​Нийслэлийн Баянзүрх дүүр­гийн 48 дугаар дунд сургуулийн зургадугаар ангийн хоёр эрэгтэй, зургаан эмэгтэй сурагч өнгөрсөн даваа гарагт ХӨСҮТ-д хүргэгдсэн байна.

Тухайн өдрийн хоёрдугаар цагийн хичээл дээр нэг охины гар дээр нь тууралт үүссэн байна. Сургуулийн эмчдээ үзүүлэхэд хар­шил хэмээн оношилжээ. Хэсэг хугацааны дараа ангийн бусад хүүхдүүдийн биеэр юм туурч заримынх нь ходоод өвдөж эхэлжээ. Сургуулийн захиргаанаас хорооныхоо өрхийн эмчид үзүүлэхэд биед нь өөрчлөлт орсон. 14 сурагчид хлорфенамин гэх харшлын эсрэг эм өгч ХӨСҮТ-д мэдэгджээ.

ХӨСҮТ-ийн эмч нар биеийн байдал нь хүнд байгаа найман хүүхдийг хэвтүүлсэн гэнэ. Харин шинжилгээгээр хүүхдүүдээс халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй учраас химийн бодисонд хордсон байж болзошгүй хэмээн Эх, хүүхдийн үндэсний төв рүү шилжүүлсэн байна. Энэ хэргийн талаар сурвалжлахаар Нийслэлийн 48 дугаар дунд сургуулийг зорилоо. Биднийг тус сургууль дээр өчигдрийн 13.00 цагийн үед очиход өдрийн ээл­жийн хичээл орох гээд хөл хөдөлгөөн ихтэй байсан юм.

 

Сурагчид юу­наас болж хордсон талаар тус сургуулийн сургалтын менежер Ц.Манахүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Нэг ангийн нийт хэчнээн хүүхэд хордсон юм бэ?

-Энэ сарын 9-нд өдрийн ээлжний хоёрдугаар цагийн хичээлийн үеэр 6Б ангийн нэг сурагч гар дээр юм туураад байна гэж сургуулийн эмчид хандсан байгаа юм. Тэгээд 30 минутын дараа хажууд нь суудаг хүүхдийнх нь ходоод нь өвдөж, дотор нь муухайраад байна гээд мөн сургуулийн эмчид үзүүлэхээр ирсэн гэсэн. Цагийн дараа тус ангийн 14 хүүхдийн биеийн аль нэг хэсэгт нь тууралт гарсан байсан. Тиймээс сургуулийн зүгээс халдварт өвчин байж магадгүй гэж таамаглан ХӨСҮТ-д хандсан юм. Үүний дагуу дүүрэг болон ХӨСҮТ-ийн халдварт өвчин судлалын нарийн мэргэжлийн эмч нар ирж 6Б ангийн сурагчдад үзлэг хийсэн. Биед нь хүчтэй өөрчлөлт орсон найман хүүхдийг авч явсан.

-Хордсон хүүхдүүдийн анги нь химийн лабораторитой ойр­хон байдаг уу. Мэргэжлийн бай­гууллагууд ирж шинжилгээ хийсэн үү?

-Манай ангийн химийн лаборатори хоёр давхарт байдаг. Харин 6Б анги нэг давхарт байрладаг. Тухайн анги Монгол хэлний танхимд байрладаг. Мэргэжлийн байгууллагууд хүүхдүүдийн хордсон байж болзошгүй бүхий л зүйлээс дээж шинжилгээ авсан.

-Тухайн ангид нийт хэчнээн хүүхэд сурдаг юм бэ?

-6Б анги нийт 30 хүүхэдтэй. Түүнээс 14 хүүхдүүдийнх нь биеийн байдалд өөрчлөлт орсон.

-Яг ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Ихэнх хүүхдийнх нь бие дээгүүр тууралт гарсан. Зарим хүүхдийн ходоод өвдөөд толгой нь эргэх гэх мэт өөрчлөлт илэрч байсан.

