УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хэвлэлийн бага хурлын эхэнд МАН-ын бүлгээс авсан завсарлагын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодит байдалд нийцэхгүй мэдээлэл гарч байгаатай холбогдуулан бүлгийн дарга С.Бямбацогт тайлбар хийв. МАН-ын бүлэг өнгөрөгч пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаас хоёр хоногийн хугацаатай завсарлага авахдаа нэгдүгээрт, Хурууны хээгээр ирц бүртгэх хуулийн төслийг баталсны дараа гишүүдийн хурууны хээгээр ирц бүртгэдэг болох, хоёрдугаарт, энэ оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, С.Бямбацогт нарын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Хурууны хээгээр ирц бүртгүүлэх тухай хуулийн төслийг хамтад нь хэлэлцэхийг шаардсан.

 

Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх нь бүү хэл олонхийн бүлгийн гишүүдээс хэдхэн хоногийн өмнө өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхээр оруулж ирснийг эсэргүүцэн УИХ гишүүддээ ялгавартай хандаж, олонхиороо хүч түрж байгаа учраас завсарлага авах болсноо мэдэгдсэн билээ. Гэтэл МАН-ын бүлгийн завсарлага авсан шалтгааныг мушгин гуйвуулж, хурууны хээгээр ирцээ бүртгүүлэхээс татгалзсан нь дуртай үедээ зугаалж явах гэснийх гэх мэтээр захиалгат нийтлэл, мэдээ мэдээлэл гарах болсонд бүлгийн дарга С.Бямбацогт харамсаж буйгаа илэрхийллээ. Мөн Засгийн газрын хоёр сайдыг огцруулах үндэслэл алга гэж үзэж байгаа эрх баригчдын мэдэгдэлд ч няцаалт хийв. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Төсвийн тухай, Хөгжлийн банкны тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 14 заалтыг зөрчсөн.

Сангийн сайд Ч.Улаан Үндсэн хууль, Засгийн газрын тухай, Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 13 заалтыг зөрчсөн. Тодорхой үндэслэлүүдийг хуулийн зүйл заалт бүрээр гаргасныг тэрээр тайлбарлаж, "Монгол Улсын зээлжих зэрэглэл +В-ээс -В-рүү орсон, гадаадын хөрөнгө оруулалт 60 хувиар буурсан, энэ оны төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасарсан, үндэсний аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, үйлдвэрлэл явуулах боломжгүйд хүрсэн нь үндэслэл биш үү. Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан тухай тогтмол сануулах болсон. Гурил, будаа, мах, сүү, өндөг зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, орон сууц, барилгын материалын үнэ ханш өссөн нь ард иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа учраас УИХ дахь МАН-ын бүлгээс төсөв, санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан хоёр сайдыг огцруулах хүсэлтийг УИХ-д тавьсан"-ыг мэдэгдэв.

Д.Оюунхорол: Хүний хөгжил сангийн хуульд өөрчлөлт оруулах ёстой

Бүлгийн хуралдаанаар хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдээлэл хийв. Тэрээр "Эрх баригчид ард түмний амьдрал сайн сайхан байна, бид бүхнийг зохицуулна, юмны үнэ өсөөгүй" гэх мэтээр амьдралаас тасархай тайлбар хийж байгаа нь ард иргэдэд таалагдахгүй байна. Хоёр сайдыг огцруулах нь зөвхөн МАН-ын бүлгийн асуудал биш. Ард түмэн өөрсдийнх нь амьдралд тохиолдож байгаа хөрөнгө мөнгөний бэрхшээл, аж ахуйн нэгжүүд яаж доройтож дампуурч байгаагаа ил тод ярьж, тусламж дэмжлэг хүсч буй учраас бид хоёр сайдыг огцруулах асуудлыг тавьсан" гэлээ. Мөн ард иргэдийн амьдрал ахуйг дэмжих үүднээс Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар зайлшгүй хэлэлцэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Уг хуулийн төсөлд нийгмийн зорилтот хэсэгт 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох асуудлыг тусгажээ.

Б.Бат-Эрдэнэ: Улаанбуудайн ургац хүрсэн төвшнөөсөө ухарсан

Засгийн газраас стратегийн хүнс улаанбуудайн нөөцийг нэмэгдүүлэх, импортоор авахын тулд 2014 оны зургадугаар сарын 1 хүртэл гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Ингэснээр 6.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлүүлэх аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Юуны өмнө энэхүү хуулийн төсөл хэр зэрэг үндэслэлтэйг авч үзэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна.

Атрын гуравдугаар аяныг хоёр Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсний үр дүнд манай улс улаанбуудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ экспортлогч орон болсон. Гэтэл нэг жилийн хугацаанд хүрсэн төвшнөөс ухарсныг тэрээр хэллээ. Учир нь 2013 оны ургац хурааалтын мэдээгээр нийтдээ 369.8 мянган тонн улаанбуудай хурааж авчээ. Үүнийг 2012 онтой харьцуулахад 95.4 мянган тонноор буурсан үзүүлэлттэй байна. Мөн үнэ тогтворжуулах гурван их наяд төгрөгийн өртөгтэй хөтөлбөрийн хүрээнд гурилын хэрэгцээг сайжруулах зориулалтаар 24 гурилын үйлдвэрт 48.7 тэрбум төгрөгийн зээл өгчээ. Энэ хөтөлбөрийн үр дүн гарсан уу, эзэндээ хүрч чадсан уу гэдэг талаас нь үзвэл үр дүн бага байгааг Б.Бат-Эрдэнэ гишүүн онцоллоо.

Тариаланчид Засгийн газарт нэг тонн улаанбуудайг  400 мянган төгрөгөөр худалдах санал хүргүүлсэн ч Засгийн газар 320 мянган төгрөгөөр тогтоосон. Үүнээс болоод тариаланчид рапс тарих талбайгаа нэмэгдүүлж, энэ хэрээр улаанбуудайн тариалалт багассан аж.

Засгийн газраас оруулж ирсэн дээрх хуулийн төсөлд улаанбуудайг дотоод дахь үнэ ханшаас ч илүү үнээр импортоор авах санааг тусгажээ. Тиймээс зах зээлийн үнээс өндөр ханшаар улаанбуудай авах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг нягтлах шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзлээ.

Д.Лүндээжанцан: Уялдаа холбоо, нэгдмэл байдалд онцгойлон анхаарсан

МАН-ын бүлгээр хэлэлцсэн удаах асуудал бол Мөрдөх албаны тухай хуулийн төсөл байлаа. Энэ төслийг бүлэг гурав дахь удаагаа хэлэлцэж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Өнөөдөр Монгол Улсад мөрдөх, гүйцэтгэх чиглэлийн найм дахь байгууллага шинээр байгуулагдахаар төсөл нь орж ирж байна. Ийм учраас асуудалд тун хянуур хандах шаардлага зүй ёсоор гарч байна. Энэ хуулийн төсөл нь олон хуультай холбогдож байгаа учраас Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуультай зөрчилдөж магадгүй. Мөрдөх, гүйцэтгэх чиглэлээр нэгдмэл бодлоготой байгууллага байгуулах шаардлагатай байна" гэж хэллээ. Тиймээс Мөрдөх албаны тухай хуулийн төслийг Гэмт хэргийн тухай, Хууль сахиулах байгууллагын тухай хуулийн төсөлтэй уялдуулах, нэгдмэл байлгахад онцгойлон анхаарах ёстой гэж үзлээ. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дээр асуудлыг тал талаас нь хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрсний дараа хэлэлцэх юм байна.