Дуучин Дээгий бодол ухаан, ур чадвар тэгширсэн, эр хүний ид оргил 40 насаа угтаж тоглолтоо хийхээр болжээ. Дуучин Т.Дэлгэрмөрөн унасан газар, угаасан ус, уугуул нутгийнхаа “брэнд”-ээр нэрлэсэн Дэлгэрмөрөн нэртэй Хөвсгөл нутгийн хүү. Тиймээс “Хоймор нутгийн хийморь” нэртэй цомгоо гаргасан. Хоймор нутгийн хийморь дуучин хүүгээ ивээж, хотол монголчууд нь хайртай дуучныхаа тоглолтыг “хормой дэвсэн” үзэх нь мэдээж.

Бүүвэйн дуу бол эмэгтэйчүүдийн л дуулах дуу “бүү ай” гэж ээжүүд л нялх үрээ бүүвэйлдэг. Ардын дуу гэж андуурагддаг “Бүүвэйн дуу”-г Ардын авъяастан Халзай гуай зохиосон. Харин эрчүүдээс зориглож дуулсан уран бүтээлч нь Т.Дэлгэрмөрөн. Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Цоодолын Хулан хоёр хөтөлдөг МҮОНТ-ээр нэвтрүүлсэн дууны нэвтрүүлэгт Т.Дэлгэрмөрөнгийн дуулсан “Бүүвэйн дуу” -г Дээгий бол арай өөр, дотортой, мэдрэмжтэй, сэтгэлээрээ дуулдаг дуучин болох”-ыг онцгойлон тодорхойлж хэлсэн байдаг.

Гайхалтай уяхан хоолойтой Дарханы Энхбат гэж алдаршсан дуучны амилуулсан “Уянга цагаан хуруу” дууг олон дуучин дуулсан. Харин нэгэн телевизийн төсөлд Т.Дэлгэрмөрөнг сонгон дуулуулж, тэр нь үзэгч олонд хүрсэн нь ямар торгон хоолойтой, нарийн мэдрэмжтэй дуучин болохыг харуулсан.

Хэн дуртай нь дуулдаггүй “Чандмань Эрдэнэ” дууг ч дуулж, ямархуу хэмжээний дуучин болохоо харуулсан. Давтагдашгүй, дуундаа чин сэтгэлээсээ ордог, дотоод хүч сайтай, мэдрэмжтэй дуучин энэ дуунуудаа Монгол түмэнтэйгээ хамтдаа дуулах тэр өдөр 11 дүгээр сарын 16,17-ны өдөр. Бөхийн өргөөнд тоглох тоглолт үзэгчдийн зүрх сэтгэлд хүрээд тогтохгүй, тэнгэрт байгаа ээжид нь, ханьд нь хүрнэ ээ.

Тоглолтон дээр уулзая.Таныг хүндэтгэсэн Т.Дэлгэрмөрөн.