа. Буцаж нийлэх хүсэлтэй гэдгээ ч хэлэв. Түүний хариулт ердийнхөөрөө үгүйсгэсэн, татгалзсан өнгө аястай ч энэ удаад тэр нь миний урд байх бүх хаалга, цонхыг бүрмөсөн хаачихвуу гэлтэй байлаа. Тэр энэ хугацаанд өөр найз залуутай болсон, одоо бараг суух гэж байгаа гэнэ. Тэгээд намайг дэмий өөрийгөө зовоох хэрэггүй, зам замаа хөөе гэж гуйлаа. Дахиж өөр лүү нь залгаж, мессеж бичих хэрэггүй, хайргүй болсон, одоо эргэж хэзээ ч нийлэхгүй, бүх зүйл өнгөрсөн, нөхөртөө хайртай гэх мэт үгсийг утасны цаанаас сонсох үед харамсаж шаналахдаа зүрх минь урагдаж байх шиг л санагдсан. Эрэгтэй хүн нэг хайрласан эмэгтэйгээ мартаж чаддаггүй бололтой. Нөхцөл байдал ямар байгааг өөрийнх нь амнаас ийм ойлгомжтой сонссон хэрнээ л би энэ бүхний эцэст зүгээр л яваад өгч чадахгүйнээ. Хэдий салаад бараг 2 жил болсон ч хамт байхдаа надад ямар их хайртайгаа олон ч үйлдлээрээ харуулдаг байсан түүний сэтгэлд миний орон зай бага ч болов байх ёстой гэж бодох юм. Анхны бүхнээ надад өгч байсан тэр л бүсгүйтэйгээ ахиад ганц өдөр ч болов хамт байж, гараас нь атгаж, чанга тэврэхийн тулд би бүхнээ зориулахсан. Надад тийм өдөр дахин ирэх найдлага байгаа болов уу? Миний хүсч байгаа бүх л зүйл бол түүнтэйгээ хамт үр хүүхдүүдтэй болж сайн сайхан амьдрах л байна. Хамтын амьдрал, хайр сэтгэлийг өөр хэн нэгэнтэй төсөөлж ч чадахгүй нь. Би одоо яах хэрэгтэй вэ?