“Миний хувьд аль 1979 онд цаг хугацаа зогсчихсон. Түүнээс хойш удаан гэгч нь үргэлжилж байна даа” гэж Яков Циперович ярьж байна:. 1980-1990-ээд оны үед түүний клиник үхлийн тухай хэвлэлээр шуугиж, Оросын төдийгүй гадаадын олон телекомпаниуд 70 гаруй кино хийжээ.1990-ээд оны сүүлчээр тэрээр эхнэр, хүүгийн хамт Минск хотоос Германы Галл хоТод шилжжээ 2011 онд Оросын “Аргументы и Факты” сонины сурвалжлагч утсаар авсан ярилцлагаа уг сонины 2011 онй № 26-д нийтэлсэнийг толилуулж байна.
АиФ: 1979 онд яг юу болсон юм бэ, Яков?
Яков Ц: Хуучин эхнэр маань хорлох гэж оролдсон юм. Оролдсон ч гэж дээ хардсанаас болоод хорлосон юм. Хүчтэй мансуурсаны улмаас даралт огцом унаж, клиник үхэлд хүргэсэн. Цаг хэртэй болоод сэргэсэн ч 7 хоног комд байсан. Ухаан ороод хагас жил ярьж чадахгүй байлаа. Хэл яриа маань сэргэсэн ч дуу хоолой маань хүнийх юм шиг болчихсон. Гайхмаар юм ч олон болсон доо. Би биеэ ч бүрэн эзэмдэж чадахгүй, жингүйдээд байгаа ч юм шиг. Бүх юм гэнэт өмнөхөөсөө хөнгөхөн болчихсон. Ойр орчны хүмүүсийн мэдрэмж өөрчлөгдөөд л, би ч тэдний бодлыг уншаад байгаа юм шиг. Хэн нэг нь өвдвөл өвчин нь надад дамжаад л. Сүүлдээ унтахаа бүр байчихав.
АиФ: Энэ чинь юу гэсэн үг вэ? Нөгөө Ванька – встанька гэдэг үлгэр шиг үү?
Яков Ц: Яг үнэн. Намайг орноос аваад чулуудчихсан юм шиг хажуулахаа ч байчихлаа. Толгойд минь босоо байх тарни уншчихсан юм шиг. Унтахаа бүр больсон. Нойрны эм уугаад ч нэмэргүй. Энэ байдал намайг түгшээж, айдас төрүүлж, би ч буруу явсаны шийтгэл гэж ойлгож байлаа. Хэдэн жилийн дараа би ийм итгэмээргүй байдалтай амьдарч болох юм байна гэдэгтэйгээ эвлэрсэн төдийгүй, шийтгэл биш, харин ч бурхны бэлэг гэж бодох болсон. 1995 он хүртэл огт нойргүй, чухамдаа хөл дээрээ л амьдарч байв.
АиФ: 1995 онд та унтдаг болсон юм уу?
Яков Ц: Би йогоор хичээллэж, дорно зүгийн бясалгалын аргаар хагас нойрсох дасгал хийж эхэлсэн. Зохиомлоор биеэ нирваан байдалд аваачдаг арга. Эргэн тойронд юу болж байгааг сонсоод байдаг энэ арга унтах биш боловч биеэ 2-3 цаг хэвтээ байлгах чадвар эзэмшсэн юм.
АиФ: Та бясалгалаас өмнө шөнө унтахгүй, юу хийдэг байв даа?
Яков Ц: Элдвийн л юм хийдэг байв. Мэдээж шөнө чимээ гаргаж болохгүй болохоор ихэнхдээ ном уншиж, шүлэг бичиж байлаа. Бас унтаж сурахын тулд өөрийн дасгалын системийг боловсруулсан. Нойр алдана гэдэг энерги алдана гэсэн үг шүү дээ. Түүнийгээ нөхөх ёстой. Би биеийн хөгшрөлтийн бүх процессыг бүрэн хааж, алдагдлыг нөхөх дасгалын системийг бүтээсэн.
АиФ: Таны дасгалын мөн чанар нь . . .?
Яков Ц: Эдгээр нь йог дээр тулгуурласан дасгалууд юм. Зурагдсан пянзаар жишээлэе. Тийм пянз нэг л газар мөртөө эргээд байдаг. Тиймээс миний дасгалууд хүний дотоод цагийг зогсоож, зөвхөн үйлдлийг нь л урагшлуулна. Хүн өөрөө өөртөө 70-80 жилийн туршид программ хийдэг бол бид 200 жил хүртэл амьдарч чадна гэдэгт би итгэдэг. Үүнийг өөрийн жишээгээр батлахыг эрмэлзсэн бөгөөд үнэндээ сүүлийн 30 жилд миний гадаад төрх огт өөрчлөгдөөгүй.
АиФ: Та үүнийгээ хэзээ мэдсэн юм бэ?
Яков Ц: 40 хүрсэн хойноо. Ангийнхантайгаа байнга л уулзана. Тэд “Чи чинь өтөлдөггүй ямар хачин хүн бэ?” гэцгээх болсон үед л.
АиФ: Эмч нар таныг судална гэхгүй юу?
Яков Ц: Би өөрийн хүсэлтээр хэд хэдэн удаа туршилтад орсон хүн. Нойр судлалын салбарт нэрд гарч байсан Москвагийн анагаахын 1-р институтын профессор Вейн Ленинградад ирээд намайг судалж, энцефалограммаар шинжилгээ авсан. Тэгээд эцэст нь ямар нэгэн гажиг алга, бүх зүйл хэвийн байна гэдэг. Миний унтахгүй байх нь тархи судлалынханд нэг их сонин биш байлаа. Дараа нь би “өвчнөө” зөн билигтэнүүдээр эмчлүүлэхээр шийдэж, Жуна дээр хүртэл очиж үзэв. Тэд ч гэсэн “-Та цоо эрүүл хүн юм” гэж хэлдэг юм байна. Энд Германд ирээд Галлын анагаахын их сургуулийн клиникт, нойрны лабораторид шинжлүүллээ. Надад датчик тавьж байгаад тархины компьютер шинжилгээ хийсэн. Тэд нар намайг үнэхээр унтахгүй байна уу, үгүй юу гэдгийг л шалгасан байх. Тэнд 7 хоноод ямар ч эмгэг илрээгүй.
АиФ: Та манай уншигчдад юу зөвлөмөөр байна?
Яков Ц: Хамгийн чухал нь биеэ энергээр дүүрэн байлгахыг эрмэлзэж яваарай. Энерги алдаж эхэлсэнээс өвчилдөг. Ямар ч өвчин үүнээс үүднэ. Тиймээс энергээ нөхөх аргаа хайж ол. Хүн болгонд эрүүл аж төрөх хэв шинж байдаг шигээ, бас тохирсон дасгал бий. Өөрийнхөө энергийг нөхөх арга замыг хай, олж ав.
ЭХНИЙ ЗУРАГ ДЭЭР: 1979 он 26 настай
ДАРААГИЙН ЗУРАГТ: 2015 он 62 настай


Эх сурвалж:http://www.peoples.ru