Гэртээ унтаж амарж чадахгүй байгаа, давжин цочиж сэрдэг хүмүүс байдаг болов уу. Мөн өргөө гэр нь гэнэтийн гэрэл чийдэн унтрах, ассан лаа унтрах, гэр бүл хэрүүл маргаантай, хүүхдийн уйлаан ихтэй, зоо нурууны араар хүйт дагаад нэг л бүүдгэр хэцүү байгаа мэт мэдрэмж төрж байгаа бол таны гэрт болохгүй хар энерги хуралдсан байгааг анхаараарай. 
Тиймээс хэрхэн муу хүчийг зайлуулж одуулах талаар багач болов зөвлөе. Ариун бүхний бүлэгдэл ганга өвс, эсвэл байгальд удаан байж байгалийн хүч, увдисийг өөртөө шингээсэн аргал, мөн арц зэргийг бэлдээрэй. 
Эдгээр гурвын аль нь ч болно. Харин дөмөгхөн шиг зэхэж, сайн утаа май тавихаар зэхэх хэрэгтэй. 
Асаасны дараа юуны өмнө өөрийгөө сайн утаарай, толгойн орчим гурав, бүсэлхий орчим гурав, доод өвдөгний орчим гурвантаа нар зөв эргүүлж утаарай. 
Ялангуя шилний арын хэсэг, хоёр суга, өвдөгний арын нугалам зэргийг сайн утах нь зөв. 
Ийнхүү утасны дараагаас өргөө гэрийнхээ хаалганы баруун доод булангаас эхлээд нар зөв булан тохой, шүүгээн дотор, өнцөг булан ирмэгтэй юу л байна бүгдийг, мөн хувцасны шүүгээ, унтаж амардаг ор, ялангуяа ванны өрөө, гадна тагт буюу валкон зэргээ сайн утах хэрэгтэй. 
Мөн хоймор болсон тахил бурхан шүтээний хэсгээ бүү мартаарай. Өөрийн болоод гэрийнхнийхээ өмсдөг хувцсыг мөн адил. 
Ийнхүү өргөө гэрээ бүхэлд нь утаж буй ариун гангын үнэр, утаа, аргалын утаа май зэргээс төрлөө олоогүй сүнс, албин тийрэн, хар хүч, хар энерги бүхэн сарниж гэрээс тань хурдан одох болно. 
Ийнхүү өргөө гэрээ сайн утаж ариун болгосны ард гадны муу хүчнээс хамгаалж хаалгандаа хамгаалалт хийх учиртай. Хаалгандаа улаан утас тойруулж тавь, улаан утас нь галан хамгаалалтын билэгдэл болдог бол мөн улаан утас ямарваа зүйлийг бат барьж хааж хамгаалж байдаг. 
Мөн байгалд ургадаг үзүүртэй иш бүхий ургамал, моднуудаас өргөө гэрийн хаалгандаа залж болно. Харин авахдаа уул ус хангайн эзэнд өргөл өргөж гуйж авахаа бидэн бүхэн мэдэх билээ. Онцолж зөвлөх мод бол заг юм. Заг бол муу хүчнээс хамгаалдаг их сайн мод. 
Хаалганы дээр мөн сүх тавих нь бас л сайн хамгаалалт болдог. Амьтай байдаг эрчилсэн ноосоор могой зэхэж, түүнийгээ сайн гангаар утсаны ард, хаалгандаа тойруулан залдаг нэгэн зан үйл бий. 
Улмаар тэрхүү залсан могойн сүүл, толгой хэсгийг сархадаар ундаалж зүүний 44 хар тэнгэртээ залардаг удмын харын онгод тэнгэрээс амь оруулж, хамгаалалт хийж өгөхийг хүсэн өргөлөө өргөснөөр тэрхүү могой нь амьтай болж ирдэг. Ингэснээр нэг ёсондоо таны өргөө гэрийн хаалганд амьд могой заларч, өргөө гэрийг муу хүчнээс хамгаалж байх болно. Харин тэрхүү амьтай могойг байнга гангаар утаж, сархадаар ундаалж хүчийг авахуулж байх хэрэгтэй. 
Хаалгандаа та ямар хэлбэрийн хамгаалалт залсан тэрхүү хамгаалалтаа 3 хоногтоо нэг удаа ганга, аргал, арцаар утаж байх хэрэгтэй. 
Мөн хаалганы эргэн тойрноо утахаа бүү мартаарай. Айл гэрт сур байх нь хамгаалалт болдгоороо их сайн байдаг. Монгол хүн, Монгол айл болгонд сур байх учиртай тул та сур, эсвэл суран ташуур зэхэж өргөө гэртээ залвал нэн сайн. За тэгээд цаашдаа өргөө гэртээ гаднаас орохын өмнө зоо нуруугаа гөвөх байдлаар нудрах, мөрнөөс буртгийг одуулж буй мэтээр зан үйлийг хийж, дагаж ирсэн хар муу энергийг хаяж одуулж өргөө гэртээ орж байхыг зөвлөж байна. 
Сүүлийн үед Монголчууд бид өргөө гэртээ орж ирсэн даруйдаа, үүд болсон хаалганы дэргэдэх хувцасны шүүгээн дээр малгай буюу тэргүүнээ шууд л тавьчихдаг. Ингэснээр таны тэргүүн сүлд хийморь тань гэрийн хатавчинд байсаар цаашдаа хэрхэх бол. Монгол хүн тэргүүнээ гэрийн хаалганы хатавчинд залдаггүй бөгөөд харин ч дээдэлж, гэрийнхээ хоймортоо тэргүүнээ залж байх хэрэгтэй анхаараарай.
Монгол хүн бүр өөрийн гэсэн ид чадал, цэцэн ухаан, зан үйлтэй байдаг тул хэн бүхэн өөрийнхөө өргөө гэрийг сайхан авч явж чаднаа.


САЙН САЙХАН БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Нийтэлсэн: Хөгсөөн