Дүрэм зөрчсөн жолооч нар торгуулиа төлөөгүй бол жолоодох эрхийг нь хасна гэдгийг ЗЦГ-аас мэдээлсэн. Тэгвэл торгуулийн хуудас гэрийн хаягаар ирэхийг хүлээлгүй  www.torguuli.mn сайтад нэвтэрч өөрийнхөө дүрэм зөрчсөн эсэхийг шалгах боломжтой.

Монгол Улсад Зам тээврийн ослын улмаас өдөрт 1-2 хүн, сард 44, жилд 530 хүн амь насаа алдаж байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд болж байгаа зам тээврийн осол,  замын хөдөлгөөний дүрэм зөрчих явдлын талаас илүү хувь нь нийслэлд болж байгаа.  Тиймээс  ЗЦГ Энхтайваны өргөн чөлөө болон  бусад газарт камер байрлуулсан. Тодруулбал замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам энэ оны наймдугаар сарын  нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа билээ. НИТХ-ын тогтоолоор “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг өнгөрсөн 7-р сарын 15-нд баталсан юм. Хурд хэтрүүлж, улаан гэрэл нэвтэрсэн зөрчлийг 24 цагаар хянах автомат “цагдаа нар” бүртгэж байгаа.  Улмаар зөрчлийг хэзээ, хаана, ямар зөрчил гаргасан болохыг гэрэл зургийн хамт  гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудас илгээдэг.  

Тэгвэл  өнгөрсөн 8-р сараас хойш  уг камераар нийт  66 354 замын хөдөлгөөний зөрчлийг баримтжуулсан байна.Тэдгээр тохиолдол бүрийг  баримтжуулан  гэрийн хаягаар зөрчлийг  илгээсэн бөгөөд  дүрэм зөрчсөн жолооч нар  Монгол Улсын төсөвт 360 сая төгрөг төвлөрүүлжээ.  Дүрэм зөрчигчдийн 18642 нь гэрлэн дохионы зөрчил гаргасан бол, 24660 нь хурд хэтрүүлж, 23052  нь нэгдүгээр эгнээгээр нэвтэрчээ.  Одоогоор дүрэм зөрчсөн жолооч нарын 75 хувь нь торгуулийн төлбөрөө барагдуулж, байгаа аж. Харин цаашид торгуулиа барагдуулаагүй тохиолдолд ирэх оны 01 сарын 01–ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн жолоодох эрхийг хасах хүртлэх арга хэмжээ авч ажиллах аж.  

Жолооч нарт сануулан хэлэхэд торгуулийн хуудсыг гэрийн хаягаар хүлээн авснаас  хойш 14 хоногийн дотор сайн дураараа Улаанбаатар хотын банкны Төрийн сангийн дансанд тушаах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн зөрчил гаргасан жолооч нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн тавд зааснаар арга хэмжээ авхуулж байгаа бөгөөд 10 мянган төгрөгөөр торгуулах юм. Мөн  зөрчил гаргагч нь тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол торгуулийн  хуудсыг хүлээн авснаас 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Улмаар тухайн жолоочийн гаргасан гомдлыг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргах юм.  Хэрэв тухайн жолооч 14 хоногийн дотор торгуулийн мөнгөө төлөөгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан буюу  ЗЦГ-ын байцаагч тухайн жолоочид хариуцлага тооцно. Өөрөөр хэлбэл, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа иргэний гэрийн хаягаар нь очиж дуудах буюу утсаар дуудан саатуулна. Бүр шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийг хураан авах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах зэрэг арга хэмжээг авна. 

Үүнээс гадна та гэртээ торгуулийн хуудас ирэхийг хүлээлгүйгээр дүрэм зөрчсөн эсэхдээ эргэлзэж байгаа бол www.torguuli.mn сайтад нэвтэрч өөрийнхөө дүрэм зөрчсөн эсэхийг шалгах боломжтой.