Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах тухай асуудал өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд болсон онцлох үйл явдал байсан гэж хэлж болно.

Ямартай ч УИХ-ын гишүүд олонхиороо тэднийг авч үлдэхээр шийдээд буй. Төрийн ордонд байдал ийм байгаа бол Сангийн яам хавиар “Ч.Улаан сайдыг огцруулах нь зөв юм байна” гэсэн саналыг дэмжиж буй хүмүүс өдөр бүр “эргэлдэж” байгаа ажээ. Тэдгээр хүмүүс нь энэ онд тендер авч, Засгийн газрын захиалгаар барилга, дэд бүтцийн ажил хийж гүйцэтгэсэн компаниудын удирдлагууд аж.

Сангийн сайд Ч.Улааны хувьд төсвийн орлогыг тасалдуулсан гэдгээ өнгөрсөн долоо хоногт намын бүлгийнхээ хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Харин одоо төсөвт байгаа багахан хэмжээний мөнгөө зайлшгүй хэрэгтэй зүйлд нь зарцуулахын тулд Засгийн газрын захиалгаар ажил гүйцэтгэсэн компаниудын санхүүжилтыг өгөхгүй “гацааж” байгаа аж.

Уг нь Засгийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, яамд энэ жил барилга, дэд бүтцийн ажил хийж гүйцэтгэсэн компаниудтай анх гэрээ байгуулахдаа “Энэ жил барилгын ажил нь дуусах ажлуудын санхүүжилтийг 100 хувь хийнэ. Он дамжсан барилга, дэд бүтцийн ажлуудын санхүүжилтыг хийхдээ 2013 онд 30 хувийг нь, 70 хувийг нь 2014 онд өгнө” гэдэг асуудлыг ярилцаж тохирчээ. Төсвийн тухай хуульд ч ингэж тулгасан байгаа юм.

Сангийн сайд Ч.Улааны хувьд энэ онд гүйцэтгэл нь дууссан ажлуудын санхүүжилтыг энэ сард багтаан олгоно гэдгээ хоёр долоо хоногийн өмнө хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэлсэн.

Мөн энэ үеэр он дамжсан ажлуудын санхүүжилтийг энэ онд өгөх боломжгүй байгаа талаар ч дурьдаж байсан билээ. Чамгүй олон компани одоо санхүүжилтээ авч чадахгүй Сангийн яамны үүдийг сахиж байгаа нь ийм учиртай юм байна. Тендерийн ажил гүйцэтгэсэн компаниудын хувьд нийт санхүүжилтийнхээ 30 хувийг хуулийн дагуу энэ оны сүүлээр авна гээд арилжааны банкуудаас их хэмжээний зээл авч ажлаа хугацаанд нь гүйцэтгэсэн гэдгээ хэлж байгаа аж.

Мөн одоо зээлээ төлөхөөр төлөвлөсөн хугацаа нь болчихоод байхад улсын төсвөөс санхүүжилт олгохгүй, татварын байгууллагаас өр нэхэж эдийн засгийн байдал нь хүндэрч байгаа талаар Сангийн яамны газрын дарга нарт учирлаж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа санхүүжилтийг хуулийн хугацаанд авмаар байна гэсэн шаардлагыг ч тавьж байгаа гэнэ.

Харин Сангийн яамныхан тэдгээр компанийн удирдлагуудад “Засгийн газар 2013 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр энэ асуудлаар протокол үйлдсэн. Уг протоколд он дамжсан ажлуудын санхүүжилтийг ирэх онд олгох талаар дурьдсан” гэсэн тайлбар өгдөг байна. Гэхдээ тус яамны зарим албан тушаалтан Засгийн газрын хуралдаанаар ийм шийдвэр гаргаж, түүгээрээ түрээ барин санхүүжилт олгохгүй байгаа нь хууль бус гэсэн байр суурийг илэрхийлж байгаа бололтой.

Тэр ч бүү хэл “Хэрэв санхүүжилтийг нь олгохгүй байвал шүүхэд хандах арга зам л бий” гэсэн зөвлөгөө өгсөн гэдэг мэдээллийг мөнгөө авч чадахгүй байгаа зарим компанийн удирдлага өгч байна. Санхүүжилтээ авахаар хөөцөлдөж буй зарим компанийн удирдлагуудтай уулзахад “Бид гэрээнийхээ хүрээнд ажлаа хийж гүйцэтгэсэн.

Ямар ч байсан улсын ажлыг хойш татаагүй. Харин энэ онд хийж гүйцэтгэх ажлаа дуусгаад мөнгөө авах болоход Засгийн газар огт өөр зүйл яриад эхэлсэн. Хэрвээ бид он дамжсан ажлуудын эхний ээлжийн санхүүжилт болох 30 хувийг энэ онд олгохгүй гэдгийг эртнээс мэдэж байсан асуудал арай өөр байх байсан. Гэтэл арилжааны банкнаас зээл аваад ажлаа гүйцэтгэчихсэн, гүйцэтгэл нь бараг дуусчихсан байхад “Санхүүжилт олгоно” гэж байснаа, одоо болохоор “Арваннэгдүгээр сарын 23-нд хуралдаад мөнгө өгөхөөргүй боллоо” гэж болохгүй” гэж байлаа.

Ямартай ч одоо санхүүжилтээ огт авч чадахгүй байгаа 200 орчим компани байгаа аж. Тэдгээр компаниудын санхүүжилтыг олгоход улсын төсвөөс 700 тэрбум төгрөг шаардлагатай боловч ийм хэмжээний мөнгө улсын төсөвт байхгүй гэдгийг Төсвийн байнгын хороо болон Сангийн яамны зүгээс хэлж байгаа юм. Нэг талаас мөнгө байхгүй.

Нөгөө талаас улсын төсвийн алдагдал хуульд заасан хоёр хувиасаа хэтрэх гээд байгаа нь санхүүжилт хийхгүй байгаагийн нэгэн гол шалтгаан аж. Сангийн сайд Ч.Улаан ч “Төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй байх нь Сангийн сайдын үүрэг. Тиймээс энэ онд мөнгөө авах ёстой 200 гаруй компанийн асуудлыг хойш тавьж байгаа” гэж хэлж байсан удаатай. Нэг ёсондоо төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлбэл Засгийн газар огцорно гэсэн хуулийн заалт байгаа нь ийм байдалд хүргэжээ.