“Сайдын нарын” гэх тодотголоороо алдартай Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтэнэ гэдэг олон хүнд олдох хувь заяа биш. Тэр дундаа эгэл иргэдийн хувьд бүр ч үгүй.

Хэвтэхийг хүсэгчид нэг бол дарга эс бол хоригдол байх л учиртай. Уг нь саяхныг хүртэл зөвхөн дарга нар хэвтэх ёстой байсан бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын буянаар хоригдлууд эрх чөлөөт иргэдээс илүү их эрх мэдэл эдлэх боломжтой болоод байгаа.

Ерөнхийлөгч асны ар гэрийнхэн хийгээд МАХН-ын нөхөд “Н.Энхбаярыг зөвхөн хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлсэн тохиолдолд эмчилгээ хийлгэнэ” гэж хатуу шахалт үзүүлсэн болохоор тэр шүү дээ. Энэ бол үнэндээ гайхамшиг. Төрийн өндөрлөгтэйгээ адил эрхтэй хоригдол байна гээд бод л доо. Бусдыг хохироосон, төрөөс хулгайлсан эсэх нь хамаагүй. Гагцхүү хоригдол учраас хоёрдугаар эмнэлэгт хэвтэх эрхтэй гэсэн үг.

Гэтэл тэрхүү хоригдлуудын эрх хэтэрснээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын эрхийг хязгаарлах хэрэгтэй болсон гэнэ. Ийм мэдэгдлийг Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн удирдлагууд хийсэн бөгөөд “Төрийн өндөрлөгүүдийг хоригдлуудтай хамт эмчлэх боломжгүй” хэмээсэн байна.

Энэ дүгнэлтийг тэд сайн дураараа хийгээгүй. Хуулийн дагуу, тэднийг хамгаалах ёстой Төрийн тусгай хамгаалалтын дүрэм, журам дээр үндэслэж гаргасан байгаа. Яаж ч бодсон төрийнхөө өндөрлөгүүдийг хоригдолтой хамт эмнэлэгт хэвтүүлж, эмчилнэ гэдэг аль ч улсын жишгийг бодсон боломжгүй хэрэг нь ойлгомжтой.

Энд тэдний сайн, муу хүн нь хамаагүй. Гагцхүү төрийн үнэ хүнд, төрийн үнэ цэнэ гэгч төрийн өндөрлөгүүдэд бусдаас өөр байх, тусгай хамгаалалтад байх давуу эрхийг олгодог. Тиймээс цаашид Н.Энхбаяр хийгээд хоригдлууд төрийн өндөрлөгүүдээс илүү эрхтэй юу.

Төрийн өндөрлөгүүд хоригдлуудаас өндөрт байх ёстой юу гэдгийг тодруулах хэрэгтэй болж байх шиг байна. Эс бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг Баянхошууны хэсгийн эмнэлэгт юм уу, орон нутгийн эмнэлэгт хяналтад оруулах хэрэгтэй юм. Магадгүй энэ хувилбар нь монголчуудад илүү хэрэгтэй байж ч мэднэ.

Цаг үргэлж бэлтгэсэн газартай танилцаж явдаг тэдэнд нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмсөөгүй эмнэлэг, эмнэлгийн ажилтнуудын үнэн нүүр царайг харах завшаан олдохын зэрэгцээ алдаа, дутагдлыг нь ч дор нь засч зааварлах боломжтой болно. Тэгэхээр хоригдлуудыг хоёрдугаар эмнэлэгтээ үлдээгээд Төрийн өндөрлөгүүдийг ард түмний эмнэлэгт хэвтүүлж заншихад алдах зүйл үгүй биз ээ.

Э.Баясгалан