​“Оюутолгой” ХХК ирэх онд далд уурхайнхаа үйл ажиллагааг эхлүүлж чадах эсэх нь тодорхойгүй байгаа ч 2014 оныхоо төсвийг дуу нэгтэйгээр баталсан гэнэ. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн долоо хоногт болж, ирэх оныхоо төсвийг баталжээ. 
“Оюутолгой” ХХК ирэх онд 150-175 мянган  тонн зэс агуулсан баяжмал, 700- 750 мянган унц алтны агууламжтай баяжмал экспортлохоор төлөвлөж байгаа аж. Тэд өмнө нь үйлдвэрлээд бор­луулахад бэлэн болгосон бүтээгдэхүүнээ ирэх онд эхэлж худалдах бодлого баримтлахаас гадна үйлдвэрлэлээ 4-6 долоо хоногт багтаан хэвийн хэмжээнд хүргэн жигдрүүлэхийг зорьж бай­гаа юм байна. Үйл ажиллагааны зардал нь нийт нэг тэрбум орчим ам.доллар, хөрөнгө оруулалтын зардал нь 160 сая ам.доллар байхаар тооцоолсноос 80 сая орчим ам.доллар нь урсгал хөрөнгө оруулалтын зардал байх төлөвтэй байгаа юм байна. 
Энэ бүхнээс үзэхэд “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулаг­чид болон Төлөөлөн удирдах зөв­лө¬лийн гишүүдийн хооронд хийж буй хэлэлцээр дуусах шатандаа орсон гэсэн үг болж таарлаа. “Оюу­тол­гой” ХХК-ийн Төлөөлөн удир¬дах зөвлөл дэх Монголын талын төлөөлөгчид “Энэ ондоо багтаагаад хэлэлцээрийг нааштайгаар дуусгаж, эцсийн шийдвэр гаргана” хэмээн мэдэгдсэн. Монголын талаас анхны хөрөнгө оруулалт ямар учраас нэмэгдсэнийг аудитын шалгалтаар тодорхой болготол Оюутолгойн ил уурхайн орлогоор далд уур­хайн санхүүжилтийг эхлүүлэх са¬налыг тавьсан ч “Рио Тинто”-гийн¬хон манайхтай санал нийлээгүй. Ха­рин тэд  далд уурхайн санхүүжил­тийг зээл хэлбэрээр авах зөв­шөөрлийг Засгийн газраас нэхэж байгаа. Тэгвэл энэхүү асуудал “Рио Тинто”-гийнхны санаснаар ший­дэгдэх нөхцөл бүрдээд бай­гаа бололтой юм. Ийнхүү хар­дах болсон шалтгаан нь “Рио Тинто”-гийнхон саяхнаас далд уурхайн санхүүжилтийг зээлээр шийдвэрлэх бэлтгэл ажлаа хангаад эхэлсэн гэдгийг эх сурвалжууд өгүүлэв. “Рио Тинто”-гийнхон өнгөрсөн сарын сүүл­чээр томоохон банк санхүүгийн  байгууллагуудаас авсан байсан зээлийнхээ хугацааг сунгах аж¬лыг эхлүүлж, материалуудаа бүр­дүүлээд эхэлсэн гэх. 
“Рио Тинто” корпораци өн­гөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-нд арилжааны 15 банктай Оюутол¬гой төслийн санхүүжил­тийн хэм­жээ, нөхцлийг ярьж тохир­сон зээлийн баталгаанд гарын үсэг зур­сан” гэж “Туркойз Хилл” компани олон ний­тэд мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх зээлийн баталгааны хүчинтэй хугацааг ирэх оны гуравдугаар са¬рын 31 хүртэл сунгасан байна.  
“Туркойз Хилл”-ийнхэн “Оюутолгой төслийн санхүүжил­тийг Монголын Засгийн газрын дэмжлэгтэйгээр босгохын төлөө “Туркойз Хилл”, “Рио Тинто” хоёр анхааран ажиллаж байна. Талууд хувь нийлүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэх, техник эдийн зас­гийн үндэслэлийг боловсруулж дуусгах, төслийн санхүүжилт, гэр­чилгээ, зөвшөөрөл авах зэрэг хувь нийлүүлэгчидтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, далд уур­хайг дахин эхлүүлэхэд шаардаг­дах арга хэмжээг авах зэрэг асууд­лыг шийдвэрлэх эрмэлзэл дүүрэн байна. ТЭЗҮ-г ирэх оны нэг­дүгээр хагаст багтаан боловсруулж дуусгах ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэж “Кана­дын Ванкувер хотноо хөрөнгө оруулагчиддаа мэдээлсэн байна. Тэгэхээр Монголын Засгийн газар ил уурхайн орлогоор далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх саналыг нь авч хэлэлцээгүй “Рио Тинто”-гийнхонд зээл авах зөвшөөрөл өгөх тохироо хийчихсэн ч байж болох талтай юм. 
Хэрэв энэ бүх хардлага үнэн бол Засгийн газар өнгөрсөн оны төсөвт оруулаагүй мөнгийг нь “Оюутолгой” ХХК-иас нэхэх хэрэгтэй. Улсын төсөв энэ жил 800 тэрбум орчим төгрөгөөр тасалдсаны гол шалтгаан нь “Оюутолгой” ХХК-аас орж ирэх ёстой байсан төсвийн орлого орж ирээгүйд байсан. 2013 оны Төсвийн тухай хуульд “Оюутолгой” ХХК-иас 445.7 тэрбум төгрөгийн орлого оруулахаар тусгасан байсан ч үүнээс нэг ч төгрөг улсын төсөвт орж ирээгүй билээ.