-Одоо сурагчдын биеийн байдал хэр байгаа вэ. Аль эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа вэ?

-Тэр өдөр тус ангийн найман хүүхдийг ХӨСҮТ-д эмчлүүлэхээр авч явсан. Очоод хүүхдүүдэд нарийн шинжилгээ хийхэд халдварт өвчний шинж тэмдэг илэрээгүй байна. Тиймээс Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв рүү шилжүүлсэн байгаа. Одоо хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа.

Сурагчдыг өнгөрсөн мягмар гарагт Эх хүүхдийн эрүүл мэндийн төв рүү шилжүүлсэн байна. Тус  эмнэлгийн жижүүр эмч хүүхдүүдийг үзэхэд эрүүл, эмнэлгээс гар­гаж болохоор байсан ч дараа нь ямар нэг хүндрэл гарч болзошгүй гэж үзэн хэвтүүлсэн байна. Ингээд сурагчдын хэвтэн эмчлүүлж буй ЭХЭМҮТ дээр очлоо. Эмч нарын хэлж байгаагаар хүүхдүүд нэгнээсээ сэжиглээд өвчилсөн гэж үзэж байгаа аж. Эмнэлэгт очиход өвдсөн хүүхдүүдийн нэг нь “Би гараар нь юм туурсан хүүх­дийн хажууд суудаг. Гуравдугаар цагийн хичээл орж байхад миний биеэр юм туурсан. Дараа нь манай ангийн хүүхдүүдийн бие сонин болж 30 хүүхдийн 28-ынх нь биеэр юм туурсан. Сургуулийн эмч бидэнд нарт хросол өгсөн. Тэгээд зарим нь гайгүй болж 14 хүүхэд нь бөөлжиж байсан. ХӨСҮТ-ийн эмч нар ирээд найман хүүхдийг нь аваад явсан. Манай ангид химийн хичээл ордоггүй. Тэр манай ангийн хүүхдийн түрхсэн гарын тосноос л болсон байх. Маргаашнаас хичээлдээ явахаар болсон” гэв. Тосны талаар лавлаж асуухад анх гар дээр нь тууралт гарсан охин “Сарнай” нэртэй гарын тос түрхсэн байсан аж.

 

С.Отгонбаатар: ХҮҮХДҮҮД СЭЖГЭЭР ӨВДСӨН ГЭХЭД ИТГЭХГҮЙ БАЙНА

 

“Хүүхдүүдийн биеийн бай­дал муудахад ангийн цонхыг онгойлгосон гэсэн. Тэгэхээр химийн хорт бодис гадагшилсан байх магадлалтай. Энэ олон хүүхэд нэг нэгнээсээ сэжиглэх сэтгэлээр өвдсөн гэдэг итгэхгүй байна” гэсэн юм.

 

Д.Энхбат: УРЬДЧИЛСАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА

 

Хэрэг гарсан үед тус сургууль дээр Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүд ажилласан байна. Шалгалтын дүнгийн талаар БЗД-ийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Энхбатаас тодруулсан юм.

 

-Сургуулийн орчинд ямар шинжилгээ хийсэн бэ. Шинжил­гээний хариу яаж гарсан бэ?

-Бид сургуулийн орчинд агаарын болон орчны шинжилгээ судалгаа хийсэн. Энэ хүрээнд хүүхдүүдийн идсэн хоол, гартаа түрхсэн тос, идсэн чацарганы витамин гэх мэт бүхий л зүйлд нь шинжилгээ хийж үзсэн. Одоогийн байдлаар урьдчилсан шинжилгээний хариу ямар нэгэн химийн хорт бодисноос болсон гэх дүгнэлт гараагүй байна.

-Тэгээд химийн бодисоос хор­доогүй гэсэн үг үү?

-Тийм. Сурагчид тухайн өдөр анги дээрээ Витамин С идсэн байна билээ. Бид цаасыг нь олоод шинжилгээнд явуулсан. Хариу нь гараагүй байгаа.

 

Н.Баасандэмбэрэл