Монгол Улс “хөгжчихжээ”. Одоо Хөгжлийн банкийг татан буулгавал ямар вэ. Тус банкны гүйцэтгэх захирал Ким Жанг Жин гэдэг нөхөрт Монголын нууцаас мэдээгүй “эд, эс” ч үлдсэнгүй.

Харин хөгжилд хувь нэмрээ хэрхэн оруулсныг хэмжих арга алга. Тэгсэн атлаа АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхээс татгалзсан. Мөн тааруухан ажилласан гэсэн үнэлгээтэйгээр ажлаа өгсөн боловч энэ талаарх мэдээллийг төдийлөн “газар авахуулалгүй” хаасан байдаг. Хөгжлийн банкаар 600 сая ам.доллар орж ирснээс хойш бараг хоёр жилийн нүүр үзэж байна. Одоо бодоход УИХ-ын сонгууль угтсан үзүүлбэр ч байсан юм шиг. Ямартай ч ард түмэн энэ мөнгөний үр дүнг амсаж мэдрээгүй байна.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр бол өнөөх “том тоглогч” маань “Гудамж” төсөл мэтхэнийг санхүүжүүлээд дуусч байгаа юмдаг уу даа. Тэгэхээр 2012 онд тухайн үеийн Засгийн газар энүүхний төлөө баталгаа гаргаж дэлхий дахинд зарлан, сайд нар нь нойргүй хонох шахаж байж 580 сая ам.долларын бондыг арилжсан байж таарах нь ээ.

Дээхнэ үед Бямбын Ренчин гуай Соёлын сайдыг хараад намхан болохоор нь ёжилж “Манай улсын соёлын хэмжээ” гэсэн юм гэдэг. Харин одоо “Max Tower”-ийн байранд тохижоод байгаа Хөгжлийн банкны хажуугаар өнгөрөхөд “Зайлуул, манай улсын Хөгжлийн хэмжээ” гэж өөрийн эрхгүй бодогддог юм. Гэхдээ хамгийн сүүлд авсан мэдээллээр Японы Засгийн газрын “Самурай” бондын хөрөнгө оруулагчдын анхны чуулга уулзалтыг Монгол Улсын Хөгжлийн банкныхан Токиод зохион байгуулсан юм билээ.

Эдүгээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат ажиллаж буй. Тэгэхээр бондын хөрөнгө зарцуулах төсөл хөтөлбөрүүдэд ч, хөрөнгө оруулагчдын сонирхлыг төрүүлэхэд ч монгол сэтгэлгээгээр хандах болов уу гэсэн найдлага бага ч атугай төрж байна. Түүнчлэн Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, гишүүнээр тус яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газрын дарга Д.Болдбаатар, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн болдогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнх нарыг сонгосон билээ. Харин хараат бус гишүүнээр нь Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаа, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ийн Нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй нарыг сонгосон байдаг. Ингэснээр Засгийн газраас тогтоосны дагуу Хөгжлийн банк байнгын зургаа, хараат бус гурван гишүүнтэй байх шаардлагад нийцэж байгаа аж.

Ямартай ч “зөвхөн монголчууд”-аас бүрдсэн энэ баг олон нийтийн сэтгэлд нийцтэй байгаа төдийгүй Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр болон бусад бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дөхөмтэй, энэ талаарх мэдээлэл нээлттэй болсон нь сайн хэрэг. Өмнөх удирдлагууд, ялангуяа “экс” Гүйцэтгэх захирал Ким Жанг Жингийн хувьд өөрийн нутаг дахь Хөгжлийн банкиндаа ажилласан туршлага, түүний гадаад дахь салбаруудад ажилласан туршлага хийгээд дотоод аудитын чиглэлээр 30-аад жил ажилласан гэх намтраараа “нүүр тахалж” байсан. Гэвч ТӨХ-ны дарга асан Д.Сугарын хэлээд байсанчлан Хөгжлийн банк бол “Монголыг хөгжүүлэх банк” биш байжээ. Өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо ямар гээчийн шийдвэр гаргаж бондыг хаалттайгаар буюу “ширээн доогуур” /албан ёсны хэлээр бол public placement / наймаалцахаар оролдсон ч “гэрэл цохиулсан” учир яах ч аргагүй нээлттэй буюу private placement хэлбэрээр бондыг арилжихад хүрсэн. Ингэснээр ард түмэн Засгийн газрын баталгаатай бондыг аль улсад ямар хүү, нөхцөлтэйгээр худалдаж буйг мэдэх эрхтэй болсон юм. Харин одоо Самурай бондын тухай ярьж эхэллээ.

Монгол, Японы Засгийн газар хурдтай ажиллавал энэ ондоо багтан “Самурай” бондыг арилжих сурагтай. Мэдээж гол шалгуур нь өмнөх Засгийн газрын адил иргэдэд тараах бус эдийн засгийн үр ашигтай томоохон төсөлд зарцуулах явдал. Ялангуяа япончууд металлургийн болон зэс хайлуулах үйлдвэр сэргээгдэх эрчим хүчний станц барих зэрэг тус улстай хамтран хэрэгжүүлэх төсөлд зарцуулах сонирхолтой байна.

Өнгөрсөн намар сонгогдсон Н.Мөнхбат захирлын хувьд Хөгжлийн банкны өмнөх удирдлагуудыг муулах дургүй, “жудаг зааж” буй ч бодит байдал, үр дүн нь олон нийтийн өмнө ил байгаа билээ. Тэгэхээр түүний баг “Самурай” бондыг зөв удирдаж зарцуулан “Зах зээлийн гол тоглогч болно” гэсэн амлалтдаа хүрэх эсэхийг харах л үлдлээ.

 

У.Оргилмаа