Дөрвөн настай охины амийг хөнөөсөн хэргээр шүүхээс 23 жилийн хорих ял аваад буй Г.Маралмаа хэргийг шийдвэрлэх явцад цагдаагийн алба хаагчид хүчиндүүлсэн хэмээн өнгөрөгч дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Тодруулбал, Г.Маралмаа өргөдөлдөө “2016 онд ялтан Г.Маралмаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хэргийн материалтай танилцаж байхдаа тус шүүхийн цагдаа, дэслэгч Б-д халуун усны өрөөнд хүчиндүүлсэн, шалгаж өгнө үү" гэж өргөдөл бичсэн. Хэргийг Мөрдөн байцаах Тусгай субъектын хэлтэст шалгаж байх явцад буюу 2017-05-03-ны өдөр хүчиндсэн хэрэгт шалгагдан, ажлаасаа чөлөөлөгдөөд байсан цагдаагийн алба хаагч гэртээ амиа хорлосон. Хэрэгт шалгагдаж байгаа хүн нас барсан тул хүчингийн хэргийн шалгалтын ажиллагааг зогсоосон.  Харин зогсоохоос өмнө Г.Маралмаа хүчиндүүлээгүй нь тогтоогдсон байна.

Хүчингийн хэрэгт холбогдсон цагдаагийн албан хаагч амиа хорлохдоо өөрийгөө гэм буруугүй гэсэн агуулга бүхий гэрээслэл бичиж үлдээсэн байдаг. Тиймээс Г.Маралмааг Эрүүгийн хуулийн 95.1 Бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байв. Харин Г.Маралмаагаас болж амиа хорлосон гэдэг нь тогтоогдоогүй тул хэргийг мөн хаасан байна.